Ц.Балдандорж дарга 1965 онд Москва хотын Усны аж ахуйн барилгын инженерийн сургуулийг усны барилгын инженер мэргэжлээр төгсч эх орондоо ирээд Дорнод аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт ерөнхий инженер, даргаар 7 жил, Усны аж ахуйн Яам болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайдаар тус бүр 2 жил, Усны хайгуул төсөл эрдэм шинжилгээний институтын захирлаар 15 жил ажиллаад төрөлх нутагтаа Засаг даргаар ирж ажилласан билээ. Уг сонгуульт ажлаасаа хойш мэргэжлийнхээ дагуу ШУА-ийн харъяа Геоэкологийн хүрээлэнд салбарын эрхлэгч, шинжлэх ухаан технологийн төслийн удирдагчаар үргэлжлэн ажилласан Монгол улсын зөвлөх инженер юм. Түүний удирдлага биечлэн оролцоотойгоор гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын унд ахуйн болон үйлдвэрийн усан хангамжийн одоогийн байдал, байршил, нөөц хэтийн хөгжлийн 2020 оны концепци” төсөл нь салбарынхаа 2000 оны шилдэг бүтээлээр, “Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх гол, Умарт говь болон Их нууруудын хотгорын сав газрын усны нөөцийг нэгдмэлээр ашиглах ба хамгаалах схем” цуврал бүтээлүүд нь Монгол улсын экологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны шилдэг шинжлэх ухааны бүтээлээр тус тус шалгарч байжээ.
Тэрбээр Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа өдгөө олон улсын нэр хүндтэй уралдаан болон өргөжсөн буриад дууны “Алтаргана” наадмыг анх санаачилсан юм. Монгол оронд улс төр, нийгэм эдийн засгийн шинэчлэл хийгдэж байсан эхний үе буюу 1994 онд Хэнтий аймгийн ЗДТГ-ын санаачилга, хэнтийчүүдийн дэмжлэгтэйгээр буриад дууны наадам түүний төрөлх нутаг – Дадал суманд анх болж, энэ наадмыг нутгийн буриад зоны саналаар “Алтаргана” хэмээн нэрлэсэн байна. Ийнхүү буриад дууны “Алтаргана” наадмыг анх санаачилж зохион байгуулсан анхдагчийн онцгой эрхийн 7826 тоот гэрчилгээг Монгол улсын оюуны өмчийн газраас холбогдох баримт мэдүүлгийг үндэслэн тухайн үед Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Балдандорж, мөн аймгийн ЗДТГ-ын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал нарт олгожээ. Ингэж буриад дууны “Алтаргана” наадам анх 1994 онд Хэнтий аймагт зохион байгуулснаас хойш 17 жил өнгөрч энэ хугацаанд 9 удаагийн наадам болоод байна.
Ц.Балдандорж дарга одоо ч мэргэжлийнхээ дагуу Онон голын сав газрын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаль хамгаалах үйлст хүч хөдөлмөрөө зориулж явна.