
Намаа бүтнээр нь авч яваад, ирэх сонгуульд ялалт байгуулж өөрийнхөө нэр төрийг Монголын улс төрд нэгмөсөн дархалж авах уу, эс бөгөөс ингэсхийгээд Н.Энхбаяртаа булаалгах уу гэдэг ёстой л түүний хэрэг. Чадвал чад, чадахгүй бол боль. Ингээд гүйцээ. Харин ард түмнээ хуурч, популист амлалт өгч сонгогдсон эрх баригчидтай тооцоо бодох, тэмцэх эсэх нь бидний хэрэг. Он цаг улирах тусам хууртсаар, улам ядуурсаар байх уу, үгүй юү гэдгээ нэг мөр шийдэж авах нь ард түмний хэрэг. Ядуу хоосондоо туйлдаж ходоодоороо сонгууль өгч, тэднийг давраасаар байх уу гэдэг ч мөн л тэдний хэрэг.

Хамтарсан Засгийн газар эсэн мэнд үлдэхийн тулд янз бүрээр л ажиллаж таарна. Энэ бол тэдний хэрэг. Харин эрх мэдлээ авч үлдэх гэсэн тэдний урхинд орж хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй. Энэ бол бидний хэрэг. Стандарт бус Засгийн газар огцрох, эс огцрохын заагт, МАХН-ын даргын албан тушаалыг хэнбугай нь ч хашсан бай сэтгүүлч сэтгүүлчээрээ, хэвлэл мэдээлэл хараат бусаараа л үлдэх ёстой. Тэд явж, бид үлддэгийг санагтун. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн арчигдаад дуусвал хоёр жилийн дараа, хэрэв тэд санасандаа хүрч энэ УИХ тарвал мөдхөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж буй энэ дарангуйлагчид явж одно. Тэрний дараа уншигчдадаа юу гэж хэлэх вэ. “Уучлаарай тоглосон юм. Одоо үнэнийг бичнээ” гэх үү.
Хорин жилийн өмнө социалист нийгмийн төрийг барьж байсан Улс төрийн товчоо хэмээх айхтар дарангуйлагч байгууллага өлсгөлөн зарлагчдад арай л эелдэг хандаж байсан бололтой. Эд нар шиг ингэж тохуурхан доромжилж, ард түмнээ ялгаварлан гадуурхаж, энэ хүйтэнд ганц гэр нэмээд бариулах зөвшөөрөл ч өгөхгүй хатуурхаж байгаагүй гэсэн. Г.Уянга, Д.Батцогт нар өлсгөлөн, тэмцэл удирдахаар ард түмэн биш, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж удирдахаараа ард түмэн болдог юм уу. Г.Уянга Ерөнхий сайд болно, Д.Батцогт Ерөнхийлөгч болно гээд тэнд тэлчлээд хэвтсэн бол харин нармайг нь нээх сэн. Гэтэл “Ард түмэндээ амласнаа өгөөч ээ” гэж Монголын төрөөс хариуцлага нэхсэнийх нь төлөө бүүрэлхэж байгаад дээрэлхэх нь шударга биш байна. Хамгийн гол нь үнэн тэдний талд байна. Бид яаж ч тэднийг гутааж доромжлоод, ард нь Н.Энхбаяр байна гэж баг зүүлгээд, үсний өнгөөр нь гоочлоод нэмэргүй болжээ. Тэд үнэнийг хэлж байгаа учраас бид олонхи тэд цөөнх болсон байна. Харин бид албан тушаалдаа хайртай эрх баригчдыг өмгөөлсөн бууны ноход болжээ. Ийм байгаадаа ичиж байна. Гэхдээ бас оройтоогүй ээ…
Мөнхбаясгалан
Улс төрийн тойм сонин