Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажлаар явж байгаад машин нь эвдэрснэс болж сураг тасарсан гэх Ашигт малтмалын газрын гурван геологичийн хоёрыг нь олсон байна. Харин нэг нь өнөөдрийг хүртэл сураггүй байгаа бөгөөд тэрбээр нөгөө хоёроосоо түрүүлээд явсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газар болон онцгой байдлын хэлтэсээс 60 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн бага гарсан бөгөөд геологичийг эрж хайх ажиллагааг идэвхжүүлж, нисдэг тэргээр хайж байгаа гэнэ. Эрлийн багийнхан төөрсөн геологчийн гутлын мөрийг олсон ч энэ нь эрэлд нэмэр болж чадахгүй байгаа аж. Учир нь түүний мөр хэсэг яваад тасарсан байна.
АМГ-ын гурван ажилтан ажлын шаардлагаар хорь хоногийн хугацаатай Баянхонгор аймагт ажиллаж байсныг эх сурвалж мэдээлж байна. Тэд энэ сарын 24-ний өдөр Баян-Өндөр сумаас 120-130 км зайд, Идрэнгийн нуруунд явж байхад нь машиных нь гурван дугуй хагарснаар ийн тусламж дуудах гэж яваад хоорондоо төөрөлдөж, нэг нь сураг тасраад байгаа юм байна. Харин нөгөө хоёр ажилтан болох АМГ-ын тасгийн дарга, жолооч нар дөрвөн хоногийн дараа нутгийн иргэдтэй тааралдаж аврагдсан аж.
М.ЯЛАЛТ