Улаанбаатар хотын хэмжээнд газар өмчлөлийг эрчимжүүлэх, мөн төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх зорилгоор өнөөдөр 12.00 цагаас эхэлж газар өмчлөх иргэдийн хүсэлтийг онлайнаар авахаар болж, нээлтийг хийсэн билээ. Гэвч бүртгэх цаг эхэлж иргэд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын http://www.umch.ub.gov.mn сайтын “Цахим бүртгэл” хэсэгрүү орохыг хичээсэн ч гацан, бүртгүүлж чадсангүй. Энэ талаар бид Нийслэлийн Өмчийн харилцааны газартай холбогдож лавлахад “Олон мянган хүн нэгэн зэрэг хандсанаар сервер ачааллаа даахгүй унаж, иргэдийн хүсэлтийг хүлээж авч чадаагүй. Энэ нь манай талаас шалтгаалсан зүйл биш. Яг одоо Мэдээллийн технологийн газрынхан алдааг засахаар ажиллаж байна. Өмнө нь тус газартай хамтран туршилтыг хийж, гарч байсан хүндрэлүүдийг засч, тус газрын зүгээс одоо асуудалгүй” гэж үзсэн. Үүний дараагаар онлайн бүртгэл хийх боломжтой гэж үзсэн. Гэвч цоо шинэ ажил болохоор тооцоолоогүй хүндрэл гарч байна” гэлээ.
Одоогоор Нийслэлийн Өмчийн харилцааны газрын http://www.umch.ub.gov.mn сайт хэзээнээс ажиллаж эхлэх нь тодорхойгүй байна.
Сануулахад, нийслэлийн хэмжээнд эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд газар өмчлүүлэх юм.
Г.БОЛОР