УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Байнгын хорооны ажлын албаны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотноо 2014 оны 07 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд ажиллалаа.
Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газруудын үйл ажиллагаа болон консулын газрын байр, ажиллах нөхцөл, ажилчдын орон сууцны асуудалтай тус тус газар дээр нь очиж танилцаж, шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцан зорчих, жуулчлах иргэдийн тоо эрс нэмэгдэж Ерөнхий консулын газрууд ачаалал ихтэй ажиллаж байгаа боловч үйл ажиллагаа нь сайжирч байгаа аж. Ажлын хэсэг ОХУ-ын болон гадаадын иргэдэд Монгол Улсын виз олгох, урилга гаргах, буцаах үнэмлэх олгох, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаатай биечлэн танилцсан юм. Улаан-Үдийн Ерөнхий консулын газраас сүүлийн 5 жилд 69729 хүнд консулын үйлчилгээ үзүүлсэн байна.
Эрхүү хот дахь Ерөнхий консулын газрын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүд Эрхүүгийн Ерөнхий консулын газрын сүүлийн 3 жилийн, Улаан-Үд дахь консулын газрын сүүлийн 5 жилийн төсвийн гүйцэтгэлтэй танилцаж, төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын талаар зарим тодорхой чиглэл саналуудыг өглөө.
Дээрх газрууд Эрхүү, Улаан-Үдийн хотын Ерөнхий консулын газрын тойрогт харъяаллагддаг ОХУ-ын субъектүүдэд ажиллаж, амьдарч байгаа нийт 2000 орчим монгол иргэдэд консулын болон хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Эрхүү хот дахь Ерөнхий консулын газрын дэд консул Г.Жаргалсайхан иргэдэд визийн үйлчилгээ үзүүлж буй нь
Эрхүү, Улаан-Үд хотууд руу Монгол иргэдийн зорчих тоо нэмэгдсэн ч Ерөнхий консулын газруудаас монгол иргэдийн асуудалд анхаарал хандуулж ажилласны дүнд гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь багассан байна. Өнөөдрийн байдлаар Эрхүүд хотод 3, Улаан-Үд хотод 2 монгол иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ба Ерөнхий консулын газраас эдгээр иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар анхааран ажиллаж байна.
Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн их сургуульд Монгол Улсын Хууль зүйн яамны гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, оюутнуудын санал хүсэлтийг сонсон, харилцан ярилцлаа. Оюутнууд Монгол Улсаас гадаадад гэрээний болон хувийн шугамаар суралцаж байгаа оюутнуудад төр, засгийн зүгээс анхаарал хандуулах, анх удаа гадаадад сурахаар явж байгаа оюутнуудад гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, анхааруулгыг холбогдох яам, газрууд өгч байх зэрэг санал гаргаж, Эрхүү хотын их, дээд сургуулиудад хувийн журмаар, ямарваа нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй хувь иргэдийн зуучлалаар суралцахаар ирж байгаа олон оюутан сургалтын хугацаагаа дуусгалгүй буцаж байгаа нь эцэг, эхэд нь эдийн засгийн маш их хохиролтой байгаа талаар оюутнуудын тавьсан асуудлыг Байнгын хороо анхааралдаа авч Ерөнхий консулын газраас тодорхой тоо баримт ирүүлсний дараагаар холбогдох яамтай хамтран арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо.
Эрхүү хотод суралцаж буй оюутнуудын төлөөлөлтэй уулзав
Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газруудын үйл ажиллагааг сайшаан, зарим тулгамдаж байгаа асуудлын талаарх саналаа Гадаад харилцааны яамаар уламжлуулан Байнгын хороонд ирүүлэхээр тогтов.
Байнгын хорооны дарга, гишүүд Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Берлина Людмила Михайловна тэргүүтэй төлөөлөгчид, Буриад Улсын Ардын Хурлын орлогч дарга Павлав Владимир Анатольевич, Байнгын хорооны дарга Ирильдеев Вячеслав Германович, Батуев Цыденжап Бимбаевич, Тамгын газрын дарга Эрдынеев Владимир Батоцыренович нартай тус тус уулзалт зохион байгуулж, хууль тогтоох байгууллагууд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов хэмээн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.