Төсвийн зардлыг хумисан уу?

Хуучирсан мэдээ: 2014.07.30-нд нийтлэгдсэн

Төсвийн зардлыг хумисан уу?

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд ирэх есдүгээр сарын 1-нээс нийслэлийн айл өрхүүдэд “ногоон уут”-ыг дахин тараахаар хотын удирдлага шийдвэрлэв. Хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлэх үүднээс дөрвөн тэрбумын өртөгтэй хогны уутыг нийслэлийн өрхүүдэд үнэгүй тарааж эхлээд нэг жил өнгөрч буй. Төсвийн 4.5 тэрбум төгрөгийг зарлагадан байж хогны уутыг тарааснаар хотын өнгө үзэмж өөрчлөгдсөн үү гэвэл үгүй гэх хүн олон бий биз.

Харин ч хог дээр хог болчихоод байгаа хогны уут  үйлдвэрлэх мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьчихсан бол харагдах үр дүн,  нийгэм эдийн засагт  үзүүлэх ач холбогдол нь илүү байв. Сар хүрэхгүй хугацааны дараа хүүхдээ хэнээр харуулах вэ, хаана өгөх вэ хэмээн эцэг, эхчүүдэд тулгамдсан том бэрхшээл үүсдэг бөгөөд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд нойр хоолгүй хонон өнжин дугаарлах нь бий. Гэхдээ хотын дарга нар нөгөө л хэлдэг үгээ хэлэх нь ойлгомжтой. Хог хаягдлын санд төвлөрсөн мөнгийг эргээд иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрахад зарцуулж байгаа болохоос сургууль цэцэрлэг барих мөнгөнөөс гаргаагүй гэж тэд тайлбарлах биз. Хогны уутаа өмгөөлж, хамгаалах тал дээр хотын дарга нар жигтэйхэн итгэл үнэмшилтэй ханддаг хүмүүс шүү дээ. Уг нь хог хаягдлын санд төвлөрсөн мөнгөөр хогны уут л үйлдвэрлэх ёстой гэсэн дүрэм журам, хуулийн  ямар нэгэн заалт байхгүй нь лав. Хаана ямар мөнгө төвлөрөх нь чухал бус, хамгийн гол нь төсвөөс гаргаж байгаа мөнгө үр дүнтэй, эдийн засгийн ач холбогдолтой байх хэрэгтэй болов уу. Хүүхдийн цэцэрлэг сургуулийн хүртээмж муу, хөрөнгө мөнгөний бололцоо байхгүй атал хогны мөнгөөр хогны уут үйлдвэрлэнэ гэж батлагдсан теором шиг зүйл ярих нь зөв үү.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн даалгавар авсан Засгийн газар илүү дутуу зардлаа хумихыг төрийн байгууллагуудад, аймаг орон нутагт даалгасан ч найр наадам, өнгө үзэмж хөөсөн монголчууд тансаг хэрэглээ, илүү дутуу зардлаа хумисан шинж бараг л алга байна. Иргэд нь ч, төр нь ялгаагүй үрэлгэн тансаг байдал нь хэвээрээ төдийгүй элдэв хангамж, халамж, утга учиргүй зардлууд ч багассангүй гэдгийг энэ олон ой, элдвийн баяр наадмууд нотлоод байх шиг. Уг нь найр наадмаа хязгаарлаад, хогны уут мэтийн хэрэгтэй хэрэггүй зардлуудаа танаж байж төсвийг хэмнэж чадах бус уу.

Хогны уут бол улс орны нийгэм, эдийн засагт ашигтай хөтөлбөр огтоос биш гэдэг нь мэдээж. Хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлж байгаа гэдэгт ч эргэлзэх шалтгаан бий. Ямар сайндаа л  иргэдийн зүгээс  хогны уут үйлдвэрлэж, төрийн мөнгийг үрэн тарах хийх хэрэггүй гэсээр байтал нийслэлийн удирдлагууд санал асуулга явуулж, баахан цаас, зардал, цаг гарзадсаны эцэст дахин тараахаар шийдвэрлэсэн. Хөрөнгө мөнгөтэй боломжтой үед хогны уутыг тараахад болохгүй ч асуудал биш. Гэхдээ улс орны санхүү тааруу, мөнгөний боломж улам л муудсаар байгаа тохиолдолд элдвийн зардал, хангамж, халамжаа танахаас өөр арга монголчуудад байхгүй. Тиймээс ядахдаа л энэ хямралын үед хогны уут тараах мөнгөө хямгадаж, хумиж болохгүй байгаа шалтгаан юу вэ. Тэртээ тэргүй иргэд өмнө нь дэлгүүрээс авсан торондоо хогоо хийгээд болоод л байсан. 

Зуу хоногийн хугацаанд төсвийн зардлыг танаад бусад үед нь үрэлгэн, тансаг байдал үргэлжилнэ гэж манай төсөв захиран зарцуулагчид бодоогүй байлтай. Төсвийг хэмнэе гэж бодож байгаа бол хогны уутыг болиулах, оюутны тэтгэмжийг зогсоох, төрийн албан хаагчдын тоог цөөлөх гээд хийх ажил их байна. Төсөв хэмнэнэ гэж том амлалт авчихаад төсвийн мөнгөөр найрлаад, наадамлаад, үрж тансаглаад байж болохгүй биз дээ.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж