“Mining & money” сэтгүүл мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

“Mining & money” сэтгүүл мэндэллээ

Азийн цээжинд орших жижигхэн Монгол дэлхийн чихийг дэлдийлгэх болов. Олон зууны турш элгэн бие доороо хав дарсан эрдэнэсийнхээ үүцийг задалсан учраас тэр. Харин энэ л үед бид бэлтэй хүний зангарага заан  харц дээгүүр алхах хэрэгтэй. Гэхдээ бэлтэй бүхэн жаргалын дээдийг эдэлдэггүй, ухааны цараар учирч болох эрсдлийг ханцуйнаас хэтрүүлэлгүй давж гарах явдал гэдгийг сагаж явахдаа залгичихаж болохгүй билээ. Шинэ цагийн Монгол Улсад яг ийм торгон мөч тохиож байна. Бид өнөөдөр алдвал үеийн үед гэдэс хоосон, бусдын өмнө бөхөлзөж амьдрах болно. Тодруулж хэлбэл, монголчууд харийнхны нүдэнд ганц тэнэг хүүдээ цэцэн эхнэр олж өгөхөөр айл айлын охидыг шинжиж яваа, аргаа барсан баян эр шиг л харагдаж байж мэднэ. Тиймээс бидний нэн тэргүүнд анхааралдаа авах зүйл бол гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлого баримтлахын дээр тэднийг бууриа үлдээгээд одохын цагт халаасандаа хэдэн төгрөгтэй үлдэх тийм хууль, эрх зүйн орчныг буй болгох явдал. Энэ талаар манай сэтгүүлийн эдийн засаг, хуулийн зөвлөх Б.Лхагважавын зөвлөснөөр, алтаа олборлосон хойноо биш  хөрсөн доор байхад нь үнэлдэг болох асуудал юм билээ. Үүний тулд Үндсэн хуульд заасанчлан нийтийн хамааралтай өмчийг хариуцах эзэнтэй болгох асуудлыг хуульчилж өгөх шаардлагатай ажээ. Түүнчлэн бидний бодох бас нэг зүйл бол төсөл даган гаднаас орж ирэх их мөнгөний урсгалтай харьцах төрийн бодлого алсыг харсан байгаасай гэх байна. Тэгж чадахгүй аваас гадаадын хувь нийлүүлэгчдийн ноогдол ашгийг Монголд шингээж чадах уу, үгүй юу гэх асуудал тулгарах бололтой. Хамгийн ноцтой нь томоохон аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого хөрвөхдөө төгрөгийн ханшийг хөөрөгдөж мэдэх нь.
Үүнийг эдийн засгийн ухааны доктор, профессор Г.Пүрэвбаатар гуай хэдийнэ олоод харчихаж. Тэрбээр төр, засгийн эрх бүхий албан тушаалтанд өөрийн үзэл бодол, судалгаа, дүгнэлтээ “Гадаадаас орж ирэх мөнгө санхүүгийн хямралд хүргэж болзошгүй” хэмээн анхааруулж буй. Энд онцлохгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл бол төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг  хувьцааг Монгол Улсын иргэн бүр үнэ төлбөргүйгээр эзэмших болсон явдал. Итгэлт баян шиг наймааны гүйлгээ ухаантай байж чадваас гэрийн тань хоймрын авдар эрдэнэсээр дүүрсэн байх вий. Ийм амьдралыг бий болгох их амархан. Үүний тулд монголчууд  санхүүгийн боловсролтой, тодруулбал хөрөнгийн зах зээлийг ойлгодог байхад л хангалттай. Мөн хоёр хөршийг тэрүүхэнд нь сандаргаад авсан шинэ төмөр замын  асуудлыг ч  манай эдийн засгийн тоймч Б.Түвшин хөндөж, болж буй үйл явдалд дүгнэлт хийсэн. Түүнчлэн манай сэтгүүл ямар бодлого баримталж буйг “Петро Чайна Дачин Тамсаг”–ийн  гүйцэтгэх захирал С.Мэргэнсодтой хийсэн ярилцлагаас харж болно. Учир нь газрын тос олборлолтоос үүссэн асуудал өнөөдөр монголчуудын хувьд халуун, анхаарал татсан сэдэв болоод байгаа. Монголын газрын тосыг туршилт нэрийн дор урд хөрш рүү чингэлэг чингэлгээр нь зөөгөөд дуусгаж буй гэхийг сонсоод буй “гэмтнүүд” ямар тайлбар хийсэн нь танд нэгийг бодогдуулах биз. Бид ч тэр сэдвээс хол  явахыг хүсээгүй.

Ерөнхий эрхлэгч Чимэдрэгзэнгийн Чулуунцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж