"Севол" онгоцыг эзэмшигч "Chonghaejin Marine" компанийн эзэн Ю Бён-Оний цогцсыг өнгөрөгч зургадугаар сард олсон бол түүний том хүүг өнгөрсөн долоо хоногт баривчилжээ.
"Семү" группийн захирал асан Ю Бён-Оний (73) том хүү болох Ю Дэ Гюнг (44) өнгөрөгч баасан гаригт буюу долдугаар сарын 25-нд баривчилжээ. Гурван сарын турш орон даяар эрэн сурвалжлагдаад байсан түүнийг Инчон хотын цагдаагийн газрын ажилтнууд баривчилсан байна.
Ю Дэ Гюн, нэгэн итгэгчийн хамтаар Юнгин дүүрэг дэх нэгэн орон сууцны байранд нуугдаж байжээ. Тэдний хувьд эзэнгүй гэх байранд амьдарч байсан бөгөөд тус байрны цахилгааны төлбөр гарч байсанд цагдаагийнхан анхааралдаа авч, тэднийг илрүүлж чаджээ.
Ю Дэ Гюн "Севол" усан онгоц осолдох өдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд Франц улс руу нисэх тасалбар захиалсан ч түүнийг эх орноосоо гарч болохгүй гэсэн тушаал гарсны дагуу тэрээр ийнхүү орогножээ. Тэрээр олон сар утас, телевиз ашиглаагүй учир аавыг нас барсныг мэдээгүй байсан байна.
"Севол" усан онгоц харьяалагддаг "Chonghaejin Marine" компанитай холбоотой хэргээр түүнийг шалгаж байгаа аж. Мөн "Сему" группийн охин компаниудаас ихээхэн хэмжээнийг мөнгийг хувьдаа зашвсан гэх олон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
“Севол” гатлага онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн эзэн Ю Бён-Оний цогцсыг өнгөрөгч зургадугаар сарын 12-нд олсныг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлсэн.
Хэргийг сануулахад, Инчоноос Чежүг чиглэн далайд гарсан “Севол” гатлага онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо осолдож, живсэн. Хөлөгт 476 хүн зорчиж явснаас 172 хүн аврагдаж, 294 хүн амь насаа алдаж, 10 зорчигч одоог хүртэл ор сураггүй байна. Зорчигчдын дунд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны 325 сурагчийн 70 нь, тус сургуулийн 14 багшийн гурван нь амь аврагдсан билээ.
Осол болсноос хойш амиа алдагсдын цогцсыг хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Аврах ажиллагаанд оролцож байсан зургаан иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
53 настай иргэн Ким тавдугаар сарын 6-ны өдөр далайд орсон боловч амиа алдсан бол энэ сарын 17-ны өдөр аврах ажилтны таван залуу амь үрэгдсэн. Ор сураггүй алга бологсдыг эрэн хайх ажилд 34 хоногийн турш ажиллаад буцахдаа онгоцтойгоо осолдож, хоёр нисгэгч, гал унтраах ангийн гурван гал сөнөөгч амиа алдсан. Долдугаар сраын 17-ны өдөр аврах ажиллагаад оролцоод буцаж явсан уг онгоц Гуанжү хотын өндөр барилгын дээгүүр нисэж байхдаа гэнэт галд өртөж, газарт унан дэлбэрчээ. Ийнхүү амиа алдагсдыг хайх ажиллагаанд оролцож байсан зургаан иргэн амиа алдаад байна.
Эх сурвалж: www.koreatimes.co.kr
Ч.БОЛОР