Барилдахаасаа таахалзах нь их

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

Барилдахаасаа таахалзах нь их

Монгол Улс өчигдрөөс телевизийн өргөн нэвтрүүлгээ тоон системд шилжүүллээ. Хүн амын дийлэнхэд огт ойлгогдохгүй байгаа энэ үгнүүд ямар ид шидтэйг олигтой тайлбарласан нь үгүй. Ийн систем шилжих болсонтой уялдуулан өчигдөр нийслэлийн төв талбайд албаны олон хүн цуглаж, бяцхан баяр хийсэн нь их чухал үйл явдал гэдгийг харуулав.

Аналоги системээс тоон системд шилжих шийдвэрийг Монголын Засгийн газар дөрвөн жилийн өмнө 2010 онд гаргасан байдаг. Үндэсний хөтөлбөр болгон гаргасан энэ шийдвэрийн дагуу өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 361 сум суурин газарт, нийслэл хотын төвийн болон алслагдсан дүүргүүдэд нийт 10 байршилд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн станцыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан тухай Харилцаа, холбооны газар мэдээлсэн.

Албаны хүний мэдээлснээр тоон системд шилжсэнээр хуучин аналоги систем бүхий телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахад чанартай дуу, дүрсийг хүлээн авч чаддаггүй, шуугиан болон харилцан нөлөөлөлд өртөх, телевизийн нэвтрүүлэг хүлээн авах боломжгүй хаалттай бүс үүсэх зүйл байсан нь үгүй болох аж. Үүнээс гадна телевизийн нэвтрүүлгийг зөвхөн суурин байдлаар бус хөдөлгөөнт байдлаар буюу телевизийн хөтөлбөрийг гар утас, таблет төхөөрөмжийн тусламжтайгаар хүлээн авах бололцоотой болж байгаа юм.

Жирийн үзэгчдийн хувьд хуучин загварын телевизортой бол нэвтрүүлгээ үзэж чадахгүй гэсэн ганц асуултыг тавьдаг. Албаны хүний өгч байгаа тайлбараар телевизийн нэвтрүүлгийг антеннийн тусламжтайгаар үздэг бол хувиргагч төхөөрөмж авах шаардлагатай болж байгаа юм. Мэргэжлийн хэллэгээр түүнийг сэт топ бокс гэж нэрийдэж байгаа юм. Харин АйПиТВ (IPTV) үйлчилгээ буюу хүмүүсийн мэддэг Юнившн, Скаймедиагийн хэрэглэгчид, малчдын голдуу ашиглаж байгаа ДДиш-ийн тавган антеннаар хүлээн авч байгаа бол мөн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн телевизүүдийн хэрэглэгчдийн хувьд энэхүү хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж (сэт топ бокс)-ийг худалдан авах шаардлагагүй юм байна.

Гэхдээ антенн ашиглаж байгаа айл өрх өнөөдрөөс телевизийн сувгуудыг хүлээн авах боломжгүй гэсэн үг бас биш. Ямартай ч энэ жилдээ үзэх боломжийг олгож байгаа бөгөөд он дуусахаас өмнө сэт топ боксыг худалдан авахыг сануулах юм. Энэхүү сэт топ боксын үнэ нь 35000 орчим төгрөг байх юм.

Ийм л мэдээллийг олон нийтэд боломжийн хирээр түгээчих зүйлийг заавал баяр ёслол болгон хүндрүүлэх хэрэг байсан юм болов уу. Барилдахаасаа таахалзах нь их гэмээр юм их болох юм.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж