Хэлэлцүүлэгт БОАЖЯ, Усны газар, ХААИС, Ус цаг уурын хүрээлэнгээс зохих албаны хүмүүс болон эрдэмтэд, Дорнод, Хэнтий аймгийн БОАЖГ, цаг уурын ажилтнууд, ИТХ-ын Тэргүүлэгчид, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ-ын дарга нар, ойн нөхөрлөл, иргэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо. Уг хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Онон голын сав газарт хэрэгждэг “Нутгийн иргэдийн тусламжтай байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах төсөл”-ийн тухай, Онон голын сав газрын зөвлөлийн дарга Б.Төрхүү зөвлөлийнхөө үйл ажиллагааг танилцуулав. Мөн Хэнтий, Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг оролцогчдод танилцуулсан бол “Усны нөөцийн нэгдсэн менежмент” төслийн зөвлөх, Онон голын сав газрын зөвлөлийн гишүүн, “Байгаль орчны гавъяат ажилтан” доктор Ц.Балдандорж “Онон голын сав газарт тулгамдаж буй асуудлууд”, Хэнтий аймгийн БОАЖГ-ын дарга Б.Дархантөр “Онон голын сав газар дахь уул уурхайн өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар” мэдээллүүд хийлээ. Түүнчлэн Ус цаг уур хүрээлэнгийн Усны секторын эрхлэгч, зөвлөх, доктор Г.Даваа “Онон голын сав газрын усны нөөц, экологийн асуудлууд” сэдвээр хийсэн суурь судалгааны талаар, ХААИС-ийн проректор, зөвлөх, доктор А.Бакей Онон голын сав газрын нийгэм эдийн засгийн байдлын тухай, “Онон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-ний төслийн талаар танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид Онон голоо хамгаалах талаар олон үнэтэй санал гаргасныг төлөвлөгөөний төсөлд тусган ирэх 6 сард төлөвлөгөөгөө эцэслэн баталж хэрэгжүүлэхээр боллоо.