Улс орны төлбөрийн тэнцэл алдагдалтай, инфляци өндөр, ханш байнгын савалгаатай, эдийн засаг дарамт ихтэйгээр чамгүй хугацааг үдэв. Гадаад валютын нөөц дундарч, төгрөгийн ханшийн уналт үргэлжилсээр байгаа шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалт болон эрдэс баялгийн экспортын үнэ ханштай холбон төв банк тайлбарласаар ирсэн ч харин баялаг бүтээгчид тэс өөр бодолтой яваагаа танхимаараа дамжуулан чангахан гэгч нь мэдэгдлээ. Валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах Төв банкны бодлогыг олон сар тэвчээртэй хүлээсний эцэст, багагүй алдагдал амссан хувийн хэвшлийнхний уур бухимдал тэсрэхтэй зэрэгцээд Монголбанк бодлогын хүүгээ чангатгав.
Хэтэрхий их тэлсэн эдийн засгийг хумихын тулд багагүй чармайлт, цаг хугацаа шаардагдах нь гарцаагүй. Төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлснээр ам.долларын хурдыг тогтворжуулж, инфляцийн өсөлт сулрах болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа Төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал өчигдөр дуулгав. Бодлогын хүүг чангатгаснаар инфляцийг зорилтот төвшинд барих, долларын ханшийг 1800 төгрөг дээр чангаах бодолтой суугаагаа ч тэрбээр нуусангүй. Инфляцийн зорилтот төвшин гэдэг нь нэг оронтой тоонд барих төлөвлөгөө. Тэр ийм зорилготой байгаагаа өнгөрсөн оны сүүлээр амалсан. Мөнгөний бодлогодоо ч инфляцийг нэг оронтой тоонд барина гээд суулгачихсан байгаа. Харамсалтай нь, жилийн эхний хагаст Төв банкныхны төсөөлж байснаас өндөр үзүүлэлттэй гарсан инфляцийн инерцийг төсөв мөнгөний хатуу бодлогоор сулрууллаа гэхэд хар ухаанаар бодоход л нэг оронтой тоонд хязгаарлана гэдэг бэрх баймаар. Гэнэтхэн л жигтэйхэн мундаг санаа төрчихдөггүй юм бол гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдээгүй, экспортын эрдэс баялгийн үнэ ханш өсөөгүй нөхцөлд тийм боломж бараг байхгүй. Тэгэхээр ийм том бөгөөд гоё амлалт өгсөн Н.Золжаргалын ажил, ам хоёр хэр авцалдах нь дөрвөн сарын дараа гэхэд харагдах нь лавтай.
Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бодлогын хүүгээ нэмсэн Монголбанкны Мөнгөний зөвлөлийн шийдвэрт ажил олгогч, бизнес эрхлэгчид тааламжгүй хандаж байгаа нь илэрхий. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ярьснаас харахад “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-той адилхан арга хэмжээ болчих вий гэсэн эмзэглэл ч байна. Долларын хурдыг сааруулахаар мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх нь бизнесийн орчинг сулруулж, жижиг дунд үйлдвэрүүдэд том цохилт болж магадгүй юм. Дэлхийд нүүрлээд байгаа санхүүгийн хямралыг бүтээмжээ дээшлүүлэх замаар даван туулах бололцоо байгааг сануулах олон улсын байгууллагуудын зөвлөгөөнөөс эсрэг арга хэмжээ авснаар инфляци оны эцсээр нэг оронтой тоонд буух биш харин ч гурван оронтой тоонд халтирах аюул буйг эдийн засагчид анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, зээл олголт хумигдвал үйлдвэрлэл багасна, үйлдвэрлэл багасахаар хомсдол үүсч, үнэ нэмэгдэнэ. Үнийг дагаад инфляци улам эрчимжинэ гэсэн гаргалгааг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хийжээ. Тэрбээр төсөв мөнгөний бодлогоо чангатгахаас илүү валютын ханшийн хөөрөгдлийг зогсоохын тулд стандарт бус арга хэмжээ авах хэрэгтэй ч сануулж байгаа. Төсвийн урсгал зардлыг хумиж, хувийн хэвшил рүүгээ мөнгө гаргаж, жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгох зээлийг хүүг бууруулснаар уналтад орсон эдийн засгаа хүндрэлээс гаргах боломж бий гэнэ.
Монголбанкны зүгээс хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх шийдвэрийн дараахан арилжааны банкуудаар зарагдаж байгаа долларын ханш 15 төгрөгөөр буурчээ. Долларын ханш 1880 шүргэн алдаад буурсан нь мөнгөний бодлогын үр дүн гэхээсээ илүү зарим нэг хүн зохиомол өсөлт байх магадлал өндөртэй хэмжээн хардацгааж байгаа юм. Үүнийг үгүй гэх баталгаа ч бас байхгүй билээ.
Долларын ханшийг 1800 төгрөгт хязаарлах амлалтаа өгсөн Төв банкны Ерөнхийлөгчийн амлалт гал асах холгүй улайсч байгаа эдийн засагт тийм ч сайхан сонсогдохгүй байна. Учир нь, тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ долларын ханшийг тогтвортой байлгана хэмээн ярьж байсныг гүүглдээд харчихад амархан байх. Харамсалтай нь, тухай үед 1400 орчим төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш сүүлийн дөрвөн жилд байгаагүй өндөр гарсан, өчигдөр оройн байдлаар 1865 төгрөгтэй тэнцсэн нь түүний амлалт талаар болсны нэг нотолгоо гэж хэлчихэд гэмгүй болов уу.
Гэхдээ тэр дахиад инфляцийг зорилтот төвшинд барих, долларын ханшийг тогтворжуулах амлалт өглөө. Тэр нь хэрхэн биелэгдэх эсэхийг харж л суух үлдлээ.
Ж.НЯМСҮРЭН