Аюулгүй байдлын гол сэдэв төмөр зам

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдлын гол сэдэв төмөр зам

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэд Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөл байгуулахаар болсон юм. Түүний анхны уулзалт өнөөдөр тус хүрээлэнгийн “Хэлэлцүүлэг” танхимд боллоо. Энэ зөвлөл нь байнгын бус үйл ажиллагаатай, Стратегийн судалгааны хүрээлэнг түшиглэн ажиллаж үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар хамтран төрийн бодлого гаргагчдад зориулсан зөвлөмж гаргаж байх аж. Төрийн бодлого боловсруулагчид болон иргэдийн энэ талын мэдлэгийг дээшлүүлэх, төрийн байгууллагуудыг холбогдох зөвлөмж, зөвлөлгөөгөөр хангах зорилгыг мөн агуулах юм байна.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, Гадаад хэргийн сайдын алба хашиж байсан төрийн зүтгэлтнүүд, дипломатчид, шилдэг эрдэмтдийг татан оролцуулах юм байна.
Анхны уулзалтад Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, С.Баяр, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн , нэрт нийтлэлч Баабар, УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат, Г.Баярсайхан, Ж.Энхбаяр нар, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Зөвлөлийн зорилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцуулсны дараа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан С.Баяр нар байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний хэлснээр Монгол Улсын аюулгүй байдлын нэг гол сэдэв нь төмөр зам бөгөөд замын цариг өргөн нарийн байхдаа гол бус эдийн засгийн аюулгүй байдлаа түүгээр дамжуулж алдах эсэхдээ л анхаарах хэрэгтэй ажээ. Өнгөрсөн зууны дундуур, дэлхийн дайны үед хоёр хөршийн төмөр замын цариг өөр өөр байх нь Монгол Улсын аюулгүй байдалд хамаатай байжээ. Төмөр замаар танк, их буу, цэрэг гаднаас оруулж болох тул ядаж л цариг солих гэж цаг алдах нь аюулгүй байдалд эерэгээр нөлөөлөх байсан гэнэ. Харин одоо төмөр замаар цэрэг зэвсэг тээх асуудал үгүй тул эдийн засгийн аюулгүй байдлын баталгаандаа л анхаарах хэрэгтэй болохоос бус өргөн нарийн царигтай байх нь ач холбогдол багатай болжээ. Мөн төрийн хар хайрцагны бодлогоо хямгадаж байхыг тэд санууллаа.
Зөвлөлийн хуралдааан хаалттай үргэлжилж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж