Чилийн сангийн туршлагаас хуваалцлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Чилийн сангийн туршлагаас хуваалцлаа

Өнөө өглөөний 08.00 цагаас Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн байранд нэгэн сонирхолтой видео хуралдаан эхлэж, гурван цагийн турш үргэлжилсэн юм. Хуралдааны сэдэв “Чилийн сангийн туршлага”. Энэхүү хуралдаанд Чилийн сангийн захирал В.Марсело оролцож, өөрийн сангийнхаа туршлага, үйл ажиллагааны онцлогоос танилцуулсан юм. Угтаа бол Чили улс дэлхийн эдийн засгийн хямралд өртөлгүй даван туулсан түүх ч гэж нэг талаас хэлж болох сонирхолтой лекцийг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Сангийн яамны төлөөлөгч нар сонссон төдийгүй уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэн ч байсан юм. Чили улс нь манай улсаас 13 цагийн зөрүүтэй байдаг ч ноён В.Марсело амралтын цагаа хагаслан монголчуудтай туршлагаа хуваалцсан. Чилийн Бүгд найрамдах улс нь 2010 оны хоёрдугаар сарын мэдээгээр 17 сая хүн амтай гэж бүртгэгджээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 8350 ам.доллар ажээ. Латин Америкийн сүүлийн 15 жилд хамгийн хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн жишээ болсон Чилийн эдийн засгийн хөгжлийн нууц нь тогтвортой хөгжлийн сандаа хөрөнгө хуримтлуулж чадсаны ач тус гэдэг. Чилийн сангийн үндэс суурь 1976 онд тавигдсан бөгөөд анхнаасаа л хувийн хэвшлийнхэнтэй түншилж ирсэн гэдгийг Марсело онцлон тэмдэглэж байлаа.  Тус сангийн захирлуудын зөвлөлийн тал хувь нь засгийн газрын гишүүд байдаг бол тал хувь нь хувийн хэвшлийн төлөөлөгч нар байдаг ажээ. Одоо тус санд “ВНР” компанийн гүйцэтгэх захирал төлөөлөгчөөр суудаг байна. Тус компани Чилийн боловсролын салбар, хүний хөгжлийн чиглэлээр ихээхэн санаачлагатай ажилладаг байна.

Д.Цээпил 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж