“Монгол Улс ардчилсан орон” гээд л амтай болгон цээжээ дэлддэг. Гэтэл үгүй юм аа. Ардчилал өндөр хөгжсөн баруунд муусайн нохой, муурны эрхийг хүртэл хамгаалж, аливаа ослын үед тэжээвэр амьтан авралгүй хаяад явсан хүнд ял эдлүүлдэг юм билээ. Харин Монголд хүн бүрийн дээдэлдэг хүлэг морьдоо ад үзэж байна. Энэ хавар “Гал үндэстэн” холбооныхон улс төрийн тэмцэл хийж, төв талбайд хэдэн морь оруулж ирсэн. Гэтэл тэр морьдыг хүнээс нь илүү үзэн ядаж, хотоос хөөж гаргадаг юм байна. Хот руу эргэх орох гэхээр цагдаа нар замд нь отож байгаад “баривчилж” байгаа. Уг нь манай улсын ямар ч хууль, журамд “Хотын гудамжаар адуу мал явж болохгүй” гэсэн зүйл заалт байхгүй. За яах вэ. Эрхэм дээдсийн тааллаар болж байгаа юм байлгүй гээд дуугүй өнгөрье гэвэл бас л болж өгдөггүй шүү. Юу гэвээс хотын төвөөр гадаадын том ястай адуунууд ямбатай нь аргагүй “зугаалж” явна. Очиж очиж адуунд харшилтай цагдаа нартай “найзлаад” хотын төвөөр хөндлөн гулд давхилж байгаа юм шүү. Ийм шударга бус юм байж болох уу, таминь ээ. Монгол Улсаа харийн дарангуйллаас салгаж, тусгаар тогтносон эрх чөлөөтэй орон болгоход эзэн хүнээсээ дутахааргүй үүрэг гүйцэтгэсэн хөөрхий морьд маань ийн алдагдаж байхад Оросын тоомсог яахаараа ийм давуу эрх эдлэх ёстой гэж. Энэ ч арай дэндэнэ ээ. Морьдын авч байгаа “цалин” нь хүртэл эрс ялгаатай юм билээ. “Гал үндэстэн” холбооныхон тэмцэлд ашигласан морьддоо өдөрт тал боодол өвс, хугас хувин ус л өгч байсан. Хөөрхий морьд хотын төв рүү орж ирэх гэж хүчит техник хөлөглөлсөн цагдаа нартай “тулалдаж” орж ирсэн хойноо төрийн ордныг тойрон жагсаал хийх гэх мэтээр хамаг хүч тамир, ул туураа барсан. Харин Оросын морьд ямар ч зовлон амсалгүй төв талбайг таваараа хэд тойрсныхоо төлөө хэдэн мянгаар тоологдох “ногоон” авч байгаа гэсэн. Бас амттаны дээдийг зооглож тансаг “байр”-нд амардаг гэж байгаа. Ер нь Монголд ардчилал, шударга ёс гэж алга. Магадгүй нэг өглөө сэрсэн чинь “Хотын төв руу Монгол хүн оруулахгүй” гээд баахан гадаад морь унасан цагдаа нар зогсч байхыг үгүйсгэх газар алга.
Эх сурвалж:
“Улс төрийн тойм” сонин
“Улс төрийн тойм” сонин