VIPerson булангийн маань шинэ зочин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Ринчиннямын Амаржаргалын талаар энд илүүц танилцуулга тоочих хэрэггүй юм.Учир нь тэр энэ цагийн улс төр дэх хамгийн содон, хамгийн тодорхой нэгэн билээ.
-Төрийн их баяр наадам болж өнгөрлөө. Төрийн түшээ хүнтэй уулзаж байгаагийнх энэ сэдвээр яриагаа эхлэе. Наадам бол монголчуудын их удаан ярьцгаадаг сэдэв. Баяр хөөрийн сэтгэгдлүүд жаахан буурч, хөөс нь дарагдсаны дараа хүмүүс нухацтай дүгнэлтүүд өгч эхэлдэг. Тэдгээр дотроос бөхийн барилдаан тойрсон сэтгэгдлүүд илүү онцгой. За, даа шөвгийн наймаас доош бол үзэх юм багатай болж дээ. Хэдэн үеийн турш үнэн хүчийг үзэж, олныг цэнгүүлж авдаг цолыг тогтоол шийдвэрээр авдаг ч болж. Үүнийг нь дагаад олон түмний доторх жалга довны үзэл дэврэв үү дээ гэх шүүмжлэлүүд нэлээд яригдаж байна. Энэ талаар таны бодол ямар байна.
-Ер нь миний нэг баримталдаг зарчим байдаг. Мэддэг юмаа л ярь гэж. Мэдэхгүй юмаа яриад хэрэг байхгүй.Наадам тойрсон, наадамтай холбоотой асуудлуудын хувьд би илүү хэрэглэгч талаасаа, үзэгч талаасаа хандаж байгаа юм л даа.
Би л хувьдаа өмнө нь бөхийн цолыг барилдаж л авдаг гэж ойлгож байсан. Одоо УИХ-аас хууль батлуулаад цол авдаг болчихлоо. Үнэнийг хэлэхэд надад энэ явдал огт таалагдаагүй. Тийм учраас тэр асуудлыг хэлэлцэж байхад нь би хуралд ороогүй. За, энэ явдлыг би мэдэхгүй юм байнаа гээд. (инээв) Нарийн ширийн юм байдаг байлгүй дээ. Миний хувьд мэдэхгүй сэдэв. Гэхдээ ямар ч байсан намайг бага байхад Төрийн их баяр наадамд дөрөв түрүүлж байж л дархан аварга цол авдаг байсан. Одоо тогтоол гаргаад л авдаг болчихсон юм байлгүй дээ. Наадам бол Төрийн ёслолын шинж чанартай арга хэмжээнүүд зонхилдог ийм баяр л даа. Тэрэнд би заавал оролцох ёстой л бол оролцдог. Бусад тохиолдолд аль болох Улаанбаатарын энэ их хөл хөлхөлдөөн, чимээ шуугианаас холхон байхыг боддог. Сүүлийн 13 жил Багануурын цаахан талд, Хэрлэнгийн хөвөөн дээр очоод л хэвтчихдэг болсон. Миний наадам бол үндсэндээ 10-ны өдөр л дуусчихдаг юм. Морины уяагаар явж ганц нэг айлаар бууж айраг ууна, наадмынхаа гурван ширхэг хуушуурыг олж иднэ. Тэгээд л оройдоо гараад явчихдаг. Хэрлэнгийн эрэг дээрээ очно. Нэг жижиг телевизортой. Тэрийгээ хараад л хэвтчихнэ.
-Та олны дунд тачигнатал инээлгээд, инээгээд явахгүй ч их шогч хүн л дээ. Таны дотор илүү марзан гаргалгаа байж л байгаа. Би хувьдаа УИХ-ын нэг гишүүн дараагийн улс төрөө бодсон уу, нутаг усаа бодсон уу нэг зальтай зарлиг хөөцөлдөж байгаад гаргуулчихсан чинь тэрнээс ч илүү ухаантай нэг айхтар бөх илүү хорон мэх хийгээд бүгдийг нь шоконд оруулчихлаа л гэж харсан.
-(инээв) Би бөхийн барилдаан үзсэн л дээ. Нэгийн даваанаасаа эхлээд бараг дуустлаа нэлээн бохирдуу л явагдсан. Бөхийн барилдаан, наадам гэхээсээ илүү зодоон нүдээн ч юм шиг. Зөвшөөрөгдсөн зөвшөөрөгдөөгүй төрөл бүрийн мэх хэрэглэсэн, их тийм ёс заншилгүй зүйл л болсон. Энэ бүхэн өөрөө монгол бөхийг чимэж байгаа зүйлс биш л дээ. Ер нь монгол бөхийн ертөнц өөрөө дотооддоо өөрийн гэсэн дэг жаягтай, хорио цээртэй. Энэ бүх зүйл үгүй болчихвол харамсалтай л юм.
-Баянмөнх аварга 60 насныхаа найран дээр найрын ууцаа Халтмаа гуайгаар хөндүүлээд, “Би энэ сайхан хүний мөрийг түшиж 40 жил Төрийнхөө их баяр наадамд зодоглосон. Тийм учраас түүнд би тусгайлан хүндэтгэл үзүүлэх ёстой юм аа” гэж хэлж байж билээ. Саяны наадам дээр нэг бөх Сэрээтэр гуайг шууд л гар зангидаад цохичхож байхыг харах харамсалтай л харагдсан.
-Харин тэгсэн байна. Энэ бол маш бүдүүлэг явдал. Эрийн гурван наадам, бөх энэ бүгд чинь өөрөө монголын уламжлал, соёл, философийг тээж яваа зүйл юм шүү дээ. Тэр том философи, тэр том соёлыг арилжааны хэрэгсэл болгож буруу даялуулж баахан яваад, тэр нь сүүлдээ хэтрээд энэ бүх завхралруу оруулчхав уу гэж бодож байна. Бай шагналаасаа эхлээд л бүр хачин хөөрөгдөл болоод явчих шиг боллоо. Сүүлдээ хоорондоо хэн нь юу өгч байна, хаанах нь яаж байлж байна, тэрнээс нь заавал илүү гарах юм шүү гэсэн сонин уралдаан маягийн зүйл болоод ч явчих шиг. Олон ч газар ой тэмдэглэж байна. Тэр их урсгаж байгаа мөнгөөр ядаж нэг сумын цэцэрлэг, сургуулийг засаад өгчхөж байгаа бол арай ондоо зүйл болноо доо.
-Манай УИХ-ын гишүүд ч баян юм аа. 100 гаруй сая төгрөгийн үнэтэй машиныг нэг бөхөд сэтгэл нь хөдлөнгүүтээ шууд бэлэглэчхэж байна шүү дээ.
-Бас энэ дээр туйлшраад байж болохгүй. Яахав тэгш тоотой ойнуудыг тэмдэглэж болноо. 90 жилийн ой гээд л хийцгээж байна шүү дээ. 90 жил гэдэг бол асар том хугацаа. Энэ хугацаанд бид юу хийж бүтээв. Энэ амжилтад хүрэхэд ямар ямар хүчин зүйлс нөлөөлөв, ямар ямар хүмүүс үүрэг гүйцэтгэв гэдгээ ярьж хэлэлцэж, дүгнэж цэгнэж байгаа бол нэг өөр. Үүнийхээ оронд зугаа цэнгэлээ түрүүнд нь тавьчхаад байна л даа.
-Гэхдээ эдийн засгийн хувьд энэ олон ой руу төсвөөс урсаж байгаа мөнгөний багцаа ер нь юу болж байгаа бол?
-Аймаг болгон өөрсдөө төсөв гаргаад явж байгаа. За Засгийн газраас нэгдсэн журмаар тэр зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг нь хийж өгч байгаа. Дээрээс нь нутгийн зөвлөлүүд мөнгө цуглуулаад явахаар миний харж байгаагаар ер нь бол тэрбум төгрөгөөс доош төсөвт багтаж байгаа ой байхгүй. Ингээд л бод доо.
-Та ярилцлага эхлэхийн өмнө ер нь хамгийн гоё наадам бол сумын наадам л юм даа гэж хэлсэн. Та ямар сумын наадамд очив?
-Би Булганы Бугат суманд очсон. Амрах гээд найз нартайгаа явж байтал яг сумын наадам таарсан. Тэгээд яаж зүгээр байхав бас наадмаар нь орсон. Сум орны удирдлагууд бас хүндэтгэл үзүүлээд асартаа урьж байна. Бугат үнэхээр гайхалтай сайхан байгальтай нутаг юм. Наадмаа их сайхан хийцгээж байна. Бүх юмыг ойроос харж мэдрэх талаасаа бол хамгийн гоё нь сумын наадам. Булган аймгийн Бугат сумын өөрийнх нь түүх их сонин. Үнэхээр л алдартай, сайхан хүмүүс олноороо төрж гарсан нутаг юм. Чин Ван Ханддоржийн төрсөн нутаг юм байна. Г.Амар сайдын төрсөн нутаг юм байна. Орчин цагийн хүмүүсээс гэвэл найруулагч Л.Эрдэнэбулган гуай, Д.Урианхай зохиолч, алдарт дуучин Х.Уртнасан гуай гээд яах аргагүй л Монголын супер одууд биз дээ. Тэр агуу том хүмүүс зүгээр суугаад байвал байх шүү дээ. Гэтэл бүгдээрээ тэндээ оччихсон зүтгэж байгаа юм. Х.Уртнасан гуай концертыг нь босгох гээд өөрөө дунд нь орчихсон л байна. Тэр үеийн хүмүүсийн ажлаас цэрвэдэггүй, нутаг орноо гэсэн сайхан чанар харагдаж байгаа байхгүй юу. Үнэхээр бахархмаар. Тэр мундаг хүмүүсийн оролцоо өөрөө сумын наадмын өнгө аясыг улам өөр болгочихдог юм байна л даа. Энэ бүхнийг харах надад өвөрмөц, бас сайхан санагдаж байлаа. Өөр нэг чухал зүйл гэвэл Г. Амар сайдын мэндэлсний 130 жилийн ой 2016 онд болох юм байна. Тэр ажлын хүрээнд Булганы нөхдүүд санаачилга гаргаад явж байна. Миний мэдэхээр Л.Эрдэнэбулган гуай их идэвх зүтгэл гаргаад хөөцөлдөж байгаа. Г.Амар сайд чинь өөрөө тухайн цаг үедээ маш мундаг сэхээтэн байсан. Монголын түүх гэдэг номыг Г.Амар гуай бичсэн. Үндсэндээ тэр түүхийн уншилтаар л сүүлийн үеийн Монголын түүх бичигдээд явж байгаа гэхэд хилсдэхгүй. Үндэсний сэхээтнүүдийг , чадвартай боловсон хүчин бэлтгэхэд энэ хүний хийсэн зүйл үнэхээр их л дээ. Герман руу сургахаар явуулсан нөгөө анхны хэдийг гэхэд Г.Амар гуай явуулж байсан байх жишээтэй. Д.Нацагдорж гуай эд нарыг. Монгол улсын Ерөнхий сайд байсан. Тэр хүний тухай үнэхээр ихийг ярьж болно. Тэгээд л хөөрхий нөгөө айхтар хэлмэгдлийн шуурганаар Орос руу баривчилж аваачаад л 1941 онд цаазалсан. Энэ үеийн түүхэн хүмүүсээ монголчууд санаж явах ёстой. Цөөхөн хүн бий шүү дээ. Тэдний доторх нэгэн онцгой хүн нь яах аргагүй Г.Амар сайд. Энэ хүний ойд эрхбиш төр засаг анхаарлаа хандуулах байх . Чадлынхаа хэрээр хөөцөлдөнө гэж бодож байна. Танай сониноор дамжуулаад энэ талаар сонирхож байгаа, дэмжиж туслахыг хүсч байгаа хүмүүс байвал хандаарай гэж уриалж байна.
-Одоо дараагийн сэдэв рүү оръё. Удахгүй ээлжит бус чуулган хуралдана. Энэ чуулганаар сөрөг хүчнийхэн нэлээд асуудлууд гаргаж тавих болов уу. Бас хоёр хөршийн удирдагчид манайд айлчилна. Хятадын удирдагчийг ирэх үеэр хүндэтгэлийн чуулган бас болно?
-Би ээлжит бус чуулган болно гэдэгт их эргэлзэж байна. Хүндэтгэлийн чуулган бол өөр зүйл. Шаардлагатай үед болоод л явдаг зүйл. Харин ээлжит бус чуулган болоод цаг үеийн асуудлуудаа хэлэлцэж, асуудлуудаа цэгцэлнэ гэдэгт би эргэлзэж байна. Ер нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, улс төрийн хүчнүүдийн харьцаа, энэ байгаа байдлуудыг харахад ээлжит бус чуулган болох магадлал их бага. Тийм учраас нэг их хүлээх хэрэггүй байх. 10 сар хүртэл таг байцгаах болов уу л гэж бодож байна.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногоо дүгнэх цэгнэхээ яах юм бол?
-Тэр яах вэ дээ. Болоод л өнгөрнө биз. (инээв) Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэгчийг анх санаачилж, Засгийн газарт “худалдсан” хүн бол ер нь Засгийн газрыг дээд зэргээр хорлоё гэсэн хүн л байсан байх. Нөгөөдүүл нь ч ямар дуртай юм. Тэрийг нь хүлээж аваад л. (инээв) Аа, ер нь 100 хоногийн дотор эргүүлчихнэ, хөгжүүлчихнэ гээд шуугдаг нь ч юу юм. Эцсийн дүндээ энэ бол нийгмээрээ тоглож байгаа ээлжит нэг хэлбэр шүү дээ. Асар их хэмжээний хүлээлт үүсгээд л, тэр хүлээлт нь ямар ч үр дүнгүй.
-Эргээд л бас нэг цохилт, сэтгэл гутрал нийгэм рүү ирнэ.
-Тэгнэ шүү дээ. Ер нь манай энэ дарга нар сүүлийн үед бодлогогүй, яарч сандарсан, тэвдсэн шоу маягийн юм их хийгээд байна. Нэг бол 100 хоног гэж гаргаж ирээд л, нэг бол ухаалаг төр гээд л. Янз янзын хий гаргасан, шоу маягийн юмнууд сэтгэдэг. Энэ нь хэтрээд байх шиг байна л даа.
-Технологижсон, илүү ухаалагжиж буй массыг урьдынхаараа гэнэн цайлган, дээр нь юу ч өрж тоглож болно гэж хараад байх юм. Үнэхээр дээр байгаа нөхдүүдэд тэгж л харагдаад байдаг юм болов уу?
-Үнэн. Нэгдүгээрт, ард түмэн ямар байна яг тийм засаг байна гэдэг. Ямар засаг байна, яг тийм хууль байгаа. Ямар хууль байна яг тийм амьдрал л байгаа. Тэгэхээр нэг их гайхаад байх юм байхгүй. Өнөөдөр бид нар ямархуу янзтай амьдарч байна. Энэ бидний өөрсдийн л хийсэн сонголт. Бид хэрэв өнгө мөнгөнд хууртагдсан бол тэрнийхээ л горыг эдэлж байгаа. Бид хоосон амладаг улсуудыг дэмжээд гаргаад ирсэн бол тэрэнтэйгээ л байж байгаа. Популизмд дуртай, чихэндээ таалагдсан үгийг л сонсоод, таалагдаагүй юмнаасаа хол байя гэж хүсдэг бол тэрүүгээрээ л байж байгаа.
Манай УИХ бол үндсэндээ тийм л хандлагуудын үр дүн. Товчхондоо манай нийгмийн өөрийнх нь тусгал энэ их хурал шүү дээ. Хоёрдугаарт, угаасаа өөрийн чинь хэлж байгаа санаа л даа. Ардын ч үг байдаг. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Болж байгаа үйл явдлуудыг харж байхад маш тод харагдаж байгаа. Бүгд л нэг тийм суудлаа олж өгөхгүй байна. Суудлаа олохгүй болохоор доороо гүйдлээ олохгүй. Хэн нь ямар асуудал хариуцаж байгаа юм. Юу хийж байгаа юм. Ердөө бүү мэд. Ажлаа хийгээд байгаа ч юм уу. Эсвэл хүний ажлыг барьж авч гүйгээд байгаа ч юм уу. Товчхондоо бүү мэд.
-Саяхан та блогтоо хууль баталж байгаа байдлыг өөрчлөх тухай бичсэн. Сэтгүүлчдийн түвшинд бол энэ сэдвээр багагүй дуугарсан гэж би боддог. Сөрөг хүчин нэг хэсэг барьж гүйж байгаад хаячихна лээ. Бас жаахан хариуцлагагүй сөрөг хүчин байгаа шүү дээ. Та дөрвөн тодорхой шүүмжлэл хэлсэн. Үүнийг цаашаа задарч олон уншигчдад хүрэх ёстой гэж үзэж байна. Бидний амьдралыг хашиж явах хууль маань өнөөдөр ямар нөхцөлд, ямар үе шаттай батлагдаад байна вэ гэдгийг олон түмэн мэдэх эрхтэй. Хамгийн эхэнд та дурджээ. Хэлэлцэж байгаа асуудлаа мэддэг нь ховор гэж. Энэ үнэхээр дэндүү ичмээр явдал биш үү?
-(инээв) Ер нь мэддэг юмаа л ярих хэрэгтэй шүү дээ. Би санадаг юм. Тэр жил манай УИХ-аар эмийн тухай нэг хууль орсон. Тэр дундаа наркотик агууламжтай эмийн тухай асуудал орж ирэхгүй юу. Тэгээд л хэлэлцүүлэг өрнөөд л явчихлаа. Асуулт тавиад л үг хэлэх болсон чинь танхимд сууж байсан гишүүд бүгд кнопоо дарчихдаг юм. Тэгээд бүгд үг хэлээд байгаа байхгүй юу. Би их гайхсан. Бүгдээрээ л энэ асуудлаар ийм их мэдлэгтэй юм байхдаа гэж. Үнэн хэрэгтээ ганц гадарлаж байгаа хүн нь тухайн үедээ Эрүүл мэндийн сайд байсан Ламбаа гуай л байхгүй юу. Бусад нь бол тэр тухай юу ч байхгүй. Тэгсэн мөртлөө л бүгд ярьдаг. (инээв) Би бол иймэрхүү юмнаас аль болох хол байя гэж боддог. Хэрвээ би мэдэхгүй л бол шүү дээ. Намайг одоо тийм эмийн тухай яриад унавал хүн амьтан гайхна биз дээ. Эдийн засаг дээрээ ганц хоёр юм ярьдаг юм байгаа биз. Гадаад харилцаан дээрээ ганц хоёр юм хэлдэг юм байгаа биз. Боловсролын тухай асуудлууд дээр магадгүй юм. Түүнээс биш эмийн тухай, тэр дундаа тийм янз бүрийн бодистой нарийн ширийн эм яриад унавал бас л сонин явдал биз дээ. (инээв) Энэ нөгөө байраа олно гэдэг асуудал чинь юм л даа. Энэ хууль тогтоох үйл ажиллагаа маань өөрөө ямар үе шаттай явах ёстой юм бэ. Хам хум ингээд явах юм бол нэг үр дүн гарч ирнэ. Цэгцтэй, замбараатай, маш няхуур, буурьтай суурьтай явах юм бол арай өөр дүн гарна биз дээ. Анх УИХ байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байхад үндсэндээ хэлэлцэж байгаа хуулийн заалт болгоноор ярьдаг байсан юм. Энэ хугацаа шаарддаг байсан уу гэвэл байсан. Нэлээн их сунжирдаг. Гэхдээ секундэд 3000 метрийн хүчтэй салхи даах хэмжээний хууль батлагдаж байлаа шүү дээ. Өнөөдөр бол хагас өдрийн дотор 10 хууль батлагдчихаад тэр нь маргааш нь буруудаад, долоо хонохгүй буцаагаад орж ирж байгаа хууль байна шүү дээ.
-Хууль бичнэ гэдэг өөрөө тусдаа технологи.
-Мэдээж.
-Яг хууль бичдэг гишүүд гээд аваад үзэхэд цөөхөн шүү дээ. Та бас өглөө сэдээд үдээс хойш батлуулдаг шахам байна гэж бичсэн байсан. Энэ үнэндээ гэмт хэрэг биз дээ.
-Харин оромдож л байгаа хэрэг шүү дээ. Хамгийн гол нь энийгээ зөвшөөрөөд, хуульчлаад яваад байгаа нь эмгэнэлтэй байна. Хариуцлага гэдэг зүйлийг би сүүлийн хэдэн жил ярьж байна даа. Ердөө л энэ. Эрх барьж байгаа улс төрийн хүчин хариуцлагаа ойлгох ёстой юм аа. Хууль оруулж, батлуулж байгаа энэ бүх зах замбараагүй байдлаа харах, бодох ёстой шүү дээ. Гэтэл тийм юм үнэхээр байхгүй байна. Бас нэг чухал санаа нь бол мэддэг чаддаг бусад хүмүүсийг татан оролцуулах шүү дээ. Тухайн тухайн асуудал дээр мэргэшсэн хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүсийнх нь дуу хоолойг нэлээн сүрхий сонсч явах ёстой байдаг. Энэ бүр байхгүй.
-Зарим гишүүд нь ч яахав гаднаас бичсэн хууль худалдаж аваад оруулж ирдэг.
-Ийм асуудал байгаа. Гэхдээ энэ тийм ойлгомжгүй зүйл биш. Төр өөрөө УИХ-аараа дамжуулж хуулиа гаргаж байгаа. Тэгэхээр хаанаас, хэнээс яаж ч орж ирсэн байлаа гэсэн тэр орж ирж байгаа хуулийг хэлэлцээд гаргадаг тэр механизм, тэр шүүлтүүр өөрөө маш чамбай байхгүй бол болохгүй шүү дээ.
-Бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль гаргадаг гэж та шүүмжилсэн байна. Энэ явдал нэг үе хэмжээ хязгаараа алдаж байсан. Одоо бас сэргэж байна гэж үү?
-Би энэ батлуулж байгаа хуулиудыг дотроо хараад л суудаг юм. За, энэ ийм л замаар орж ирж байгаа хууль байна даа гээд. Сая бид хоёр бөхийн тухай нэг асуудал ярилаа даа. Жаахан ухаад үзэх юм бол юу ч гараад ирэх юм билээ.(инээв) Тэгэхээр хоёулаа ингээд л зогсчихъё, яршиг.
-Асуухгүй, ярихгүй байж болохгүй нэг сэдэв яах аргагүй хөрөнгө оруулалтын орчин болчхоод байна. Манайд ажиллаж байсан айлууд гараад явчихсан. Түрээсэлж байсан байрууд бүгд эзгүйрсэн. Тэгсэн ч гадна талдаа Монголыг сонирхох сонирхол байгаад байдаг. Зориглоод ганц нэг нь ороод ирдэг. Санхүүгийн ямар ч сахилга бат байхгүй, ёс суртахууны багана байхгүй, дэг журам байхгүй нөхцөл байдал угтдаг. Энэ байдлаас яаж гарах вэ?
-Цаашдаа яах вэ гэдэг асуултад ердөө нэг л хариулт байгаа. Ерөөсөө л итгэл олох. Өөр юм байхгүй. Өнөөдөр Америкийн Засгийн газар нэг хувийн хүүтэй зээл авч байна. Монгол улсын Засгийн газар юм уу, Монголын аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээл дээр гараад зээл авъя гэхээр 11-12 хувь болчхоод байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд аягүй том зөрөө гарч байгаа биз. 11 дахин, 12 дахин . Энэ хэмжээгээр Монгол Улсын Засгийн газарт итгэх итгэл, Монголын эдийн засагт итгэх итгэл байхгүй байна л гэсэн үг . Тэгэхээр тэр итгэлийг олж авах асуудал өнөөдрийн нэн тэргүүний асуудал. Хэрвээ бид хөрөнгө оруулагч нарын итгэлийг олоод авчих юм бол тэд бидэнд 13 хувийн хүүтэй зээл өгнө гэж байхгүй. Хэвийн түвшинд 5 хувийн хүүтэй, 6 хувийн хүүтэй өгье гэж ярина. Ингээд явж болж байна. Энэ бол дэлхий дээр байж байгаа хэвийн харилцаа. Бид чинь дэлхий дээр байж байгаа тэр нэг зүй ёсны юмнаас бүр гажаад давхичихсан, ойлгомжгүй, хэцүү байдалд орчхоод байна шүү дээ. Энэ л хамгийн чухал зүйл. Итгэлийг олж авах тал дээр маш шийдэмгий арга хэмжээнүүд авах хэрэгтэй.
-Энэ ажлын хамгийн эхний хийх ажил ямар ч хүчээр хамаагүй Төрийн залуур дээр байгаа энэ бүтцийг өөрчлөх л биз дээ?
-Хамгийн эхэнд, нэн тэргүүнд авах ёстой арга хэмжээ бол энэ Засгийн газар огцрох ёстой.
-Үнэхээр өөр арга алга.
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх хэрэгтэй, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа энэ нүүр царайг бол өөрчлөх ёстой. Ердөө өөр арга байхгүй.
-Хөрөнгө оруулагчид ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна гэж та маш тодорхой байр суурь илэрхийлсэн байсан.
-Үнэхээр өөр яаж ойлгомжтой, тодорхойгоор хэлэх юм бэ.
-Манай сайд нар гэж маш хачирхалтай олонлогийн цуглуулга болчхоод байна л даа.Ичих багадаж байна шүү.
-Тийм. Асар их итгэл найдвар хүлээлгээд томиллоо. Бололцоог нь өглөө. Үр дүн алга. Хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Ажил унагаачихсан нөхдүүдээ одоо даруй чөлөөлөх хэрэгтэй байна. Энэ хариуцлагыг олон түмэн шаардаж байна. Эрх мэдлийг нь өгсөн үү, өгсөн. Бүр дүүрэн, хангалттай өгсөн. Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлж өгсөн үү, өгсөн. Хөөрхий муу Монголбанкны Н.Золжаргал ёстой эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаад урьд өмнө Монгол Улсын аль ч Засгийн газарт байгаагүй хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж өгсөн шүү дээ.
-Өнгөрсөн хоёр жилд чардайж байгаад бүх бололцоог тавьж өгсөн. Одоо харин бид, үхэхээр чи үх гэх шиг Монголбанкыг загнах маягтай суух нь увайгүй харагддаг.
-Наадах чинь нөгөө унаж яваад морио…гэдгийн л үлгэр шүү дээ. Хүн чанарын асуудал. Инээдэмтэй л юм даа. Өөр юу гэлтэй. Монголбанк тийм их бололцоо босгож өгөөд байхад өөрсдөө яасан гэхээр зүгээр л ажил унагаасан байхгүй юу. Итгэл даагаагүй л байхгүй юу.
-Монголбанкны Ерөнхийлөгчид ярилцлага авах хүсэлт тавьсан юм. Тэр сэтгэл гутралд орсон бололтой. Би ийм нөхцөлд юу хэлэх юм бэ. Хэл нэвтрэлцэх хүн ч ганц хоёрхон байна шүү дээ гэж харилцуурын цаана санааширч байна билээ.
-Хэцүү нөхцөл, хэцүү нөхөдтэй учирсан ч тэр хүн эдэнд маш том бололцоо гаргаж өгч ажилласан. Даанч бүгд итгэл хөсөрдүүлсэн, ажил унагасан. Дэндүү харамсалтай.
-Ганц нэгхэн улстөрч Засгийн газраас хариуцлага хүлээхийг шаардаж байна. Ёс суртахууны хувьд цаашаа алхах бололцоогүй болчихлоо. Одоо зогсооч ээ гэж. Олон түмэн бол бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн зүг анхааралтай харж байна. Өөрийнх нь нам эрх барьж байна. Олонх биш ч олуулаа. Гэхдээ энэ ч гэсэн тоглоомын үг шүү дээ. Алтан гэж хэлж болохуйц эрх мэдлийг л АН атгаж байгаа. Ардчиллын аранзал туг маань харин чимээгүй. Хааяа гарч ирж ард түмэнд концерт үзүүлчихээд л сууж байх шиг.
-Наадах чинь ахиад л нөгөө төрийн тогтолцооны асуудал. Төрийн тогтолцоогоо хэрэгжүүлж байгаа механизмын асуудал болчхоод байна. Хэрвээ дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй ээ. Сая Японд Монгол Улсын Ерөнхийлөгч яваад хөрөнгө оруулалтын уулзалтад оролцоод ирлээ. Ерөнхий сайдтай нь уулзлаа, учирлаа. Үнэхээр сайхан, баярламаар, бахархмаар. Дэлхийн аль ч орны төрийн тэргүүн иймэрхүү арга хэмжээнд оролцдог. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, үндэсний эдийн засгаа дэмжиж гадаадад дотоодод очиж сурталчлах арга хэмжээнд оролцдог. Бүх юм зөв. Өөлөхийн аргагүй зөв. Гэхдээ…
-Бизнесменүүдээ аваад явлаа.
-Тэглээ, бүгдийг нь аваад явлаа. Чадлаараа л зүтгэлээ. Гэвч ардаа буруу л байгаа байхгүй юу. Зөв мөртлөө буруу. Яагаад гэхээр энэ л засаглалын тогтолцооны асуудал чинь байхгүй юу. Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш. Манайх парламентын засаглалтай орон. Тэгээд Ерөнхийлөгч нь ийм ажиллагаа хийгээд яваад байхаар эцсийн дүндээ юу болж харагдаж байна вэ гэхээр Засгийн газар нь ямар ч нэр хүндгүй болчихсон юм уу. Засгийн газарт нь утга учир алга гэдэг тийм юм руу яваад байгаа байхгүй юу. Засаглалын хоорондын тэнцвэр, баланс бүх юмыг ингээд алдагдуулаад байгаа юм. Ерөнхийлөгч өөрөө хүссэндээ ийм ажлууд руу орж байгаа юм биш. Хөөрхий амьтан арга буюу энэ юм руу ороод байна шүү дээ. Ерөнхийлөгч нь засгийн ажлыг барьж хийгээд л, УИХ нь засгийн ажлыг барьж хийгээд л байх юм бол Засгийн газар нь юуны ажлыг хийх үү. Яамныхаа ажлыг хийгээд, яамных нь ажлыг хийж байгаа хүмүүс нь аймгийн ажлыг хийгээд ингээд холион бантан. Суудлаа олохгүй байгаагийн л тод эмгэнэл шүү дээ.
-Эрт холион бантан болоод явчихсан л даа. Манай Ерөнхийлөгч чинь сүүлдээ яамны сайд, агентлагийн дарга нарын асуудал руу орсон. Загнах, өмөөрөх гэх мэтийн бүр хачирхалтай байдлуудыг үзүүлж эхэлсэн.
-Энэ буруу байхгүй юу. Ахин хэлье. Нөгөө суудлаа олохгүй байгаагийн л илрэл. Миний бодлоор бол жаахан алсын хараатай, том харж ажиллая гэвэл өнөөдөр засаглалын тогтолцоогоо тодорхой болгох чиглэл дээр анхаарах ёстой. Нэг бол энэ парламентын засаглал гэдэг юмаа бэхжүүл. Энийгээ бүр хоёр уншигдахаар гүй болго. Нэгд, Монгол Улсын Ерөнхий сайд бол ялсан намын дарга байна. Хоёрт, Ерөнхий сайд нь УИХ-аа тараана. Энэ эрх мэдлийг нь өг.Ерөнхий сайд чинь их хурлаа тараахын тулд ер нь нэлээн юм болноо доо. За, хорошо их хурлаа тараагаад, ээлжит бус сонгуулиа явууллаа. Дахиад манай нам ялах уу, дахиад би Ерөнхий сайд болох уу. Энэ бүгдийгээ бодож байж тэр Ерөнхий сайд шийдвэр гаргана шүү дээ. Ерөнхий сайдын оруулж ирж байгаа юмыг унагааж байгаа их хурал нь ч бас юм бодноо доо. Дараа нь би гарч ирэх үү, үгүй юу гэж. Ингэж тал талаасаа тэнцвэржүүлэлт гэдэг юм чинь яваад нөгөө сонгодог парламент гэдэг зүйл чинь тогтдог байхгүй юу. Англид байж байна. Японд байж байна. Дараагийн хувилбар, эсвэл ингэж ойлгомжгүй явахаар Ерөнхийлөгчийн засаглал руугаа ор. Энэ хоёр юман дээр тодорхой ажиллах ёстой болчхоод байна. Энийгээ хийж байж энэ ойлгомжгүй байдлаасаа төр өөрөө гарах юм. Энийг хийх эр зориг байх ёстой. Чадахгүй юм бол энд эрх ямбыг нь эдлээд байгаад байх ямар шаардлага байгаа юм.Хийх ёстой.
-Ерөнхийлөгчийн засаглалын тухай яриа бол хааяа Ерөнхийлөгч байгаа хүмүүсийн зүгээс л явуулж үздэг яриа төдий л дөө.
-Хааяа биш ерэн оноос хойш аваад үзье л дээ. За, П.Очирбат гуай энийг ер нь яриагүй байх. Н.Багабанди гуайн үед бол яригдаад эхэлчихсэн байсан. Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм байна гэж. Н.Энхбаярын үед Ерөнхийлөгчийн засаглалын тухай их олон ярьж байсан. Одоо ч гэсэн яригдаад байгаа. Ер нь их олон хүн энэ сэдвийг яриад байгаа юм. Тэр эрх мэдэл дээр суучхаад энэ юмнуудыг бас нэг ойлгоод байна шүү дээ. (инээв) Нэг л юм болохгүй байна гэж. Гэсэн атлаа энийг тууштай барьж аваад шийдэх чадалтай хүн байхгүй. Ерөнхийлөгч хүн өөрөө ярихаар янз бүрээр ойлгогдчих гээд байдаг. Энэ байдлаас нь болоод тойруу замаар явж байна. Одоо УИХ дээр маш хошин юм их болж байгаа ш дээ. УИХ маань өөрийнхөө шийдэх ёстой байсан юмыг өөрсдөө шийдэхгүй, жаахан төвөгтэй юм гараад ирэнгүүт нэг бол Засгийн газар луу шидчихдэг, эсвэл Ерөнхийлөгч рүү явуулчихдаг. Тэгээд дараа нь цөмөөрөө гайхаад байдаг. Энэ одоо юу болоод байна вэ гэж. Өнөөдөр П.Очирбат Ерөнхийлөгчийн эдэлж байсан эрх мэдэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн эдэлж байгаа эрх мэдэл хоёр өдөр шөнө шиг ялгаатай байгаа. Хамаагүй хүчтэй болчихсон. Яагаад тийм болчихсон юм. Хэн тийм болгочихсон юм. Тэд нар өөрсдөө хүсээгүй шүү дээ. Монгол Улсын Их хурал хууль батлахдаа тэр юмнуудыг шилжүүлсээр шилжүүлсээр байгаад өнөөдөр ийм болчхоод сууж байгаа.
-УИХ-ын потенциалд хамаг учир байгаад байна шүү дээ. Энэ нь явсаар намууд руу орж байгаа.
-Намууд руу орж байна. Хоёрдугаарт, ерөнхийдөө энэ төрийн тогтолцоо, төрийн механизм гэдэг чинь өөрөө юу юм. Төрийн уламжлал соёл гэдэг чинь юу юм. Төрийг чинь бэхжүүлж байдаг гол элемент нь юу юм гэдгийг бас мэддэг хүмүүс байх ёстой юм. Түрүүн миний онцлоод байсан асуудлаа мэддэг хүн гэдэг ойлголт шүү дээ. Түүнээс биш зүгээр л нэг их хуралд орж ирчхээд туугаад байж болохгүй шүү дээ. Төрийн эрэг шураг, Төрийн анатомийг мэддэг хүмүүс баймаар байна. Би нэг жишээ хэлье. Сая Төрийн ёслолын албаны тухай хууль баталлаа. Тэгээд Засгийн газрын мэдэлд байсан юмыг зүгээр аваачаад л Ерөнхийлөгч рүү шилжүүлээд хаяж байгаа юм. (инээв) Ерөнхийлөгчид эрх мэдэл нь дутаагүй шүү дээ. Одоо бүр хийх ажилгүй болчхоод тэр ёслолыг хариуцах нь л дээ. Ийм байдал руу Ерөнхийлөгчийг оруулж, олны дунд нэр хүндийг нь таагүй байдалд оруулж байгаа явдал маш хариуцлагагүй, өрөвдмөөр явдал. Дэндүү хариуцлагагүй засаг, дэндүү хариуцлагагүй Их хурал байгаа байхгүй юу.
-Чадамж дээр нь гол асуудал байна л даа. Чадахгүй, мэдэхгүй учраас айгаад залхуураад, хялбарчлаад ийш тийш нь тарааж хаяад байна.
-Тийм. Асуудлынхаа мөн чанарыг барьж авч чаддаг, том зургаар нь харж уншиж чаддаг түшээд үгүйлэгдэж байна л даа. Хаана нь хэн нь юу хийгээд яваа нь огт ойлгогдохгүй, хөл толгойгүй засаг л байна шүү дээ. Суудлаа бушуухан олмоор байна, үнэндээ. Энэ улсын нүүр царайг баллаж дууслаа.
-Оюутолгойг гацаачихлаа. Дараа дараагийн төслүүдийн хувь заяа маш хүндэрчихлээ. Гаднаас авчихсан зээлүүдийн өр өсөөд яваад байдаг. Ахиад л яах вэ?
-Ацан шалаа шиг л юм болчхоод байна . Үндсэндээ Оюутолгой бол төгс төгөлдөр гэрээ байгаагүй. Гэхдээ тухайн үед энэ гэрээг хийж байх үед үүнээс илүү юм гарч ирнэ гэж хүлээж байсан гэвэл бас худлаа. Одоо өнгөрсөн хойно нь мэдэмхийрээд л, тэгэх ёстой байсан, ингэх ёстой байсан гэж ярьж байгаа хүмүүсийг би их л хачирхалтай сүрхий хүмүүс юм даа гэж хардаг. Их л дотуур тамиртай хүмүүс байж дээ л гэж хэлэх гээд байна. Үнэнийг хэлэхэд тухайн үеийн бүх бололцоогоо дайчлаад л байгуулсан гэрээ нь энэ. Алдсан юм байгаа. Оносон юм байгаа. Гэхдээ цаашаа яаж явах вэ гэдэг тактикаа бодох хэрэгтэй ш дээ. Эхлээд бид жаахан цэгцтэй байя, замбараатай байя. Үе шаттайгаар энэ юмнуудаа засаад явъя. Засаад залруулаад явахын тулд бид нарт хэлэлцээ хийх чадал байх ёстой. Нөгөө хүнтэйгээ нэг түвшинд очиж байж хэлэлцээ хийнэ шүү дээ. Түүнээс биш чи сул дорой, чадавхгүй байж мянган юм яриад яахав. Тэгэхээр тэр түвшиндээ очих хэрэгтэй байна. Энэ түвшин рүүгээ алхахын оронд дандаа сэлэм эргүүлж давхисан. Үр дүн нь энэ. Одоо гадаадын хөрөнгө оруулагчид ганцхан дохио хүлээж байгаа юм. Ерөөсөө та нар энийгээ л явуул. Та нар мянган хууль батална уу, мянган удаа амаараа мэдэгдэл хийнэ үү тэр огт сонин биш. Бид нар танай яг үйл ажиллагааг чинь л харж байна. Бодитой та нар юу хийх юм бэ л гэж байгаа. Тэгэхээр энэ Оюутолгойг явуулахаас өөр арга байхгүй. Энэ хорвоо дэлхий дээр үнэ төлбөргүй зүйл гэж байхгүй шүү дээ. Чи хэрвээ хариуцлагагүй байсан л бол тэрнийхээ төлбөрийг ямар нэгэн хэлбэрээр төлөх л болно. Туршлага чинь дутсан бол, оюун ухаан чинь хүрээгүй бол чи ямар нэгэн хэлбэрээр төлөөсөө төлнө. Манай Монгол улсын болж байгаа юмны ч, болж бүтэхгүй байгаа юмны ч төвлөрөл нь энэ Оюутолгой шүү. Нэг их хамаг юмаа тавиад туучихсан юм шиг, сүйрчихсэн юм шиг хараагаад хэрэггүй. Айгаад ч хэрэггүй. Зүгээр тулхтай л байр сууриа баримтлаад яв. Өдий болтол яваад байсан юм, ахиад нэг хэсэгтээ ч явах бололцоо байж л байна.
-Хариуцлагагүй хэвлэл мэдээллийн хийсэн балаг ч энэ төсөл дээр их байгаа шүү дээ.
-Тийм. Гол нь ахиад л нөгөө мэргэжлийн хүмүүсийн асуудал шүү дээ. Сайд маань энэ дээр жинхэнэ төрийн хүний зангаргыг л гаргах хэрэгтэй дээ. Би энэ салбарыг хариуцаж байгаа сайд нь байнаа. Би юмаа мэдэж байнаа. Би Монгол улсынхаа эрх ашгийг мэдэж байна. Яаж хийхийг нь би мэдэж байна. Би ингэж ингэж хийнэ. Хэрвээ миний энэ байр суурь таалагдахгүй байгаа бол уучлаарай, тэр чаддаг хүнээ авчраад тавь гэж хэлээд явах чадвартай хүн байх ёстой байхгүй юу. Харамсалтай нь манайд тийм хүмүүс алга л даа.
-Яв гээд байхад явахгүй байна шүү дээ. Явах хугацаа нь болчхоод байхад явахгүй байна. Юун сайн дураараа явах тухай та ярина вэ?
-(инээв) Харамсалтай нь тийм байна. Сая З.Энхболд танай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна билээ. Сайдын суудалгүй л бол үхчих гээд байгаа хүн олон байна гэж. Энэ үнэн л дээ. Бүр нэг гөлийчхөөд , уйлан дуугараад суугаад байгаа юм чинь.
-Шүүж шалгах битгий хэл сонсохын аргагүй аймшигтай юмнууд хийчхээд л сандал ширээнээс тас зуураад тавьж өгөхгүй. Монголын төр бас түшээддээ хайртай шүү дээ. Асуудлуудыг нь хаалттай хуралдаж ярьж байна. Бас л сонин зүйлс уншигдах юм даа.
-Хайртай. Тэр үнэн.
-Хаалганы наана гарч ирээд ч нөгөөгөө шоглоод тараагаад явдаггүй. Бас л сайхан шинж биз дээ. Гэвч нөгөө нөхдийн үзүүлэх хариу өчүүхэн байх нь л харамсалтай.
-Хүн байхын хамгийн гол хэмжүүрүүдийн тухайд ч авч үзэх бололцоогүй хүмүүс олон таардаг. Мэдэх чадахын тухайд бүр орхиод шүү дээ. Бид нэг том юман дээрээ алдаад байна. Энэ явж явж улс төрийн намаасаа ч хамаараад байгаа юм биш. Ер нь Монголын төрийн түшээ гэж ямар хүн байх юм. Тэр төрийн түшээдээ яаж бэлтгэж, яаж шигшиж дээшээ гаргаж ирдэг юм бэ гэдэг тэр механизм алга болчхож. Урд нь бол худлаа үнэн ч гэсэн байсан юм. Нутгархдаг, танил тал хардаг ч гэсэн нэг тийм шүүлтүүр байсан юм. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд эргүүлд гарч үзээгүй хүн төрийн сайд хийж байна. Сум удирдаж үзээгүй, аймаг удирдаж үзээгүй хүн төрийн сайд хийж байна. Ядаж 500 хүнтэй хамт олон удирдаж үзээгүй хүн төрийн сайд хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ буруу юм байна. Угаасаа тодорхой шалгуур байх ёстой. Мэдлэгтэй гэдэг бол 30 дугаар асуудал болчхоод байна. Өнөөдөр ерэн он биш. Хорин хэдэн жил өнгөрчихлөө. Энэ хугацаанд маш олон хүн урьдын мөрөөдөл байсан тэр сургуулиудыг төгсөөд сураад ирчихсэн байна. Өнөөдөр мэдлэгтэй хүмүүс хангалттай байна. Мэдлэг дээр юу хэрэгтэй байна вэ гэхээр чин сэтгэл, ёс зүй, туршлага, совесть хэрэгтэй байна. Энэ бүгд хосолсон, төлөвшсөн хүмүүсийг үе шаттайгаар бойжуулж дээшээ гаргадаг болохгүй бол явахгүй нь ээ. Яахав өнөөдрийн Монголын ардчилал, сонгуулийн тогтолцоо ч гэсэн бас сөрөг нөлөө үзүүлж байна л даа. Бид нарын хүссэн юмнаас арай л ондоо үр дүнд хүргээд байна. Гэхдээ ер нь төр гэж байдаг л бол төрийн боловсон хүчний бодлогоо маш хатуу явуулах л ёстой юм. Тэгэхгүй бол өнөөдөр намын дарга дагасан, бусдаас илүү бялдуучилж чаддаг хэсэг хүмүүс нь дэвшээд явж байна. Нэг бол бусдаас илүү хэрэлдэж чаддаг, гайхалтай хэрүүлч хүн бас явчихдаг юм байна ш дээ. Нэг бол их орилж чарладаг нөхдүүд яваад байдаг. Ийм л талбар болчхоод байна. Би өнгөрсөн 11 дүгээр сард нэг мэдэгдэл энэ тэр хийгээд, гишүүнээсээ татгалзъя гээд бөөн асуудал болсон шүү дээ. Түүнээс хойш анх удаа л ийм дэлгэрэнгүй байдлаар сонинд ярилцлага өгч байна. Ганц нэг удаа бага сага ярьсан. Анх удаа том сэдвүүдээр байр сууриа илэрхийлж байна. Яагаад ярилцлага өгөхгүй байсан юм бэ гэхээр үнэхээр ярих юм олдохгүй юм. Жил гаруй болох гэж байна. Ярих юм олдохгүй л байна. Хэлдэг юмаа бол би тухайн үед нь хэлчихсэн. Улс төрийн байдлын талаар хэлчихсэн, эдийн засгийн байдлын талаар хэлчихсэн. Төрийн тогтолцоотой холбоотой, боловсон хүчинтэй холбоотой асуудлаар үндсэн-дээ хэлчихсэн.
-Нөгөө талаас нэг зорилго, үзэл санааны төлөө бүх амьдралынхаа турш хамт явчихсан нөхөд чинь болохоор хэцүү байгаа байх. Та бүхний дунд түүх, нэг тийм дотоод хайр байгаа. Энэ зүйл чангаагаад харин ч та их тэвчсэн юм болов уу, харин ч хожуу тэмцэж байгаа юм болов уу гэж хардаг шүү дээ.
-Тийм ээ, юу хэлж байгааг чинь маш сайн мэдэрч байна. Юм хэлэх гэхээр намаа шүүмжилчих гээд, за эд нар маань нэг юм учрыг нь олчих болов уу. Бас ч гэж ийм нөхдүүд биш юмсан. Бас ч гэж босгоод ирчих болов уу гээд дотроо бодоод яваад байдаг. Нөгөө талаас надтай надгүй зөндөө нухуулж байна шүү дээ. Амтай болгон л нүдэж байна. Тэд нар нүдээд, шархадчихсан байхад нь би очоод тэр нь дээр нь давс хийгээд яах вэ дээ гэж өөрийгөө бариад яваад байгаа байхгүй юу. Бүр болохоо байхаар нь хааяа өөрийнхөө блог дээр байр сууриа биччихээд. Нэг ийм хэмжээнд байна л даа. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бол маш их юм ил харагдлаа. Их тод гарч ирлээ. Хамгийн чухал нь ямар ямар асуудлууд байгаа юм бэ гэдэг нь их тодорхой болж ирж байна. Ядаж УИХ дотроо шийдмээр асуудал гэхэд маш их байна. УИХ-ын дэгтэй холбоотой. Тухайлбал, УИХ-ын гишүүн нэг өргөдөл өгч байхад тэр өргөдлийг нь ер нь яаж хэлэлцэх ёстой юм. Энэ гэхэд л байсангүй шүү дээ. Гэх мэт маш олон асуудлууд гарч ирж байна.
-Таны хийсэн тэр акцыг бол хугацаанд нь тултал хайрлаад, хугацаанд нь тултал гайхшраад л хийсэн тэмцэл гэж хардаг. Яг таны асуудал орж байхад таны түүхийг бараг мэдэх мэдэхгүй хүмүүс л элдэв том үг хэлж байна билээ. Сонгогчдын өгсөн мандатыг хүндэтгэсэнгүй гэж байх шиг л байсан. Зугтах гэлээ ч гэж байх шиг байсан. Гэхдээ яг сонгогчид юу гэж үзсэн бэ. Энийг асууя гэж бодож байсан юм?
-Сонгогчид маш дэмжсэн. Ер нь зүйтэй шүү. Наадах чинь зөв. Харин ч ийм асуудал гаргаад тавихад чинь сэтгэл онгойлоо гэж хүртэл хэлж байсан. Зөвхөн миний тойргийнхон ч биш өөр аймаг сумдаас олон хүмүүс ярьж байсан. Олны тэр хандлага чинь аягүй их дэмжлэг өгдөг юм билээ шүү. Огт мэдэхгүй танихгүй, тэр бүү хэл бүр огт ямар нэг хандлага хүлээгээгүй хүмүүс ч утастаад ярихаар сайхан юм билээ. Ерөнхийдөө зөв юм хийж байгаадаа би маш их итгэлтэй байсан. Тэгээд дээрээс нь олон түмний тэр дэмжлэг ороод ирнэ гэдэг сайхан л даа. Таныг ч гэсэн би ийм мэдрэмжийг авч байгаа хүн гэж хардаг. Энэ хэвлэл мэдээллийн салбарт өчнөөн жил ажиллаад, ер нь ер бусыг л үзлээ ш дээ. Одоо бас ингээд шинэ сонин гаргаад явж байна. Олны дунд ам сайтай л байна билээ. Гэхдээ амаргүй л байгаа байх. Сүүлийн үед улам хурц хурц асуудлуудыг гаргаж ирж нийтэлж байгаа. Бас л дуудагдаж бариад байгаа сурагтай байсан. Хажуугаар нь элдэв холбоо, хаалтын гэрээний асуудлуудаар тэмцэл явуулж байна. Гэхдээ энэ бүхний ард олон түмний дэмжлэг түрж орж ирж байгаа нь л сайхан байхгүй юу. Би үүнийг л хэлэх гэсэн юм. Энэ бол үнэхээр сайхан мэдрэмж байдаг юм билээ.
-Ардчиллын алтан гэгдэх лидерүүд гэвэл цөөхөн хүн байна. Ихэнх нь залхсан уу, энэ улс төрийн тогооноос хол явна л даа. Тогоон дотор орж ирээд тонгочуулж, тэр онцгой хүмүүсийн зорилго, үнэт зүйл, нэр хүндийг унагаж байгаа нөхдүүд болохоор тэр үед хэн ч биш явсан бүлэглэл байх. Харин танай хэд хааччихав аа. Гадны парламент, төрийн дээд түвшинд ажиллагсдын настай харьцуулахад та нар идэр залуу байна.
-Тийм ээ, бид залуу.
-Манайд болохоор өө, одоо болсон. Хол явъя гэцгээх. Жишээ нь, энэ сэдвээр би Баабартай гэхэд хоёр гурван удаа ярилцаж байсан. Би ирэхгүй ээ л гэдэг. Да.Ганболд байна. Лав л байх ёстой газраа алга байна. Дэлгэрмаа алга байна. Элбэгдорж тэнд. Очихыг хүссэн газраа очсон байх. Энэ их гунигтай дүр зураг санагддаг юм.
-Би зүгээр нэг юмыг хэлэхэд ганцхан зүйлийг их найдаж байсан юм. 2012 оны сонгуулийн үр дүн гайгүй гарвал. Ёстой нэг зовлон үзсэн хэдэн чавганц нараа дайчилна даа гэж.Тэд нар чинь хий нь гарчихсан хүмүүс байхгүй юу. Юм юм үзчихсэн. Хэр баргийн юманд сөртөлзөөд байхгүй. Хэлүүлдгээ хэлүүлчихсэн, шүүлгэдгээ шүүлгэчихсэн. Авдаг үнэлгээгээ авчих-сан.Тийм учраас орж ирээд үнэхээр хоёргүй сэтгэлээр зүтгэнэ дээ гэж. Том ч зорилтууд байсан шүү дээ.Тэрийг барьж аваад шийднэ дээ гэж үнэхээр их горьдож байсан. Үнэхээр манай халзан Ганболд гэхэд ямар хүн билээ. Гарцаагүй л Монгол улс энэ хүний потенциалыг дутуу л ашиглаж байгаа. Өнөөдөр тэнд аваачиж тавьчхаад потенциалыг нь ашиглаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байдалд л байл-гаж байгаа.ЗХУ-д дээр үед нэг тийм албан тушаал байсан юм.Хөдөө аж ахуйн яамны сайд гэж. Ер нь хүнийг унагаая л гэвэл тийш нь аваачиж тавьдаг байхгүй юу.Яагаад гэвэл хө-дөө аж ахуй нь ерөөсөө босдоггүй байсан. (инээв) Тэрэнтэй адилхан нэг юман дээр аваачаад тавьчихсан байх жишээтэй. Гэхдээ цаадах чинь бол үнэндээ юмыг хамаагүй том хана шүү дээ. Өнөө маргаашийн эрх мэдэл албан тушаалыг сонирхохгүй. Ерөнхийдөө том зураг, том чиг ханд-лагыг нь хараад явж байгаа. Одоо миний мэдэхээр цаадах чинь шинэ технологитой холбоотой өөрөөр хэлбэл занартай холбоотой төслийг яриад хэлэлцээд яваад байгаа юм. Тэр хэрвээ шийдэгдэх юм бол юун энэ Оюутолгой. Агуу юм. Ийшээ л ажиллах гээд яваад байгаа. М.Энхсайхан бас тэнд оччихоод зүтгээд л явж байна. Баабар эрдэм дэлгэрүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр асар их ажиллаж байна. Залуучууд, хүүхдүүд, шинэ үеийнхэнд чиглэсэн том төслүүд хийж байгаа шүү дээ. Би л тэнэгтээд энэ дотор ганцаараа сууж байна. (инээв)
-Гэхдээ л хуучин нөхөд уулзалдана биз дээ?
-Уулзалгүй яахав.
-Яах гээд байгаа юм бэ.Цаад нөхдүүдтэйгээ учраа олооч гэх үү.Эсвэл таныг мэддэг учраас олон үг хэлэхгүй юу?
-Зөв, гэхдээ буруу л гэдэг юм. (инээв) Буруу, гэхдээ зөв л гэдэг.
-Ерэн оноос хойш манайд хуваагдал л явсан. Хамгийн гайхамшигтай нэгдэл бол ардчиллын төлөөх таван намын нэгдэл байсан. Энэ ажлыг та тэргүүлж ажилласан. Олон том лидерүүд учраа олж чадсан. Харин үр дүнг ямар нөхдүүд хүртчихэв дээ. Нөгөө хувьсгалын үр шимийг адгийн шаарууд эдэлдэг гэдгээр л явчихсан уу?
-Тэгдэг л юм байна. Гэхдээ бас нэг л туулах ёстой зам. Туулаад л гарах ёстой байдаг юм байна.
-Фракц гэхээр танд ямар ч фракц байдаггүй. МҮАН-ын Амаржаргал л гэдэг. Гэвч МҮАН гэдэг фракц байхгүй.
-Байхгүй.
-Фракц байгуулаад явах тэр аргачлалыг та яагаад тоогоогүй юм бэ?
-Угшилаараа бол би чинь МҮДН л дээ. Гэхдээ энд нэг юм байдаг юм.Хоёулаа зүйрлэе. Гал гарчээ гэж бодъё. Тэр галыг очоод унтрааж байгаа нөхөр бол үр дүнд нь шууд баатар болдог л доо. Гэхдээ бас нэг асуудал бий.Гал гаргуулаагүй байж болно шүү дээ. Огт галыг гаргуулаагүй. Гэтэл тэр хүнийг бол хэн ч мэдэхгүй. Хэзээ ч сонины тэргүүн нүүрэнд гарахгүй. Баатар болохгүй. Би өөрийгөө тэр галыг гаргуулахгүйн төлөө ажилладаг хүн л гэж боддог юм ш дээ. Ерэн оноос хойш явж ирсэн өөрийн замнал, баримталж ирсэн зарчим, хийж явсан ажлуудаа нэгтгээд бодоход би ийм чиглэлийн л хүн. Хүмүүс намайг зурагт энэ тэрээр харагдахгүй байна. Үг хэлэхгүй байна.хаагуур, юу хийгээд яваад байна гэдэг. Уг нь бол аль болохоор нүдэнд нь харагдахгүй л байвал сайн биз дээ. (инээв) Одоо ч тэгээд шал ондоо үнэлэмжтэй болчихсон доо. Аль болох хэвлэлийн баатар л болж байвал сайн болчихсон юм уу даа.
-Та өөрийнхөө амьдралаар ном бичье гэж боддог уу.Эсвэл арай залуу байна уу?
-Бичвэл бичмээр л байна.
-Таны түүхэнд үнэхээр сонин явдлууд их болж байсан. Ерөнхий сайдад нэр дэвшчихээд өөрөө өөртөө санал өгөөгүйгээс болж унаж байсан. Одоо бол өөртөө санал өгөх зэрэгт бол улайдаг хүн байхгүй болсон. Тэр үед та тийм “хуучин” зарчимтай хүн байсан юм уу. Эсвэл одоо ч энэ доторх хүн чинь тэр хэвээрээ юу?
-Хэвээрээ.
-Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын суудал шүү дээ. Аймаар харамсаж байсан уу?
-Тэр үед бид нар үнэндээ тийм зүйлийг нэг их сонирхдоггүй байсан юм шүү дээ. Ерээд онд чинь УИХ-д нэр дэвшүүлнэ энэ тэр гээд санал тавихад тэгье гэж хэлдэг хүн ер нь ховор байсан. Хүчээр шахуу дэвшүүлдэг байсан. Дараа нь Засгийн газарт орж ажилла энэ тэр гэвэл бараг “Би яасан гэж ингэж шийтгүүлж байгаа юм бэ” гэх нь халаг юм болдог байсан. Би тэр үеийнхний л төлөөлөл. Одоо бол огт ондоо болчихсон.
-Та бас намаасаа хөөгдөж байсан.
-Тэгсэн, би хөөгдөж байсан.
-Эвгүй байсан уу?
-Өөрийнхөө байгуулсан, барьсан гэр орноосоо хөөгдөнө гэхээр ямар олиг байхав дээ. (инээв) Гэхдээ би нэг зүйлд огтхон ч эргэлздэггүй. Миний баримталдаг зарчим, миний байр суурь зөв гэдэгт. Би боддог юм. Бусдыг дагуулах чадвартай улстөрч гэж ямар хүн байх вэ. Бусдыг манлайлах чадвартай улс төрийн хүчин гэж ямар хүчин байх вэ гэж. Хариулт нь ерөөсөө л ариун цэвэр шүү дээ. Шударга, зарчимч, нэр төртэй ийм улстөрч бөгөөд улс төрийн намынхан л бусдыг дагуулна. Хэрвээ тийм хүмүүс гарч ирж чадах юм бол энэ төр бэхжинэ. Энэ өнгө мөнгө бол түр зуурын л юм шүү дээ. Удаан явахгүй.
-За, хоёулаа дуусгах уу даа.
-Баярлалаа. Тантай уулзах сайхан байлаа. Амжилт хүсье.
Ганчимэг
Эх сурвалж: “Open door” сонин amarjaral.org