Яллагдагчийн өмгөөлөгч Бенжамин Брэфман (Benjamin Brafman) “ОУВС-гийн тэргүүний сонирхлыг төлөөлнө” гэж мэдэгдээд түүнийг Нью-Йоркийн цагдаагийн газрын тусгай өрөөнд хорьж байгааг хэлжээ. Стросс-Кан өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгааг өмгөөлөгч Reuters агентлагад хэлсэн байна.
Цагдаагийн албан ёсны төлөөлөгч ярьснаар бямба гаригийн өдрийн нэг цагийн үед 32 настай үйлчлэгч эмэгтэй Нью-Йоркийн Таймс-Сквер гудамжнаас холгүй орших Sofitel буудлын 2806 дугаартай өрөөнд (Хоногийн 3000 ам.долларын хөлстэй люкс-апартамент нь унтлагын өрөө, зочны тасалгаа ба үүдний өрөөнөөс бүрддэг) хүн байхгүй гээд цэвэрлэгээ хийхээр оржээ.
Үйлчлэгч эмэгтэйг буудлын үүдний өрөөнд ороход Стросс-Кан нүцгэн гарч ирсэн гэж үйлчлэгч эмэгтэй ярьжээ. Цагдаагийн даргын мэдээлснээр бол ОУВС-гийн тэргүүн үйлчлэгч эмэгтэйг унтлагын өрөөнд түлхэн оруулж түгжээд дотроосоо түгжээд бүсгүйг орон дээрээ дарж авсан гэнэ. Эмэгтэй эсэргүүцэл үзүүлэн мултарч чадсан боловч хөгшин эдийн засагч түүнийг ариун цэврийн өрөөнд түлхэн оруулахаар чиржээ. Үйлчлэгч эмэгтэй түүнээс мултран салаад ажлынхандаа хэлж, тэд 911 дугаарт утасджээ. Цагдаа нарыг ирэхэд Стросс-Кан өрөөндөө байсангүй. Мөрдөн байцаагчид гар утас, ДНК-ийн ул мөртэй эд мөрийн баримтыг олсон гэнэ. Хэргийн газар ирсэн эмч нар үйлчлэгчийн бие бага зэргийн гэмтэл шархтай байсан гэж тодорхойлжээ. Sofitel зочид буудлын үйлчлэгч эмэгтэй цагдаагийн газар хүчиндэх гэсэн хүн нь Доменик Стросс-Кан гэж заажээ. Таних ажиллагааг тавдугаар сарын 15-нд явуулж, үйлчлэгч эмэгтэйд хэсэг хүмүүсийн зураг үзүүлэхэд тэдний дундаас эмэгтэй ОУВС-гийн даргыг шууд таньсан байна.
Цагдаагийн хоёр офицер эдийн засагч бөгөөд Францын ерөнхийлөгчийн сонгуулийн ирээдүйн нэр дэвшигчийг буудлын үйлчлэгчийн мэдэгдлийн дараа баривчилсан байна. Тэд Стросс-Кан Америкаас нисч байсан нислэгт суусан байсныг шуурхай тогтоосон байна. Америкийн шүүхээс зугтахаар Air France нисэхийн компанийн онгоцноос хөөрөхөөс нь 10 минутын өмнө Стросс-Каныг буулган баривчилжээ. Баривчлах үеэр тэрээр эсэргүүцэл үзүүлээгүй учир түүнийг гавлаагүй байлаа.
ОУВС-гийн захирал өмнө нь бас секс дуулианд хутгалдсан талаар дээр цухас өгүүлсэн. Албан тушаалаа ашиглан дарамт үзүүлсэн гэх унгар эмэгтэйн гаргасан гомдлын хэрэгт ОУВС даргынхаа талд зогссон юм. Тэрээр банкны ажилтнууд болон эхнэр, сэтгүүлч Энн Синклер (Anne Sinclair) нараас уучлалт гуйснаар хэргээс мултарчээ. “Захирлуудын зөвлөл ажил албаа урвуулан ашиглаагүй гэсэн миний мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөнд талархал илэрхийлж байна” гэж тэр үед Доминик Стросс-Кан мэдэгдэж байлаа.
Зээлийн байгууллага Европын болон дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг ханган ажиллаж, дэлхийн эдийн засгийн хямралын үеэр ОУВС-гийн тэргүүний үүргээ сайн гүйцэтгэсэн гэж түүнийг үнэлдэг. Гэвч одоо дэгдээд байгаа дуулианаас үүдэн Стросс-Каны улс төрийн карьер эцэс болж магадгүй байна. Түүнийг Францын Социалист намаас 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гол хүн гэж үзэж байгаа. Олон нийтийн санал асуулгаар түүний нэр хүнд Саркозийнхаас дээгүүр явсан юм. Таван жилийн өмнөх сонгуулиар тэрээр социалистуудын дотоодын сонгууль дээр Сеголен Руаяль гэдэг эмэгтэйд ялагдсан билээ. Доминик Стросс-Каныг францчууд хоёр нүүр гаргагч гэж шүүмжилдэг. Социалист үнэт зүйлийг дээдлэнэ гэдэг мөртлөө тансаглалыг эрхэмлэдэг гэж түүнийг шүүмжилж байсан. Үүнд саяхан эхнэрийнхээ хамт үнэтэй Porsche машины дэргэд татуулсан зураг нь дөгөө болж байсан юм.
Нью-Йоркт гарсан
дуулиан Францын ерөнхийлөгч Николя Саркозийн ирэх
сонгуулийн хүчтэй өрсөлдөгчид цохилт өгөв. Эх сурвалж: AFP
Стросс-Каныг баривчилсан энэ хэрэг олон асуудлуудыг босгож байна. Энэ нь ерөнхийлөгчид өрсөлдөх хүчтэй нэр дэвшигчийг унагахаар хийсэн өдөөн хатгалт ч байж магадгүй. Нөгөө талаас Стросс-Каныг баривчилснаар Франц, АНУ-ын хооронд улс төрийн наймаацлал хийх шалтаг болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
“Франц АНУ-тай үе үе ойртон найзархсан эсвэл бие даан хөндийрсэн бодлого гаргасан. Тэгвэл одоо АНУ Ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс нь гол хүнийг нь гаргасны төлөө олон зүйлийг шаардаж болно. Мөн саяхан “АНУ-ын эдийн засгийг ойрын 10 жилд тэргүүн байрнаасаа ухрана” гэсэн илтгэл бичсэн Стросс-Каны орлогч Жон Липскийг албан тушаалаас нь огцруулсан нь бас нэгийг өгүүлнэ” хэмээн зарим шинжээчид хэлжээ.
Ардын эрх сонин