Ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна

Хуучирсан мэдээ: 2014.08.02-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна

Наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар ихэнх гол мөрний усны түвшин аажим буурч байгаа хэдий ч зарим томоохон голын усны түвшин үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна.

Тухайлбал Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Туул гол Лүн сум, Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум, дунд буюу Өндөрхаан сум мөн түүнчлэн Онон гол Дадал сум орчимд үерийн түвшинг 5-25 см, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 15-20 см давсан хэвээр байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Хэдийгээр усны түвшин буурч байгаа хэдий ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох тул тухайн үед орсон хур борооны эрчимшлээс хамаарч гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх тул ард иргэд сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна.

                                                                                           

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногт ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.


2014 оны 08 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

   Төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зарим, зүүн болон говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна.


Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 8 дугаар сарын 03-наас 2014 оны 8 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   3-нд ихэнх нутгаар, 4-нд төв, зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр, 5-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 3-4-нд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд нутгийн зүүн хагаст хална.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж