Гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувийн уналттай гарсан тухай төв банк албан ёсны сайтдаа мэдээлжээ. Цагийн сайханд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4-5 тэрбум эргэлдэж байсан тэр үетэй харьцуулбал Монголд мөнгө орж ирэхээ больсон гэсэн үг юм. Эрдэс баялаг, ноос ноолуур гэх цөөхөн бүтээгдэхүүн экспортод гаргаж, ихэнхийг нь импортоор авдаг манай улсын гадаад валютын нөөц дундарч 1.6 тэрбум долларт хүрээд буй гэх таагүй мэдээлэл бий. Үндэсний үйлдвэрлэлийг сэргээж, гадагшлах долларыг урсгалыг дотоодоо шингээх оролдлогыг Засгийн газраас хийж буй ч, угаасаа хөрөнгө мөнгө муутай ядуу, буурай улсын хувьд ядаж л үйлдвэрлэл эрхлэх мөнгөтэй болохын тулд гадаадын баячуудтай хамтрахаас өөр зам үгүй.
Монгол Улс газрын доорх эрдэс баялгийн арвин нөөцтэй, үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэл, шаардлага ч багагүй. Хөрөнгө оруулагчдын хувьд ихэнх нь ашигт малтмалын салбарт голлон хөрөнгө оруулах сонирхолтой байдаг нь статистикийн судалгаанд өгүүлсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь уул уурхайн салбарт хийгджээ гэх мэдээнээс харж болно.
Гэвч хэдхэн жилийн өмнө Монголд хөрөнгө оруулахыг чухалчилж, эрдэс баялгийн маань төлөө “нүдээ ухаад өгөх”-өөс буцахгүй шунамхайрч байсан гадныхан бодлоо өөрчилж, бидэнтэй түншлэхээс бэргэх болоод удаж байна. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудалд гацаанд орсноор уул уурхайг түшиглэн амь зогоодог Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ ч буурлаа. Доллар хоёр мянгад хүрэх нь хэмээн бахирах болсон монголчууд угаасаа л ховордсон барааны үнэ өсдөг бизнесийн бичигдээгүй хууль бийг ядахнаа ойлгож байгаа байлгүй.
Саяхан л монголчуудыг царайчилж суусан хөрөнгө оруулагчид өнөөдөр урин залаад, өдөж хоргоогоод ч ирэхгүй байгаа шалтгаан нь юу вэ. Эдийн засгийн хямрал хэмээн дээр дооргүй хашгиралдаж, асуудлын гол нь доллар орж ирэхгүйд байна хэмээн том онол дэвшүүлээд сууж байгаа атлаа тэрхүү хүсэмжлээд байгаа доллар нь яагаад биднийг тойроод байна вэ гэдгээ юуны өмнө бодолцох хэрэгтэй болох нь.
Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа энэ жилийн “Дисковер Монголиа”-д хөрөнгө оруулагчид ирэхгүй нь бололтой хэмээн тааруухан мэдээ дуулгаж байна. Аргагүй шүү дээ, улстөрчид нь нэгдмэл бус, эрх мэдлийн төлөө эдийн засгаа ч золиослохоос сийхгүй, улстөрийн бодлого, хууль тогтоомж нь богинохон, хүссэн үедээ хөнжилдөө хуулиа засчихдаг монголчуудтай хэн хамтарч, хөрөнгө мөнгөөрөө хохироод үлдэх вэ гэж. Адаглаад бидний олонх хөрөнгө оруулагчдад харшилтай, эх оронч, иргэний хөдөлгөөн гэсэн гоё нэрийн дор мөнгө нэхэж, буу шагайж айлгаж ичээгээд байхаар амиа бодохоос яалтай билээ, тэд чинь. Дэлхий дээр ганцхан Монгол Улс баялагтай биш.
Ядаж л хэлсэн ярьсандаа хүрдэг, хийсэн гэрээндээ үнэнч байсан бол өөр байхсан. Даанч сав л хийвэл гэрээгээ өөрчилнө, цуцлана гэж байнгын дарамт үзүүлэх монголчуудтай итгэлцэж, наймаалцах тэнэг бизнесмен байх уу ер нь. Тэглээ гээд тэд алдахгүй, бид хохирох үнэн. Тэгэхээр чухамдаа бол гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 байтугай хувиар унах нь зөв.
Гадаадын хөрөнгө оруулалт унасаар байгаа нэг шалтгааныг Оюутолгойн асуудал хэмээн эдийн засагчид тодорхойлж байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж, хувь нийлүүлэгчид хэл амаа яаж ололцох нь вэ гэдгийг олон хөрөнгө оруулагч хүлээлтийн байдалтай харж суугаа нь ойлгомжтой. Нэмэр дээр нэрмээс гэгчээр улстөрчдийнх нь талцал, хэрүүл, эрх мэдлийн төлөөх тэмцэлийг яая даа гэж байхад иргэний хөдөлгөөнүүд нь бас юучив дээ гэмээр.
Уржигдархан зурагт үзээд сууж байтал УИХ-ын дэд дарга Л.Цог их сонин мэдээлэл хийж байгаа харагдав. ““Цагаан суварга”-ын ордыг МАК компанид өгөх ёсгүй, Монголын төр мэдэлдээ аваад иргэддээ ижил хэмжээний хувь амсуулах ёстой хэмээн байр сууриа хэвлэлийнхэнд илэрхийлж байгаа” гишүүнд чөлөөт эдийн засгийн тухай наад ойлголт алга. Төр бүгдийг “халаасандаа” хийлээ гээд өнгөрсөн жилүүдэд юу өөрчлөгдөв. Дахин нэг Тавантолгой,Оюутолгой шиг асуудал үүсч, өөх ч биш, булчирхай ч биш болох нь гарцаагүй . Эх орончид энэнийг хүсээгүй бол эдийн засгаа улдан чангааж, унаган баясахаа боль. Байсхийгээд л хөрөнгө оруулагчдаас мөнгө нэхэж, буу шийдэм агсдаг манай иргэний хөдөлгөөнийхний эх оронч үзэл эцсийн эцэст эдийн засгийн хямрал илэрч, энгийн иргэдийн амьдралд том дарамт учруулж байна.
Бид хөрөнгө оруулагчдаа хөөлөө гээд сай зүйл болохгүй нь лав. Өөр нэг ухаантай улсууд үүдээ нээгээд тэднийг хүлээж байгаа шүү дээ. Хөрөнгө мөнгөтэй хүмүүст дургүй монголчуудын хоосон итгэл үнэмшил, хуурамч эх оронч үзлээс болоод харамсалтай нь, өнөөдөр хөрөнгө оруулагчдаа хөөсөн Монгол Улс мөнгө яаж олох вэ дээр дооргүй сандралдаж байна. Эх орончид нь олширч, үйлдвэрлэл эрхлэгчид нь цөөрсөн Монголын эдийн засаг ингэж хямрах нь ч зүйн хэрэг. Төмөр замаа тавъя, нүүрсээ зөөе, мөнгөтэй больё гэхээр цээжээ дэлдээд агсам тавиад эхэлдэг эх орончид, популистууд, эрлийз хурлийзуудыг үзэн ядагсад нь тэгээд эдийн засагтаа мөнгө олоод ирэх нь тэгээд хаана байна аа.
Ж.НЯМСҮРЭН