Гамшиг, осол ба хүмүүнлэгийн ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

Гамшиг, осол ба хүмүүнлэгийн ажиллагаа

Дүрвэгсдийн хуарангийн ойролцоох хэсэгхэн задгай газарт сандарч бачимдсан хэн нэгний хашгирах дуу сонсогдоно. Ойр хавиас хүмүүс гүйлдэх зүгт харвал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шархадсан бололтой газарт хэвтэх бөгөөд өвдөж шаналсан өөр нэгэн орь дуу тавина. Ахиулан ажвал тэднээс хэдхэн метрийн цаана түрүүлгээ харсан хоёр ч цогс үзэгдэнэ. Тэгтэл улаан загалмайн таних тэмдэг бүхий сайн дурын ажилтнууд тэдэн рүү шаламгайлан очиж, хоёр нь айж цочирдсон хүнийг тайвшруулахыг оролдох зуурт зарим нь хэвлийдээ хутга мэсний шархтай бүсгүйд яаралтай тусламж үзүүлж бусад нь алагдсан, шархдсан хүмүүсийн эргэн тойронд үзлэг хийж эхэллээ.

Хэргийн газарт сандарч үймэлдсэн олон хүн төдхөн цугларах бөгөөд тойрон зогсох тэдний зарим нь сэтгэл зовиносон байртай үл мэдэг инээмсэглэх нь хүмүүнлэгийн  ажиллагааны үзүүлэх сургалт явагдаж байгааг ойлгосных бололтой.

Өмнөд Суданы Бау сууринд нутгийн захиргааг өөр газарт нүүлгэх шийдвэр гарсанаас үүдэн хоёр омгийнхны хооронд дэгдсэн мөргөлдөөнийг санагдуулам энэхүү үзүүлэх сургалт усны үер, хар шуурга, гал түймэр, газар хөдлөлт, үйлдвэрийн болон нисэх онгоцны осол, зэвсэгт мөргөлдөөний үед гамшиг осолд нэрвэгдэгсдийг аврах, хүмүүнлэгийн ажиллагааг хэрхэн шуурхай бөгөөд үр дүнтэй зохион байгуулахыг олон нийтэд зааж сургах зорилгоор хүмүүнлэгийн  байгууллагууд байнга хийдэг. Гамшиг, осолд нэрвэгдсэн, гэмтэж бэртсэн хүмүүст туслах, эмнэлэгт хүргэхэд  сайтар бэлтгэгдсэн хүмүүнлэгийн  байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Түүх сөхвөөс, 1919 онд Парис хотноо байгуулагдсан Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн хороо өдгөө 95 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд дэлхийн I дайны явцад шархдсан, бэртэж гэмтсэн цэргүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнээр олон нийтийн талархлыг хүлээж эгнээгээ тэлсэн хүмүүлэгийн байгууллагууд өөр хоорондоо холбоо тогтоож, хамтран ажиллах нь хэчнээн чухлыг харуулсан нь тэрхүү гамшигт дайны  нэгэн сургамж байсан гэлтэй.

Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Хэнри Дависон Британи, Франц, Итали, Япон, АНУ-ын улаан загалмайн нийгэмлэгүүдэд хамтарч ажиллахыг санал болгож олон улсын хурлыг зохион байгуулсанаар Олон улсын хүмүүнлэгийн байгууллага  үүссэн түүхтэй.

Хүмүүнлэгийн байгууллагууд өнөө цагт дайн, зэвсэгт мөргөлдөөнд шархадсан цэргүүдээр зогсохгүй байгалийн гамшиг, үйлдвэрийн осол, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед хүн амыг авран хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх, аж байдлыг нь дээшлүүлэх, хүмүүлэгийн болон хөгжлийн үйл ажиллагааг  шат дараатай явуулж байна. Чингэхдээ хэнийг боловч яс үндэс, арьсны өнгө, хүйс, сүсэг бишрэл, анги давхарга, улс төрийн итгэл үнэмшлээр нь ялгаварлахгүй, ижил тэгш ханддаг.

Төр, засгийн газрууд хэдийгээр тус хүмүүнлэгийн байгууллага биш боловч НҮБ-ын Гамшиг ослоос аврах алба, Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн олон улсын холбоо  зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын  үйл ажиллагаанд оролцож Женевийн 1949 оны конвенц, 1977 оны нэмэлт протоколын заалтуудыг баримтлан гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран, сэргээн босгох зэрэг хүмүүнлэгийн ажиллагаанд  үнэлж баршгүй дэмжлэг үзүүлдэг.

Монгол Улсын төр, засгийн газар ч дотоодын хууль тогтоомжууд, олон улсын  хүмүүнлэгийн хууль, холбогдох хурал чуулганы тогтоол шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнөөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч, гамшигт өртсөн  газар оронд бололцооны хэрээр хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

Чингэхдээ олон улсын хүмүүнлэгийн хуулиудыг баримтлан гамшигт нэрвэгдсэн хүн амд туслах, шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлэх үүргээ амжилттай биелүүлж байгаа болно. Гамшиг, ослоос сэргийлэх ажлыг тайван цагт урьдчилан зохион байгуулахыг  чухалчилдаг олон улсын хүмүүнлэгийн өргөн хүрээтэй ажиллаж байна.

Саяхан, энэ оны 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотноо Зүүн Өмнөд болон Зүүн Хойд Азийн улсуудын хүмүүнлэгийн асуудлаарх зөвлөлдөх уулзалт боллоо. НҮБ-ын Хүмүүнлэгийн ажиллагааг зохицуулах алба, Япон, Индонезийн Засгийн газрууд хамтран зохион байгуулсан энэхүү зөвлөлдөх уулзалтад Бруней, Камбож, БНХАУ, БНАСАУ, Индонези, Япон, БНАЛАУ, Малайз, Мьянмар, Филиппин, БНСУ, Сингапур, Тайланд, Зүүн Тимор, БНСВУ-ын Гадаад хэргийн яам, Онцгой байдлын байгууллага, Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин, НҮБын төрөлжсөн байгууллагууд, олон улсын болон бүс нутгийн иргэний нийгэм, хувийн хэвшил, судалгааны болон буяны байгууллага, гамшигт нэрвэгдсэн  хүн амын төлөөлөгчид оролцлоо.

НҮБ-ын гишүүн улсууд (2014 оны 5 дугаар сарын 16-нд), НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд (мөн сарын 30-нд), судлаач эрдэмтэд, цэрэг-иргэний, хүмүүнлэгийн үндэсний багууд, иргэний нийгэм , олон нийт, хувийн хэвшил (2014 оны 5-6 дугаар сард), Азийн орнуудын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нар (6 дугаар сарын 22-26-нд)-ын зөвлөгөөнүүдийн дараа зохиогдсон энэхүү зөвлөлдөх уулзалт нь Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаар Манила хотноо 2014 оны 9 дүгээр сард болох хэлэлцүүлэг,  Японы Синдай хотноо 2015 оны 3 дугаар сард болох бага хурал, 2015 оны 7 дугаар сард болох Ази, Номхон орнуудын хүмүүнлэгийн түншлэлийн чуулга уулзалтаар үргэлжилж хүмүүнлэгийн ажиллагааг төлөвлөх, уур амьсгалын өөрчлөлт, гамшиг, эрсдлийг бууруулах зэрэг асуудлаар санал солилцох, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг  олон нийтэд мэдээлэх,  хамтын ажиллагааны дунд хугацааны зорилго чиглэлийг тодорхойлох зорилгоор Туркийн Стамбул хотноо 2016 оны 5 дугаар сард болох хүмүүнлэгийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэхэд  чиглэсэн   байлаа.

Зөвлөлдөх уулзалтаар Хүмүүнлэгийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь, Эмзэг байдлыг бууруулж, эрсдлийг удирдах нь, Хүмүүнлэгийн үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх нь, Мөргөлдөөнтэй нутаг орны хүн амд үзүүлэх тусламж зэрэг  дөрвөн чиглэлээр хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлгийн явцад дэлхий дахинд, хотжилт, хүн амын өсөлт, байгаль орчны доройтол, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг сорилт бэрхшээл тулгарч,  үндэсний засгийн газрууд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, уршиг, үр дагаврыг бууруулахаар  хүчин чармайлт тавьж байгаа ч тэр бүр хүчин мөхөсдөж байна. Олон улсын хэмжээнд бүртгэгдсэн зэвсэгт мөргөлдөөнүүдийн дөрөвний нэгээс  илүү нь Ази тивд гарсан учир дурдсан нөхцөл байдлуудад өртөгсдөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хөрөнгө  хүч хомсдож байна.

Иймээс тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахын тулд олон улсын хүмүүнлэгийн  үйл ажиллагааны тогтолцоог шинэчлэн өөрчлөх, хамрах хүрээ, хэмжээ далайц, үр нөлөөг нь нэмэгдүүлэх, эрх  зүйн орчинг сайжруулах, үндэсний болон, бүс нутаг, олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн байгууллагуудын уялдааг сайжруулах зорилт тавигдаж байна.

Хүмүүнлэгийн ажиллагааны чиг хандлага, үзэл ойлголт,  бүтэц зохион байгуулалт, арга барил, техник хэрэгслийг шинэчлэх, нийгмийн янз бүрийн давхаргын санаа бодлыг сонсох, тулгарч байгаа сорилт бэрхшээлийг шийдвэрлэх асуудлыг Дэлхийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх, 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтыг тодорхойлох нь чухал байна  гэж цохон тэмдэглэв.

Ази, Номхон далайн бүс нутгийн, ялангуяа Зүүн Өмнөд болон Зүүн Хойд Азийн улсуудад тулгарч буй хүмүүнлэгийн нийтлэг асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн тэргүүлэх зорилтууд, гамшиг, эрсдлийг бууруулах зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг боловсронгуй болгох, Гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, Хүмүүнлэгийн үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх, Мөргөлдөөнт нэрвэгдсэн хүн амд тусламж үзүүлэх талаар зөвлөмж гаргав

Зүүн Өмнөд, Зүүн Хойд Азийн улсуудын хүмүүнлэгийн асуудлаарх зөвлөлдөх уулзалтад Монгол улсын  ОБЕГ, Гамшиг, гал түймрээс хамгаалах нийгэмлэг зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож Хүмүүнлэгийн үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах, Эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах салбар хуралдаануудад өөрийн оронд хүмүүнлэгийн  үйл ажиллагаа  хөгжиж ирсэн байдал, бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүйн орчны талаар танилцуулж, хэлэлцсэн асуудлуудаар санаа бодлоо илэрхийлж үг хэлэв.

Эрс тэрс уур амьсгалтай, хүйтний улиралд олон сараар үргэлжилдэг Монгол орны хувьд алслагдсан аймаг орон нутгуудтай цаг алдалгүй, шуурхай харилцах зорилгоор гар утасны сүлжээг сайжруулах, гамшгийн үеийн яаралтай дуудлага дохиоллын тогтолцоог  боловсронгуй  болгох, хүмүүнлэгийн тусламжийг яаралтай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, гарын авлага, зөвлөмжүүдийг нийтийн хүртээл болгох, гамшгийн бэлэн байдлын салбар дундын төлөвлөгөөг боловсруулах, сургалт, гамшгийн эрсдлийг бууруулах, хүмүүнлэгийн  ажиллагааны тулгамдсан асуудлаарх хэлэлцүүлгийг   дотоодын холбогдох байгууллагуудын хүрээнд төдийгүй үндэсний хэмжээнд зохион байгуулах зорилт   тавигдаж байна.                                                                        

ГХЯ-ны ОУБГ-ын захирал Г.Ганболд

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж