УИХ-ын дэд дарга Л.Цогтой ярилцлаа. Тэрээр УИХ-ын Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй, түүнийг МАК дангаар эзэмших шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэн, Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа юм.
-Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй байхаар УИХ-аас тогтоол баталсан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж та үзэж байна. Үндэслэлүүдийг нь тайлбарлахгүй юу?
-Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Үндсэн хуулийн эл заалт ёсоор Монгол Улсын ашигт малтмалыг гагцхүү ард түмний мэдэлд байлгахаар тогтоосон нь Монгол Улсын иргэн бүр түүнээс үр өгөөж хүртэх ёстой гэсэн утга санаа юм. Гэтэл УИХ улсын төсвийн хөрөнгөөр олон удаа хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон орд болох Цагаан суваргын ордыг үнэгүйгээр хувийн компанид шилжүүлэх шийдвэрийг гаргасан нь ноцтой хууль зөрчсөн үйлдэл юм.
Хоёрдугаарт, хууль санаачлагч Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасныг удирдлага болгон Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани дахь төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоохоор тусгасан. Гэтэл тухайн ордод улсын төсвийн хөрөнгөөр 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажил тус тус хийсэн байдаг. Ийм байтал улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийсэн мэт болгон хувиргаж, төслийг өргөн мэдүүлсэн байгаа юм.
Гуравт, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2014 оны зургадугаар сарын 10-ны өдөр/ Цагаан суваргын ордын асуудлыг хэлэлцэхдээ Засгийн газрын өмнө дурдсан хууль бус ажиллагааг зогсоох ёстой байтлаа улам өөгшүүлэн төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн. Үүнийг нь УИХ баталгаажуулж баталсан.
Үнэндээ бол Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болно гэж заасан байдаг ч тус ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг ноцтой зөрчсөн хэрэг л дээ. Тиймээс би Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.
-Тус ордын нөөц тогтоогдсон гэж та хэллээ. Хэдий хэмжээний нөөцтэй юм бол?
-Цагаан суваргын орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр 250.4 сая тонн хүдэр, 0.643 хувийн агуулга бүхий 1.6 сая тонн зэс, 0.026 хувийн агуулга бүхий 66.167 тонн молибден, 0.044тн агуулга бүхий 11.127 тонн алттай хэмээн бүртгэгдсэн. Энэ бол улсын эдийн засагт төдийгүй Монгол Улсын иргэн бүрт онцгой ач холбогдолтой орд болохыг баталсан хэрэг. Ийм байтал улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийсэн мэт болгон хувиргаж байгаа нь стратегийн бусад ордыг иймэрхүү замаар зувчуулах гэсэн арга болов уу. Энэний араас ийм ордын лиценз барьчихсан олон, олон УИХ-ын гишүүн, сайд нар байгаа юм байна гэж ойлгосон. Энэ талаар жичдээ ярина. Хамгийн гол нь УИХ-ын гишүүд өөрсдөө ард түмний төлөөлөл байж, “Стратегийн ордод төр оролцох ямар ч шаардлагагүй” гэж шийдвэр гаргаснаараа цаана нь маш том лобби байгааг илтгэсэн хэрэг. Тийм болохоор эцсээ хүртэл тэмцэнэ.
-Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байхад та болон танай УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг энэ талаар яагаад байр сууриа тодорхой илэрхийлээгүй юм бэ. Төр хувь эзэмших шаардлагагүй гэдэг шийдвэрийг Эдийн засгийн байнгын хорооноос гаргахдаа “Төр 34 хувь эзэмших тохиолдолд 350 сая ам.доллар гаргана. Одоогийн нөхцөлд ийм хэмжээний хөрөнгө гаргах бололцоо төрд алга. Тиймээс хувийн хэвшилд эзэмшүүлээд төр татвараа авах нь зөв шийдэл” гэж байсан шүү дээ?
-Магадгүй өнөөдөр эргэлтийн мөнгөгүй байж болно. Гэхдээ баялгаа үнэлж, хувийн компанид зарах ёстой байсан. Тэгэхгүй зүгээр өгч байгаа нь ноцтой хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэлд нэг миллиард гаруй ам.долларын өртөгтэй орд гэж гарсан. Энэний 34 хувь нь 350 сая ам.доллар байх юм гэж үзсэн. Ер нь бол “Эдийн засгийн байдал хүнд байна, 100 хоног” гэж амьсгаадаж байгаа хэрнээ баялгаа худалдаж мөнгө олохын оронд зүгээр өгчихөж байгаа чинь том луйвар юм. Ямар ч үнэгүй зүгээр өгчихөж байна, энэ чинь Үндсэн хуулийн эсрэг явж байгаа байхгүй юу.
Одоо тэгээд МАК мөнгө босгох юм гэнэ лээ, ингэж босговол би ч босгоно. Энгийн жишээ авъя, хамтарсан компани байгуулахад яаж ордог билээ. Өөртөө байгаа бүхнээ өгдөг, машинтай бол машинтай, майхантай бол майхантай. Гэтэл хоосон мөнгөгүй хүнд өөрийнхөө байгаа баялагийг өгөөд, түүгээр нь нөгөө компани мөнгө босгоод төр нь хоосон хоцордог байж таарахгүй. Энийг маш сайн ойлгож байгаа хэрнээ эдийн засгийн хүндрэлийг ашиглаад луйвар хийж байна. Цаашдаа ингэж явах юм бол Монголын үлдсэн стратегийн 16 орд байхгүй болно. Ганц хэлж байгаа шалтаг нь төр өнөөдөр мөнгөгүй гэдэг. Баялаг нь байгаа хэр түүнийгээ үнэлж сураагүй. Оюутолгой ч ялгаа байхгүй. Цагаан суваргын орд ч ялгаа байхгүй. Ийм л болчихоод байна.
– Ашигт малтмалын тухай хууль Үндсэн хуультай нийцэхгүй байна. Тэмцээд, тэмцээд нэмэр алга гэх юм. УИХ-д МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ажиллаж байгаа хэрнээ яагаад хууль зөрчсөн үйлдлийг зогсоож чадахгүй байна вэ?
-Та нар УИХ дахь “Шударга ёс” эвслийн кнопын тоог мэдэж байгаа, 11-н кноп л бий. Барахгүй байна, бусдыг нь. Бид ард түмэндээ бид хэлэх үгтэй байх ёстой, сонгуулиар ямар амлалт өгсөн билээ, ард түмэн яаж итгэсэн билээ. Тийм учраас миний Цэцэд хандаж байгаа нь бидний тэмцлийн хэлбэр юм. Цэц яаж хандах нь харъя.
Г.ДАРЬ