&#34Оюуны чадавхиараа дэлхийд толгой цохиж чадна&#34

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

&#34Оюуны чадавхиараа дэлхийд толгой цохиж чадна&#34

Н.Дорждэрэм: Оюуны чадавхиараа Монгол Улс дэлхийд толгой цохиж чадна

Дэлхийн шинжлэх ухаан, технологийн салбарт олон чадварлаг, монгол залуучуус хүлээн зөвшөөрөгдсөөр байна. Түүний нэг бол нанотехнлогийн нээлтээрээ патент эзэмшдэг туршлагатай, залуу судлаач Н.Дорждэрэм. Тэрбээр физикийн шинжлэх ухааны доктор бөгөөд нано технологийн чиглэлээр мэргэшжээ. АНУ-д мэргэжлээрээ профессороор ажиллаж байгаад дөнгөж эх орондоо ирээд байхад нь түүнтэй уулзаж ярилцсан юм.

-Сайн байна уу? Та хэзээ монголдоо ирэв? Түр ирэв үү, бүр ирэв үү?

-Ирээд долоо хонож байна. Монголдоо ирлээ, сайхан байна шүү. Энэ удаад бүр мөсөн ирлээ. Эх орондоо ажиллаж амьдарч, өөрийнхөө хувь нэмрийг оруулмаар байна шүү (инээв).

-Олон чадварлаг залуучуус эх орондоо эргэн ирж байгаа нь үнэхээр сайхан байна. Та АНУ-д суралцсан тухайгаа ярихгүй юу?

-Би МУИС-д бакалавр, мастераа хамгаалаад, дараа нь хоёр жил сургуульдаа эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан, тэгээд АНУ-ыг зорьсон. Би АНУ-ын Пурдьюгийн Их Сургуульд физикийн ухааны чиглэлээр докторын зэргээ хамгаалсан. Барууны боловсролын тогтолцоо үнэхээр сайн. Хүнийг маш олон зүйлд сургадаг. Мөн мэдээж сургалтын бааз, орчин сайтай. Эрдмийн зэргээ хамгаалаад Юта мужийн Их Сургуульд пост-докторантур, Чикагогийн Лоёола Их Сургуульд эрдэмтэн судлаачаар ажилласан.

Хамгийн сүүлд буюу энд ирэхээсээ өмнө Филадельфиа хотын Шинжлэх Ухааны   Их   Сургуульд таван жил дэд профессороор ажилласан даа.

Судлаач хүний хувь үнэхээр сайхан туршлага олжээ. Таны судалгааны чиглэл болох нано технологийн талаар дэлгэрэнгүй ярьвал?

-Миний хувьд арваад жил энэ чиглэлээр судалгаа хийж байна. “Нано” гэдэг нь одой гэсэн грек үг бөгөөд энгийнээр тайлбарлахад аливаа зүйлийг тэрбум хуваасны нэг юм. Нэг үгээр хэмжигдэхүүн гэж ойлгож болно. Тухайлбал, нэг метрийг нэг тэрбумд хуваасныг нэг нанометр, нэг килограмыг нэг тэрбумд хуваасныг нэг нано кг гэнэ.

Энгийнээр тайлбарахад энэ бага хэмжээнд (нано метр, нано кг) шинж чанарыг тодорхойлох шинжлэх ухааныг л хэлээд байгаа юм. Сонирхуулахад, нанометрийн хэмжээнд байх 20 ширхэг атом молекулууд нь өөр хэмжээнд байх хэдэн зуун мянгаасаа өөр шинж чанарыг үзүүлдэг.

-Нанотехнологи бол харьцангуй шинэ салбар. Чухам яагаад энэ салбарыг сонгох болов?

-АНУ-д докторт сурч байх үед энэ салбар дөнгөж гарч ирж байлаа. Сонирхоод судлаад үзтэл, анхаарлыг минь маш их татсан. Ингээд л сонгосон доо. Нано технологийн салбар 1984 онд нобелийн шагнал хүртсэн атомын хүчний микроскоп бий болсноор эх сууриа тавьсан. Цаашлаад энэ багажны тусламжтайгаар эрдэмтэд атомыг илүү нарийн түвшинд судалж эхэлсэн. Миний судалгааны ажил ДНК-г ашиглах боломжийн талаар байсан. Бидний өнөөдрийн хэрэглэдэг компьютер шугаман үйлдлээр ажилладаг. Харин миний судалгаа параллель буюу бидний тархи шиг олон зэрэг ажиллах боломжийн талаар байсан. Мөн гэнэт цахилгаан тасрахад бидний компьютер дээр хийж байсан зүйл устчихдаг шүү дээ. Энэхүү судалгааны үүднээс бол хадгалах бүрэн боломжтой юм л даа. Ингээд би судалгаандаа патент авсан. Цаашлаад патентийг минь ашиглаад шинэ бүтээл төрөх байх гэж найдаж байна.

-Хийж байсан бүтээлүүдээсээ ярихгүй юу?

Өнгөрсөн жил Монгол, Солонгос, Америкт ажилладаг монгол залуус баг болж, “Iphone5”-д зориулсан цэнэглэдэг утасны гэр хийсэн. Бидний хийсэн бүтээл технологийн хувьд томоохон компаниудтай өрсөлдөхүйц хэмжээний байсан. Бүр зарим талаараа давуу талтай.

Гэвч бидний хувьд санжүүжилт, дэмжлэг, бизнесийн тал дээр туршлагагүйтсэн. Монголчууд бидэнд хийж бүтээх бүрэн боломж байна. Жаахан л туршлага дутаж байна. Маш гүнзгий, өргөн гол байлаа гэж бодъё. Анх голоор сэлж, нөгөө эрэгт гарахаас хүн бүр айна, боломжгүй гэж бодно. Харин хэн нэгэн нь сэлээд нөгөө эрэгт гарчихвал бусад хүнд энэ нь боломжтой мэт санагдаж эхэлдэг. Бусаддаа урам зориг, бас чадна гэсэн итгэл найдвар авчирдаг. Би хүмүүст ийм л итгэл найдар төрүүлмээр байна.

-Монголдоо бүр мөсөн ирлээ гэсэн. Тэгэхээр одоо юу хийх гэж байна?

-Би монголд ирээд маргааш нь л ажилдаа орсон. Америкт 10 гаруй жил амьдарлаа. Энд сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлье, бусаддаа хуваалцъя гэж бодсон. Ингээд Америкт байхад GMIT буюу Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их сургуулийн ректорын сонгон шалгаруулалтын зарыг хараад материалаа өгсөн. Ингээд тэнцээд, надад бүх зүйл нь таалагдаж ажлын саналыг хүлээж авсан л даа. Хамт олон маань маш чадварлаг хүмүүс байдаг. Бүгд л баруунд сургууль төгссөн, доктор профессорууд. Мөн герман багш нар байна. Бидэнд одоо маш чухал анхаарал хандуулах ёстой зүйл бол боловсролын салбар гэж би боддог.

Тэр дундаа судалгаа шинжилгээний ажил болон өндөр мэргэжилтэн бэлтгэх ажлыг маш чухалчлан авч үзэх ёстой болов уу гэж боддог. Манайд дадлага дээр суурилсан сургалт хараахан муу байна. Онолоор улаан товчлуур ийм үүрэгтэй гээд заачихдаг. Гэтэл практикт улаан товчлуур нь хаана ч байдаг юм бүү мэд. Тус сургуулийн онцлог нь оюутан, сургууль, үйлдвэрлэл гэсэн гурвалсан холбоонд түшиглэдэг.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачилгаар байгуулагдсан сургууль шүү дээ. Энэ жилийн хувьд орон нутгийн иргэд, эцэг эхчүүдийн хүсэлтээр манай сургууль инженерийн бэлтгэл анги болон бакалаврын хөтөлбөртөө элсэх нэмэлт боломжийг 7 дугаар сарын 30-наас 8-дугаар сарын 17-ны өдөр хүртэл олгож байна.

-Тус сургуулийг удирдаж яваа хүний хувьд сургуулийнхаа ойрын ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Сургуулиа монголд төдийгүй бүс нутагтаа энэ чиглэлээр шилдэг сургууль болгох зорилготой байна. Мөнхийн хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-д олон уурхай байдаг, энэ чиглэлээр эрэлт байна. Иймд эдгээр орноос оюутнуудыг авч элсүүлэх боломжтой. Ер нь Монгол Улс маань дан ганц газраа ухаж, баялагаа зараад хөгжих биш оюун ухаан, эрдэм мэдлэгээ бусдад түгээж, зарах цаг ирсэн. Энэ зорилгын хүрээнд л ирээдүйгээ харж байна.

Ярилцсанд баярлаа. Таны ажил үйлс, эрдэм судлалд болон гэр бүлд тань хамгийн сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Баярлалаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд бидэнд асар их боломж бололцоо байна. Гагцхүү бид эвлэж, хамтарч, бие биенээ дэмжиж, шинэ санаа, шинжлэх ухааны нээлтийг өдөр тутмын үйл хэрэг, шийдвэр гаргах үйл явцдаа ч ашигламаар байна.

Монголд сайн сайн эрдэмтэд, дэлхийн хэмжээний нээлтийн эзэд, судлаачид төрсөөр байна. Оюуны чадавхиараа Монгол Улс дэлхийд толгой цохиж чадна. Харин түүнийг нь зэврүүлэхгүй улам өнгөлөх нь л бодлого баригчдын шийдэх асуудал. Залууст маань ч дэлхийн аль ч орны залуу хүний өмнө ундарч буй шиг тийм алтан боломжууд гарч ирсээр байна. Манай сургууль ч тэр боломжийг санал болгож байгаа.

Миний хувь хүний маань зарчим бол хөдөлмөр, хичээл зүтгэлийг шүтдэг. Мөн одоо ажиллаж байгаа Монгол германы технологийн сургууль ч бас “Герман мэдлэг- Монгол ухаан”-ыг баримталж байгаа. Хувийн үнэт зүйл, ажил хэргийн зорилго мөрөөдөл маань ч нэгдэж байна. Тэр цэг нь Монголдоо инженерийн шинэ эрин үеийг бий болгох том зорилго болоод байна.    

Ярилцсан Э.САРУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж