РИА Новости. Михаил Воскресенский
- Нидерланд, Австралитай байгуулсан гэрээний тухай хуулийг баталгаажуулан ерөнхийлөгч Порошенко гарын үсгээ зурлаа. Энэ нь Украины нутагт унасан "Boeing 777" онгоцны ослын талаарх мөрдөн байцаалтад Нидерланд, Австрали хоёрыг татан оролцуулах боломжийг өгч байгаа юм.
- Абакумова уурхайн тосгоныг хүчнийхэн их буугаар буудах үеэр нэг хүн амь үрэгдэж, гурван иргэн шархаджээ.
EPA/IVAN BOBERSKYY
- Луганск хүмүүнлэгийн сүйрлийн ирмэгт байна. Хотын захиргааны мэдэллээр хотод цахилгааны хангамж бүрэн тасарчээ. Өнгөрсөн хоногт сөргөлдөөний улмаас энгийн таван хүн амь үрэгдэн, есөн хүн шархаджээ.
- Донецк хот гэрэлгүй хэвээр байна. Кубышевын районы цахилгааны 26 дэд станц эвдэрчээ. Цахилгаан 4,5 мянган хувийн байр, олон давхар орон сууцны 44 орчим байранд ирээгүй байна.
- Донецкийн Ясиноватая хотод хийсэн хүчнийхний шөнийн довтолгооныг няцаах үеэр тэдний хоёр танк, хуягт машиныг сөнөөсөн тухай сайн дурынхан мэдээлэв. Сайн дурынхны отолтод Шахтерскийн районд Украины десантын цэргийн 25-р бригадын цуваа орон ихээхэн хохирол үзсэн байна. Сүүлийн мэдээллээр, хоёрдугаар сумангийн дарга, 21 цэрэг амь үрэгдсэн байна. Маш олон хүн шархадсан ба тэднийг нисдэг тэргээр зөөж байгаа аж. Гуч гаруй хуягт техник сөнөөгдсөн мэдээлэл байна. Мөн районд гурван цэрэг олзлогдсон ба тэдний яриагаар офицерүүд цэргүүдэд трамадол гэдэг эм тарааж байгаа гэнэ. Мансууруулах бодисийн төрлийн эм нь шарх авсан үеийн өвдөлтийг намдаах үйлчилгээтэй аж.
- Украины аюулгүйн албаныхан нэгэн цагдаагийн офицерийг тус улсын Дотоод хэргийн сайд Арсен Аваковыг хөнөөх гэсэн хэргээр баривчилсан байна.
- Киев хотын Михайловскийн талбай дахь Майданы идэвхтнүүдийн майхант лагерийг үл таних этгээд пүрэв гаригийн шөнө шатаасан байна гэж УНИАН агентлаг мэдээлэв.
РИА Новости. Александр Максименко
- Нидерланд ба Австралийн шинжээчдийн 14 машинтай цуваа “Боинг” онгоц сүйрсэн газарт хүрэлцэн очив.
- Украины дүрвэгсдийг хүлээн авахаар бэлтгэсэн Оросын түр цэгүүдийн тоо 1500 гаруй болсон байна. Өнгөрсөн хоногт дүрвэгсдийн тоо мянган хүнээр нэмэгджээ.
- "АН-26" онгоц Ростов мужаас Украины шархадсан дөрвөн цэргийг авч нутаг буцав.
- Украины цөөнх тус оронд хэсэгчилсэн цэрэг татлага зарлагдсанд эсэргүүцэл илэрхийлж, сөргөлдөөнийг тайвнаар зохицуулахын төлөө уриалав.
- ОХУ, Украин, OSCE гурвын бүтэцтэй контактын хэсгийн уулзалт Минск хотноо баасан гаригт үргэлжилж, шинжээчид зөвлөлджээ.
- Оросын онгоц дахин хил зөрчлөө гэж Украин мэдэгдэв.
- Луганск мужийн Красный Луч районд “ардын захирагч” Губаревын зөвлөх Александр Просельков хөнөөгдсөн байна. Донецкт тэрээр хүмүүнлэгийн цувааг хүргэж явсан гэнэ. Харин цэргийнхэн түүнийг өөрсдийн тал нь андууран хөнөөсөн гэлээ.
- Өнгөрсөн хоногт Донецкт тавиад машиныг хулгайлсан байна. LifeNews украин цэргийнхэн дээрэм тонуул хийсэн гэв.
- Хүчнийхэн Донецкийн Новый свет сууринг хяналтдаа авчээ.
- Донецкийн захын дүүрэгт хүчнийхэн фосфорын бөмбөг хэрэглэжээ.
- Краматорск хотод Украины талынхны жагсаал болсон байна.
- Хилчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг Украины хилийн алба үгүйсгэлээ. “Бид цөөхүүлээ үлдсэн ч хилийн хамгаалалт байсаар байна. Хүнс тасарлаа. Бид нэг талаас Донецк, Луганск нөгөө талаас Орост шахагдсан байна. Бидэнд жаран хүн үлдсэн. Өдөрт арайхиж нэг хооллосон болж байна Ундааны ус ч байхгүй. Өрөмдлөгийн булингартай ус ууж, түүгээрээ хоол хийж байна. Өөрсдийн өндөрт тааруулан ухсан нүхэнд амьдарч байна” гэж Оросын хилийн орчим шахагдсан 24 дүгээр механижсан бригадын дайчин ярьжээ.
- Европын холбоонд суугаа Украины элчин Орост оруулах ёстой ч битүүмжлэлд хамаарсан хөрөнгө оруулалтыг Донбассыг сэргээхэд өгөхийг шаарджээ.
- Донецк мужид цэрэг татлага явагдаагүй гэж мужийн захиргаа мэдээлэв.
- Украины хилчид Оросын дугуйтай хүнийг барив. Түүнийг цэргийн байрлалын тагнуул хийж байсан хэмээн үзжээ.
- Орост орж ирээд буцсан украин цэргийнхнийг Эрүүгийн хуулийн 409 дүгээр заалтаар цэргийн албанаас оргосон гэх хэрэгт сэжиглэн шалгаж байгаа тухай сэтгүүлч Роман Бочкала твиттерт бичсэн байна.
- Украины тал террор хийхээр бэлтгэж байна хэмээн сайн дурынхан мэдээлэв.
- Ирэх сонгуульд “Баруун сектор” оролцоно гэж түүний төлөөлөгч Борислов Береза мэдэгдлээ.
Ровенийн цэргийн цагдаа нар дайнд мордохын өмнө. Фото: Украины БХЯ
- Хилийн нэвтрэн өнгөрүүлэх "Изварино" боомт сайн дурынхны хяналтад байгаа гэж Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей мэдээлж байна.
- Саур-Могилын районд ширүүн байлдаан үргэлжилж байна. Степановка, Мариновка сууринуудын хүнд тулалдааны дараа орхин гарлаа гэж сайн дурынхан мэдээлэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР