Өрх толгойлсон эмэгтэйд гэр, тавилга өглөө

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Өрх толгойлсон эмэгтэйд гэр, тавилга өглөө

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас ХЭҮК, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны Ажлын алба (ХЭХҮХХ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөлтэй хамтран “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 3 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд аймагтаа зохион байгуулсан билээ.

Энэ үеэр “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслөөс “Ядуу хүмүүсийн эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах” үзэл баримтлалыг сурталчлах арга хэлбэрийг сонгон боловсруулах ажлын хүрээнд Хэрлэн суманд оршин сууж буй ядуу иргэдийн өрхийн бүртгэлээс сонгон, 3  ядуу өрхөөр орж ярилцлага хийсэн юм. Эдгээр өрхөөс хамгийн анхаарал татсан 1 өрхөд туслахаар аймгийн Хүний эрхийг хангах үндэсний хорооны салбар хороо, аймгийн ЗДТГ-ын Эрх зүйн туслалцааны төвөөс санаачлан “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хэнтий аймгийн салбар, ХААН банк, Хэрлэн сум, Өмнөдэлгэр сумдад хандсаныг дээрх газрууд хүлээн авч туслалцаа үзүүлэх тухайгаа мэдэгдсэн байна.

Ингээд Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн, 46 настай эмэгтэй Лхамсүрэнгийн Энхбаатар өнөөдөр иж бүрэн 5 ханатай гэр, гал тогооны тавилга, хөргөгч, хүүхдүүддээ бичиг хэргийн хэрэгсэл бэлгэнд хүлээн авлаа. Тэрбээр 81 настай ээж Ч.Лхамсүрэн, 7 хүүхдийн хамт есүүлээ сарын 20 мянган төгрөгийн түрээсийн гэрт амьдардаг байжээ. Түүний хүү Нэргүйн Сүхболд ажилгүй, хүү Сүхбат нь зах дээр ажилладаг, Болдсүх нь МСҮТ-д сурдаг, бага 4 хүүхэд нь Ерөнхий боловсролын сургуулийн 3-11-р ангид суралцдаг аж. Хүний эрхийг дээдлэгч ажилтнууд ийнхүү нэг ч гэсэн халуун ам бүлийг ая тухтай амьдрах орчин нөхцөлтэй болгосны зэрэгцээ азай буурал эмээ Ч.Лхамсүрэнд нь шинэ дээл гардуулж өгч давхар баярлуулжээ.

    И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж