“Шинэ санаа – залуусын оролцоо” гэсэн уриатай телевизийн зорилтот төслийг орон даяар эхлүүлж буйгаа UBS телевиз саяхан зарлаласан.
“Улс төрд шинэ манлайлагч” төрүүлнэ хэмээх зоримог атлаа цочимог нэртэй энэхүү төсөл зарлагдангуутаа л олны анхааралд өртөж, хот хөдөөгүй ярианы гол сэдэв болоод байна.
“Хаа сайгүй найман настай балчираас ная гарсан буурал хүртэл улс төржиж байна. Юм л бол улс төржлөө гэж хүмүүс хаа сайгүй бухимдаж байхад залуучуудыг улс төржүүлэх гэлээ” гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Зарим нэг нь “Харин ч улс төр ялзарсан, дээгүүрээ тохиролцоод доогуураа долхилцоод байдаг энэ нийгэмд шинэ үеийн, бүтээлч гэгээлэг залуусыг тодруулах гэж байгаа нь зөв, дарга дагасан, мөнгө төгрөгтэй хүмүүс тойрог тохироод хожих биш харин ч ард түмнийхээ өмнө шинэ үеийн шалгуураар ажил хэрэгч, ёс зүйтэй залуусыг ингэж өргөсөлдүүлж гаргах нь зөв” гэсэн хандлага дуулдаж байна.
Ямартаа ч Монгол Улс даяар, мөн дэлхийн есөн хэлийн газар оршин суугаа монгол залуус маань энэ төсөлд оролцох боломжтой аж. Төсөлд 22-40 насны иргэд исээ бичиж эхний шатандаа өрсөлдөх ажээ. Наймдугаар сарын 21-нийг дуустал төслийн албан ёсны цахим хуудсаар болон шуудангаар оролцогчид нэвтрүүлэгт бүртгүүлэх юм байна.
Хамгийн гол нь улс орон даяар олон мянган залуус энэ төсөлд оролцож, оршин суугаа газар бүртээ, орон нутагтаа шинэ санаачилга гаргаж, хөгжлийн боломжийг бүтээлч хамтын ажиллагаагаар бодит үйл хэрэг болгох юм байна.
Мөн залуучуудыг соронзон мэт татаж буй энэ төсөлд шалгарсан 90 хүн Удирдлагын академийн тусгай хөтөлбөрт хамрагдах аж. Түүнээс шалгарсан 30 хүн АНУ-д улс төрийн мэргэшүүлсэн тусгай хөтөлбөрт тэтгэлэгтэй хамрагдана. Цааш шалгарсан шилдэг таван оролцогч НҮБ-ын Их сургуульд суралцах ба шилдгийн шилдэг нэг оролцогч дэлхийн ТОП их сургуульд суралцах юм байна. Хамгийн гол ашиг тус нь аймаг орон нутагтаа, хот дүүрэгтээ бүтээч залуус маань олны танил болж, иргэдийн оролцоотойгоор шийдлээ хүлээсан асуудлууд цэгцрэх нь энэ төслийг зорилго юм байна.
Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг: http://manlailagch.mn цахим хуудас болон 70114515 утсаар аваарай.
Г.НАРАН