Японы мэргэжлийн сумогийн Их аварга Асашёорюү Д.Дагвадорж улстөрч болно гэнэ. Энэ мэдээлэл амралтын өдрүүдэд олны ярих сэдвийн нэг боллоо. Ямартай ч түүний гэр бүл нэр хүндээрээ Монголд толгой цохих нь дамжиггүй. Түүний аав үндэсний бөхийн заан цолтой хүн бий. Харин нэг ах нь аварга, нөгөөх нь начин цолтой. Харин Их аварга маань боловсролын хувьд Япон руу сумод мордохдоо лав л аравдугаар анги төгссөн бүрэн дунд боловсролтой байсан юм даг. Харин Японд очоод дээд боловсрол эзэмшсэн эсэхийг нь сайн мэдэхгүй. “Барилдлаа, “зодолдлоо”, сануулга авлаа, башёд барилдах эрхээ хасуулж энэ сард өнжлөө” гэх мэдээлэл олон нийтэд хүрч байснаас энд сурч, тэнд боловсорлоо гэх үг ер дуулдаагүй санагдана. Хүмүүсийн яриагаар их л ширүүн дориун, дургүй нь хүрвэл цохnчихож мэдэхээр нөхөр гэж сонсогддог. Үүний баталгаа юм шиг мэргэжлийн сумогоос хүн зодсон хэргээр хөөгдөх дээрээ тулаад, өөрийн хүсэлтээр зодог тайлсан түүхтэй. Монголд ирээд онгоцны буудал дээр сэтгүүлчийг заналхийсэн гэх мэдээлэл ч тархаж байв. Бүр бичлэг нь сайтуудаар тавигдаж байсан шүү. Харин “Хорт хавдартай хүүхдэд тусламжийн гараа сунгалаа” гэх мэдээлэл бас нэг хэсэг түүний хэцүү ааш аягийг дарах сайн мэдээ болж байлаа. Мөн өнгөрсөн жилийн наадмаар уясан морио айрагдуулсан нь түүний “хэцүү ааштай” гэх имижийг нэг хэсэгтээ л дарж өгсөн гэхэд болно. Харин энэ удаад “улстөрч болно” гэх мэдээлэл хүмүүст тийм ч таатай санагдаагүй байх. Учир нь одоогийн УИХ-д Д.Кёкүшүкан Батбаяр, аварга Б.Бат-Эрдэнэ гээд олон бөх сууж байгаа. Тэдэнд Их аваргаас илүү гарах нэг л давуу тал бий. Тэр нь хүн зоддоггүй, намуухан дөлгөөн төрх. Энэ төрхийг Д.Дагвадорж аваргаас хайгаад тусыг олохгүй. Түүнд бидний итгэлийг даах зориг байж болох ч чуулганы танхимд “зодолдоод” байвал яах вэ. Их аварга маань “зүүдлээд” л байна даа.
Эх сурвалж:
“Улс төрийн тойм” сонин
“Улс төрийн тойм” сонин