Өдөр тутмын сонинд нийтлэгдсэн зараас харвал нийслэлийн зарим дүүрэг, тухайлбал, Баянгол, Хан-Уул дүүргүүд өндөрлөг гэдэг зүйл барихаар тендер зарласан байх юм. Хан-Уул дүүрэг нь зүгээр л өндөрлөг гэсэн бол Баянгол нь Ардчиллын өндөрлөг хэмээн нэрийдэж байгаа аж. Хан-Уул нь өндөрлөгийн эскиз буюу загвар зургийг 10 сая төгрөгийн шагналын сантайгаар шалгаруулах бол Баянгол дүүрэг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр тендер зарлажээ.
Эдийн засаг хямарч, аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүйгээс сул зогсч, ажилчдаа цалингүй амрааж, валютаар авсан зээлийн өрөндөө идэгдэж байхад татварын мөнгөөр ийнхүү өндөрлөг мэтийн зүйл барих шаардлага байсан эсэхийг асуумаар санагдлаа. Хүн бүр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжээд байгаа өнөө цагт зарсан нэг төгрөгөө хоёр болгож буцааж олж чадахгүй ийм зүйлд хөрөнгө зарахыг шийдэж суугаа хүмүүсийг юу гэж нэрлэвэл зохилтой вэ.
Тэр өндөрлөг гэдэг нь бодвол нэг хөшөөрхүү байгууламж байх болов уу гэж таамаглаж байна. Баянзүрх дүүргийн бэлгэ тэмдэг гээд нэг банхарын хөшөө байдаг даа, тийм л юм байх болов уу. Хан-Уул дүүргийн өндөрлөгийн эскиз нь дүүргийн онцлогыг тусгасан, ойлгомжтой, чамин ур хийц оруулсан байх гэсэн шаардлагатай бөгөөд Өлзийтийн зас, Морингийн зам, Наадамчдын зам, Сонсголонгийн замтай нийлэх Нисэхийн уулзвар хэсэгт байх аж. Хан-Уул дүүргийн онцлог гэхээр танд дүр зураг бууж байна уу. Хуучин социализмын үед Ажилчны район хэмээн нэрлэгдэж байсан энэ дүүрэг өнөө цагт Хан- Уул хэмээх сайхан нэрийг аваад байгаа билээ.
Баянгол дүүргийн Ардчиллын өндөрлөг гэдгийг төсөөлөхөд бас л бэрх. Зөвхөн Баянгол дүүргийнхээ ардчиллыг бэлгэднэ гэсэн санаа гэж ойлгож байгаа учраас тэр санаа хэрхэн яаж хэлбэржиж, баянголчуудын нүдэнд харагдах нь сонин л байна.
Сангийн хөрөнгө нь саваа бялхаж байсан бол сайхан л санаа. Гэвч энэ нь цагаа олсон шийдвэр үү, ер нь тэгээд хэрэгтэй юу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Үр өгөөжөө өгөхгүй ийм зүйлд зарцуулж байгаа хөрөнгө өнөөдөр бизнес эрхлэгч нэгэнд аминд тултлаа хэрэгтэй байгаа шүү дээ. Ямар нэг зүйлийг үйлдвэрлэж бүтээж байга гэдэг эргээд баялаг болдог.
Мөнгөгүйгээ гайхсан монголчууд энэ зунжин хэдэн сумын 90 жилийн ойг тэмдэглэж, бөх барилдуулж, морь уралдуулж, сур харваж байгааг телевизээр бишгүй харлаа. Мэдээж энэ ойгоо тэмдэглэх хангалттай төсөв сумын захиргаанд байхгүй, нутгийн уугуул гэгдэх гайгүй яваа хэдийнхээ хөдөлмөрлөж олсон мөнгөөр л цуглуулсан биз. 90 жил гэдэг түүхийн урт хугацаа мөн боловч хармаа хоосон байж заавал тэмдэглэх ёстой гэж үү. Нэрээ бодоод л гэж олон хүн хэлэх байх. 90 жилээ тэмдэглэж байгаа хөрөнгөөр 70 сургууль барих байсан гэж саяхан нэг сэтгүүлч бичсэн байсан. Сумынхаа 90 жилийн ойгоор цуглуулсан хандивын мөнгөөрөө нийслэлийн сургууль хүрэхгүй байгаа дүүрэгт нэг сайхан сургууль бариад үлдээсэн бол хэдэн үеэрээ бахархах зүйл биш үү. Ойд цугласан мөнгөөрөө бас л баахан хөшөө энд тэнд босгосон дуулдсан. Бэлгэдлийн гэмээр юм уу, хөөрлийн гэмээр юм уу энэ сэтгэлгээнээс бид хэзээ салах вэ. “Монголчууд улс орныхоо төлөө хийх ёстой зүйлээ мэдэж байгаа мөртлөө хийхгүй байгааг хараад гайхдаг” хэмээн Японы нэгэн хөрөнгө оруулагч хэлсэн байна лээ. Наадам тэмдэглэсэн бүх хүн, хөшөө босгосон, босгох гэж байгаа бүх хүн яг одоо бол энэ хэрэггүй гэдгийг уг нь мэдэж л байгаа. Даанч монгол менталитет нь /менталитет гэдэг нь үндэстний онцлог, оюун санаа, сэтгэлгээний хэв шинж юм/ өөрийн эрхгүй хэрэггүй зүйлд мөнгө зарахад шийдвэр рүү хөтөлдөг бололтой.
Д.НАРАНТУЯА