Сум нь цэцэрлэггүй, бөх нь байртай

Хуучирсан мэдээ: 2014.08.02-нд нийтлэгдсэн

Сум нь цэцэрлэггүй, бөх нь байртай

Улсын хэмжээнд 119 сум тэгш ойгоо тэмдэглэж, манайхан хот, хөдөөгүй баяр наадам тэмдэглэн наргиж цэнгэж байна. Дээр доргүй хэтийдэн баярлаад өвлийг яаж давах байтугай өнөө маргаашгүй эхлэх гэж буй хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн асуудлыг ч таг мартав. Байдгаа гөвөн баярлаж, байсан бүхнээ наадамд түрүүлсэн бөх, айрагдсан морьдын бай шагналд тавиад туучихлаа.

Улс, аймгийн цолтой бөхчүүд бүгд л төрсөн нутагтаа цолоо дуудуулна, хүндэтгэл үзүүлнэ хэмээн зодоглоцгоосон нь ч учиртай. Байр, хаусаас эхлэн бараг нэг орон сууц авчихаж байна, тэд. Аймаг, сумынхан ч “Ирсэн зочид, барилдсан бөх, уралдсан морьдын эздийн өмнө нүүрээ улайлгахгүй юм шүү” гэж ирээд байдгаа шавхсан.

Энд байгаа тойргийн гишүүд, сайд дарга нар нь ч түүнийг нь дагуулан төсөв мөнгө гаргуулж цацахаа цацаж, завшихаа завшдаг зуршилтай. Зарим гишүүн улсын, наадамд тав давсан нутгийн бөхийн цолоо дуудуулахад сэтгэл нь хөдлөхдөө унаж явсан “Ланд-200”-аа бэлэглэчихээд, “Гарьд магнай” киноны Равсал панз шиг явган таваргасан гэж байгаа.

Байдгаа гөвөн баярлаж, байсан бүхнээ наадамд түрүүлсэн бөх, айрагдсан морьдын бай шагналд тавиад туучихлаа.

Бөхчүүдийн зарим нь бай шагналдаа сэтгэл ханалгүй энд тэндхийн наадам хэсэн найраа хийж, үнэн хүчээр бус мөнгөнд өвдөг шороодсон нь нууц биш. Энэ мэтээр бөхчүүд 200 саяын үнэтэй жийп, 450 саяын үнэтэй 3-4 өрөө байрыг хээр талаас цэцэг түүх мэт амархан цуглуулав.

Тэдэн дотор тансаг зэрэглэлийн хотхонд зургаан өрөө байртай болсон нь ч бий. Аймаг, сумаараа нийлэн эрвийх, дэрвийхээрээ ийнхүү бөхчүүдээ дэмжлээ.

Төсвийн болоод төсвөөс гадуурх бүх мөнгөө тэдэнд өглөө. Түүний ард сум нь цэцэрлэггүй, аймаг нь сургуульгүй,багийнх нь эмч машин байтугай мотоцикль ч үгүй үлдлээ.

Уг нь тэр их мөнгийг сумынхаа бүтээн байгуулалтад зориулж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, хэдэн хүүхдийг ч болов их, дээд сургуульд суралцуулж боловсролтой болгосон бол том хөрөнгө оруулалт болох байлаа. Харамсалтай нь бөхчүүд байртай, машинтай, мөнгөтэй болж, сум, аймаг нь хоосон үлдэж байна даа.

Ч.ЗОТОЛ

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж