Хангай, хээр газрын гол мөрний хөвөө, гуу жалга тарваганы ичээний дошийг тойрч 5 дугаар сарын сүүлч, 6 дугаар сарын эхээр том далбагар навчтай улаан шаргал, цайвар ногоон өнгийн шүүслэг бүдүүн иштэй гишүүнэ хэмээн нэрлэгдэх ургамал маш ихэээр ургана. Түүнийг 6 дугаар сарын сүүлч, 7 дугаар сард иш нь 30-40 см болсон үед таслан авч навч, нарийн мөчир, үндэснээс нь салгахад гол иш үлдэнэ. Тэрхүү гол ишийг сайтар угааж Цэвэрлээд, 1.5-2.5 см урттайгаар хэрчээд дээр нь элсэн чихрийн шүүс хийж зөөлөн гал дээр 5-8 минут буцалгана.
Буцалгах явцдаа дээгүүр нь гарч ирэх хөөсийг хамж хаяна. Ийм боловсруулалтаар гишүүний өтгөрүүлсэн ундаа гарган авч болно. 1 кг гишүүний иш, 1 л ус, хагас стакан элсэн чихэр орно. Чанамал хийхийн тулд ишийг угааж цэвэрлэсний дараа 1.5-2.0 цаг хүйтэн усанд байлгасны дараа1.5-2.0 см урттай хэрчээд элсэн чихрийн халуун шүүс нэмж зөөлөн гал дээр буцалгана. Буцалгах явцдаа дээгүүр нь хөвж гарч ирэх хөөсийг хамж, хар хүрэн өнгөтэй, халбаганд наалдаж ирэх үед нь ванилин юм уу нимбэгийн шүүс нэмж хутгаад гал дээрээс авч савлаад хөргөнө. Гишүүний чанамал хийхэд 1 кг гишүүний цэвэрлэсэн гол иш, 0.8 кг элсэн чихэр, 100 мл ус, бага зэрэг амтлагч шүүс орно. Харин түүнийг хэрэглэхдээ банкны тагийг онгойлгоод удаан байлгаж болохгүй. Учир нь хэтэрхий аглуун болно.