ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2014 ОНЫ 7 ДУГААР САРЫН ТОВЧ МЭДЭЭ
1. Удирдлага, зохион байгуулалт, эдийн засгийн бодлогын хүрээнд:
7-р сарын 10-нд Ардын хувьсгалын 93 жилийн ой, аймгийн баяр наадмын өмнө Аудитын газрын 4 төрийн албан хаагч тангараг өргөж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан 200 гаруй иргэдийг төрийн дээд шагнал, Засгийн газрын болон аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулав.
“Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэж, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын цэргийн алба хаагчид ёслолын жагсаал зохион байгуулсан ба баяр наадамд бэлтгэх, зохион байгуулах салбар комиссууд 7-р сарын 10-11-ний өдрүүдэд аймгийн баяр наадмын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын шийдвэрээр аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн Ц.Насанбат, С.Шоовдор нарт “Аймгийн мэргэн” цол, хүчит бөхийн барилдаанд 8 давж түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харъяат Б.Бат-Өлзийд “Аймгийн арслан”, 6 давж шөвгөрсөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харъяат Ю.Пүрэвжаргал, Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат И.Жүгдэрнамжил нарт “Аймгийн харцага”, 5 давж шөвгөрсөн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат Ш.Энхбаатар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат Г.Жавхлантамир, Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат М.Билгүүтэй нарт “Аймгийн начин” цолыг тус тус олголоо.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаарх 2014 оны эхний хагас жилийн тайлан, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн эхний хагас жилийн тайланг ЗГХЭГ-т хүргүүлэв. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй нийт 130 тогтоолын 152 заалтын хэрэгжилтийн явц II улирлын байдлаар 58.8 хувьтай байна.
Эхний хагас жилийн байдлаар “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах төв”-д нийт 2879 өргөдөл, гомдол ирсэнээс 2820 нь хуулинд заасан хугацаанд шийдвэрлэгдсэн, 59 нь шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Ирсэн өргөдөл гомдлын 45 нь гомдол, 129 нь санал, 184 нь талархал, 2513 нь хүсэлт байна. Мөн тус төвд аймгийн удирдлагууд болон хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хуваарийн дагуу ажиллаж иргэдийн санал хүсэлтийг тухай бүрт шийдвэрлэн ажиллаж байна.
Тайлангийн хугацаанд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар болон хэлтэс, албадууд, төрийн чиг үүрэг бүхий байгууллага, ажилтанд нийт 10351 өргөдөл, гомдол ирсний 440 нь шийдвэрлэх хугацаа болоогүй, 9911 буюу 95,7 хувь нь хуулинд заагдсан хугацаанд шийдвэрлэгдлээ. Дээрх өргөдөл, гомдлын 224 нь гомдол, 204 нь санал, 324 нь талархал, 9599 нь хүсэлт байна. Ирсэн гомдлын ихэнх хувь нь хувийн хэвшлийн байгууллага дахь хөдөлмөр нийгмийн хамгаалал, халуун ус болон халаалт доголдсон, төрийн албан хаагчийн ёс зүй, эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой гомдол байна.
Шийдвэрлэх хугацаа болоогүй хүлээгдэж байгаа өргөдлийн 50 гаруй хувь нь газрын харилцааны асуудлаар ирүүлсэн өргөдлүүд эзэлж байна. Баян-Өндөр сумын хэмжээнд шинээр газар олгох нөөц хязгаарлагдмал тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулан хариуг өгч байна.
Нийт ирсэн өргөдөл гомдол нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64,1 хувиар буурсан байна. Мөн нийгмийн даатгалын талаар ирүүлсэн өргөдөл 4 дахин буурсан байгаа бол нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээ, хог, халаалт, цэвэр, бохир ус, дулааны шугам хоолой, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой өргөдөл 1-6 дахин өссөн байна. Дээрх ирүүлсэн нийт өргөдлөөс аймгийн Засаг даргын Тамгын газарт 4034 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлсний 349 нь биечлэн уулзаж, 20 нь цахимаар, 8 нь Засгийн газрын “1111” төвөөс, 2555 нь утсаар, 1142 нь бичгээр ирсэн байна.
Улсын Их хурлын Тамгын газраас 1, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 1 иргэний өргөдлийг тус тус шилжүүлснийг хуулинд заасан хугацаанд судалж шийдвэрлэн холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газарт 2014 оны эхний хагас жилд байгууллага, аж ахуйн нэгжээс нийт 1415 албан бичиг ирсний 77 нь хариутай байснаас 72-ыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн ба 3 нь хугацаа болоогүй байна.
7 сарын 22-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Ардын Их Хурлын байнгын хорооны орлогч дарга Жао Чиншань тэргүүтэй зочид төлөөлөгчид манай аймагт айлчилж “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдмин”, Эрдэнэт хивс” ХХК болон хотын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан, аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр 2 хотын хамтын ажиллагааг эхлүүлж цаашид эрчимжүүлэх санамж бичиг үйлдэх, энэ оны 8-р сард Манжуур хотод зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэн худалдаанд Орхон аймгийн бизнес эрхлэгчдийг оролцуулах асуудлаар санал солилцов.
Аймгийн ИТХ-ын шийдвэрээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, анхан шатны байгууллагуудын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор гэр хороололд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулан, 4 багийн Засаг даргын болон Иргэдийн Нийтийн хурлын ажлын байр, өрхийн эрүүл мэндийн төвийг шилжүүлэн байрлуулж, эмнэлгийн яаралтай тусламжийн төв, Нэг цонхны үйлчилгээ, Иргэний танхимын үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
7-р сард хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар:
Орхон аймгийн уул уурхайн үйлдвэрлэлд өртсөн нутаг дэвсгэр дэх байгалийн нөхөн сэргээлт, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг сайжруулах төсөл,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай Монгол улсын хуулийн хэрэгжилтийн үзлэг, шалгалтын нэгдсэн тайлангийн талаар хэлэлцэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч ажиллаж байна.
7 сарын 31-ний байдлаар орон нутгийн төсөвт 25.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 112.3 хувийн биелэлттэй байна. ХХОАТ-ын хөнгөлөлтөөр 2500 гаруй иргэдэд 2.4 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна. 7-р сард Төрийн сангаар нийт 141 байгууллагын 6.1 тэрбум төгрөгийн орлогын, 13.0 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдлээ. Орон нутгийн хөгжлийн сангаас Жаргалант суманд 1.2 тэрбум, Баян-Өндөр суманд 1.1 тэрбум, аймагт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гүйцэтгэлээр олгогдоод байна. Орон нутгийн болон тусгай шилжүүлгийн байгууллагуудын 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан баланс нэгтгэх ажлыг хийж дууссан ба төсвийн байгууллагуудын 2015 оны төсвийн төслийг хүлээн авч нэгтгэх ажлыг гүйцэтгэж байна. 2014 онд 62187,7 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 26975,3 сая төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 102,7 хувьтай ба 1,5 тэрбум төгрөгийн авлагатай байна.
2. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:
Цагдаагийн газрын мэдээгээр 7 сарын эхний байдлаар 285 хэрэгт 265 хүн холбогдон шалгагдаж, хэргийн илрүүлэлт 64.4 хувьтай байна.Өнгөрсөн оны мөн үеэс холбогдогч 1.9 хувиар, бүртгэгдсэн хэрэг 10.7 хувиар, 18–аас дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 6.6 продицимилээр буурч, хэргийн илрүүлэлт 7.9 пунктээр илүү байна. Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 603.1 сая төгрөгийн хохирол учирч, нийт хохирлын 41.7 хувийг нь нөхөн төлүүлсэн байна.
Өнгөрсөн оны мөн үеэс хүчингийн хэрэг 5-аар, дээрмийн хэрэг 1-ээр, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг 6-аар нэмэгдэж, бусад хэргийн гаралт 20.0-42.2 хувиар буурсанаас иргэдийн өмчийн хулгайн хэрэг 42.2 хувиар буурчээ.
Гэмт хэрэгт холбогдсон 265 хүний 63.8 хувь нь эрхэлсэн ажил хөдөлмөргүй, 47.9 хувь нь согтуугаар, 22.3 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ба 7.2 хувь нь 18 хүртэл насны хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үеэс хүүхдийн гэмт хэргийн тоо 59.1 хувиар, холбогдогч 60.7 хувиар, учруулсан хохирлын хэмжээ 79.8 хувиар буурчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 1011 жолоочийг илрүүлэн, 713 жолоочийн эрхийг тодорхой хугацаагаар хасч шийтгэжээ. Өнгөрсөн оны мөн үеэс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн тоо 0.8 хувиар, эрх хасалт 10.0 хувиар нэмэгдсэн байна.
3. Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:
Боловсрол, соёл урлаг, спорт, хүүхэд залуучуудын талаар:
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын стандарт хангалт 99.4, чанар 74.3 хувьтай байгаа ба өмнөх хичээлийн жилээс стандарт хангалт 0.5 пунктээр буурч, чанар 2.9 пунктээр нэмэгджээ.
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Боловсролын газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Боловсролын хорооны дарга, мэргэжилтэн, спортын сургуулийн захирал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай аймагт ажиллан Эрдэнэт үйлдвэрийн “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн их засварын ажлууд явагдаж байна.
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд “Гал голомт үндэсний хөдөлгөөний Орхон аймаг дахь салбар хүрээ” төрийн бус байгууллага, Гэр бүлийн ордонтой хамтран “Аймгийн шилдэг гэр бүл”-ийг шалгаруулж, тэднийг алдаршуулах ажлыг зохион байгуулав.
Эрүүл мэндийн чиглэлээр:
7 сарын эхний байдлаар эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 304.2 мянган хүнд үзлэг хийснээс 34.9 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс нийт үзлэг 5.1 хувиар, урьдчилан сэргийлэх үзлэг 12.6 хувиар буурчээ.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд 44.8 мянган хүнд үйлчилж 1.1 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.Үйлчилгээний хэмжээ ба орлого өмнөх оны үеэс 9.0-14.2 хувиар өссөн байна.Эдгээр үйлчилгээний 36.9 хувьд шүдний эмчилгээ, 63.1 хувьд бусад эмчилгээ үйлчилгээ байна.
Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилгооор “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгууллаа.
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр:
Эхний хагас жилийн байдлаар 1661 иргэн ажлын байртай болсны 909 ажлын байр нь шинээр бий болж, 752 нь Хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан ажилд орсон байна. Ажлын байраар хангагдагсдын 57.1 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 12.8 хувь нь худалдааны салбарт ажилд орсон нь дийлэнх хувийг эзэлж байна.
Аймгийн дүнгээр давхардсан тоогоор 34.8 мянган хүнд 21.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгосноос 2.2 мянган хүнд 1.3 тэрбум төгрөгийн халамжийн тэтгэвэр, 2.1 мянган хүнд 628.8 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 1.5 мянган хүнд 240.0 сая төгрөгийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж, 3.9 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 295.7 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлийн улсын төсвийн санхүүжилтээр 9.6 мянган хүнд 1.4 тэрбум төгрөгийн тэтгэмж, хөнгөлөлт олгожээ. Өнгөрсөн оны мөн үеэс халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүн 14.7 хувиар буурч, олгосон халамжийн хэмжээ 14.2 хувиар өссөн байна.
Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 598 өрхийн 2090 хүн шилжин явж, 235 өрхийн 940 хүн шилжин иржээ. Шилжин ирэгсдийн 34.6 хувь нь Улаанбаатар хотоос, 19.9 хувь нь Булган аймгаас, 7.0 хувь нь Сэлэнгэ аймгаас шилжин ирсэн нь дийлэнх хувийг эзэлж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран зохисгүй хөдөлмөр эрхэлж болзошгүй 60 гаруй хүүхдийн дунд “Хүүхдэд аюултай хөдөлмөр” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
21 иргэнд 45.0 сая төгрөгийн санхүүжилтээр гэр олгох ажлыг зохион байгуулав. Илгээлтийн эзэд-Эрдэнэтийн анхдагчдын жилийн ажлын хүрээнд хүнд өвчтэй болон амьдралын хүнд нөхцөлд байгаа 30 иргэнд 100.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгож эхлээд байна.
Үргэлжлэлийг http://erdenet.mn-с үзнэ үү.