Норвеги улсын Тромсо хотноо маргааш буюу наймдугаар сарын 1-нд Дэлхийн шатрын XXXXI олимпиад эхлэх гэж байна. Хоёр жил тутам зохиогддог уг тэмцээнд манай улс 1956 онд, хуучнаар ЗХУ-ын Москва хотноо зохиогдсон XII олимпиадад Спортын мастер Цэвээний Жүгдэр, Баярын Жамсран, Сүрэнгийн Мөөмөө, ОУШХ-ны мастер Пүрэвийн Төмөрбаатар, Спортын мастер Дашийн Цэрэндагва, Найдангийн Намжил нарын бүрэлдэхүүнтэй анх удаа оролцож, 34 орноос 30-р байр эзэлж байсан билээ. Түүнээс хойш эрэгтэйчүүд 23 дахь удаагаа, эмэгтэйчүүд 16 дахь удаагаа Дэлхийн шатрын оролцож байна.
Монголын шатарчид олимпиадад ямар амжилттай оролцож байсан талаар сонирхуулъя.
- 1960 он XIV олимпиад ХБНГУ улс, Лайпциг хот 4-р ширээнд ОУМ Лхамсүрэнгийн Мягмарсүрэн алтан медаль
- 1964 он XVI олимпиад Израйль улс, Тель Авив хот 2-р ширээнд ОУМ Түдэвийн Үйтүмэн алтан медаль
- 1970 он XIX олимпиад ХБНГУ улс, Зиген хот 2-р ширээнд ОУМ Түдэвийн Үйтүмэн мөнгөн медаль
- 1992 он XXX олимпиад Филиппин улс, Манил хот 6-р ширээнд ИМ Базарын Хатанбаатар хүрэл медаль
- 2000 он XXXIV олимпиад Турк улс, Стамбул хот 5-р ширээнд ОУШХМ Зулзагын Бямбаа хүрэл медаль
- 2002 он XXXV олимпиад Словени улс, Блед хот 6-р ширээнд ОУШХМ Зулзагын Бямбаа мөнгөн медаль
- 2004 он XXXVI олимпиад Испани улс, Пальма де Мальорка хот 2-р ширээнд ИМ Базарын Хатанбаатар хүрэл медаль
- 2004 он XXXVI олимпиад Испани улс, Пальма де Мальорка хот 3-р ширээнд ОУМЭ Түвшинтөгсийн Батцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Багийн дүнгээр эрэгтэйчүүд 1970 онд ХБНГУ улсын Зиген хотноо зохиогдсон XIX олимпиадад 16-р байр, эмэгтэйчүүд 1990 онд хуучнаар Югослав улсын Нови Сад хотноо зохиогдсон XXIX олимпиадад 13-р байрт шалгарч байжээ.
2014 оны Дэлхийн шатрын олимпиад наймдугаар сарын 1-14-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Монголын багийг Монголын шатрын холбоо /МоШХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Ч.Чулуунбаатар ахлах аж. Харин эрэгтэй багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Их мастер Д.Шаравдорж, эмэгтэй багийн ахлагчаар МоШХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Ч.Чулуунбаатар нар ажиллана.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
1. Их мастер Ц.Батчулуун /Баянхонгор, Үндэсний шигшээ баг, Алдар СХ, Зууны шатар клуб/
2. Их мастер Б.Гүндаваа /Өвөрхангай, Үндэсний шигшээ баг, Шунхлай групп/
3. ОУ-ын мастер Г. Мөнхгал /Өвөрхангай аймаг/
4. ОУ-ын мастер Н.Баттулга /Хангарьд спорт клуб/
5. Их мастер Б.Хатанбаатар /Завхан аймаг, БГД/
Эмэгтэй:
1. Их мастер Б.Мөнгөнтуул /Завхан, Үндэсний шигшээ баг, Алдар СХ/
2. Их мастер Т.Батчимэг /Үндэсний шигшээ баг, Мончесс клуб, Сүлд СХ/
3. ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн /Говь-Алтай аймаг, Хан Алтай шатрын клуб/
4. ОУ-ын мастер Б.Анхчимэг /Архангай аймаг, Мобиком групп/
5. Спортын мастер Б.Баярмаа /Ховд аймаг, Нью Прогресс групп/
Тэмцээний албан ёсны сайт: chess24.com
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Norway2014
Б.НЯМДАВАА