Жил гаруйн өмнөөс ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээр олон мянган залууст орон сууцтай болох итгэл өгсөн ч Засгийн газраас баталсан журам, банкнаас тавих шалгуурт бүдэрсээр л байна. Ажилтай юу ажилтай, орлоготой юу орлоготой, урьдчилгаа 30 хувиа төлсөн үү төлсөн. Ийм байтал орон сууцтай болж чаддаггүй. Эцэстээ азтан болж, орон сууцанд орох квот авах жишиг тогтох нь тэр. Цаашдаа ямар ч шаардлага тавигдаж магадгүй. Эдийн засгийн хямрал банкуудыг шалгуураа өндөрсгөхийг шаардаж, тэр хэрээр бага, дунд орлоготой иргэд орон сууцны зээлд хамрагдах боломж багасч байгаа учраас тэр. Гэхдээ нөгөө талдаа боломжийн амьдралтай иргэдэд таатай нөхцөл бүрдэж мэдэх нь.
Барилга хот байгуулалтын сайдын хэвлэлд өгсөн яриагаар 80 м2-аас дээш талбайтай орон сууцанд ипотекийн зээл олгож болох эсэхийг Засгийн газар судалж эхэлжээ. Эцсийн хариу гараагүй байгаа ч иргэдийн дунд 80 м2-аас дээш талбайтай орон сууцанд ипотекийн зээл олгоно гэсэн хүлээлт бий болох нь тэр. Хямрал мөддөө зогсохгүй, үргэлжлэх төлөвтэй байгаа үед иргэд дээрх хэмжээний талбайтай орон сууцанд ипотекийн зээл олгохыг хүссэн нь нэг талдаа эерэг мэдээ ч хэрэгжээд эхэлбэл сул талыг бий болгохыг эдийн засагчид анхааруулж байна. Нэгдүгээрт, зах зээлд хэтэрхий их мөнгө “шахвал” өнөөдрийн 14.5 хувьтай инфляци нэг оронтой тоо руу орно гэдэг бэрх аж. Хоёрдугаарт, аль ч улс ипотекийн зээлийг тансаг хэрэглээг дэмжих бус бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор хэрэгжүүлж иржээ. Өөрөөр хэлбэл, Монголын барилгын компаниудын өнөөдрийн барьж буй 80 м2-аас дээш талбайтай орон сууц ихэвчлэн тансаг зэрэглэлд хамаарч байна. 1м2-ынх нь үнэ 3 сая төгрөгөөс эхэлнэ. Ихэвчлэн 100 м2-аас дээш талбайтай орон сууцуудыг голлон барьж байна. Харин бага, дунд орлоготой иргэд 30-45 м2 талбайтай орон сууцыг ихэвчлэн сонирхдог. Талбайн үнэ 1м2 нь 1.600.000-1.800.000 төгрөг орчим байна. Сарынх нь орлого дээрх үнэтэй орон сууцыг ипотекийн зээлээр авахад хүрэлцэх учраас үүнээс илүүг шохоорхох боломжгүй.
Эндээс харахад, Засгийн газар эхлээд бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулж утаанаасаа салах уу, эсвэл тансаг зэрэглэлийн орон сууцанд ипотекийн зээл олгож, утаатайгаа суух уу гэдэг шийдлийн өмнө ирээд байх шиг. Аль нь дээр вэ гэдэгт уншигчид ч мөн саналаа өгнө биз.
Учир нь жил бүрийн өвөл Улаанбаатар хотын хэмжээнд утааны асуудал хөндөгдөж орон сууцыг олноор барих тухай ярьдаг ч гэр хорооллын 180 мянган өрхийг утаа бага гаргадаг зуухаар хангах хөдөлгөөн өрнүүлсэнээс өөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил хийгдсэнгүй.
“Гудамж” төслийн хүрээнд Баянгол дүүргийн Гандангийн орчин тойрон дахь гэр хорооллын айлуудын хашаа хороог гоё болгосон ч утаа бага гаргадаг зуухандаа нүүрсээ түлж өвөлжихөөс аргагүй. Дэд бүтцийг шийдээгүй байхад шавар байшингуудыг нүүрсээр халаахгүй өөр юугаар халааж өвөлжих юм.
Хэрвээ бага, дунд орлоготой иргэдэд зориулсан найман хувийн зээлийн нөхцөл нь уян хатан, ажилтай иргэн бүр авчихдаг байсан бол утаанд хордоод суухыг хэн хүсэх билээ.
Ингэхэд Засгийн газар тансаг орон сууцанд найман хувийн зээл олгож болох эсэхийг судалж цаг үрэхийнхээ оронд бага, дунд орлоготой иргэдийн сарын орлогыг дахин тодорхойлж тэдэнд зориулсан журмыг дахин боловсруулах цаг ирсэн юм биш үү. Хоёр өрөө байртай болохын тулд сарын орлого 800 мянган төгрөгөөс 1 сая хүртэл байх ёстой. Гэтэл бага орлоготой иргэдийн сарын орлого 600 мянган төгрөгөөс дээш гарахгүй байна шүү дээ.
Г.БОЛОР