Монголчууд аялал зугаалгаас таашаал авах дуртай болжээ гэдэг нь жилээс жилд анзаарагдаж байгаа. Дор хаяж нэг хоёр хоногоор агаар салхинд гарахаас эхлээд эх орныхоо үзэсгэлэнт газруудаар явах, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад амарч зугаалах хандлага нэмэгдсэнийг Аялал жуучлалын үндэсний төв болон Монголбанк хамтран гаргасан түүвэр судалгаанаас харж болно. Төв банкны сайтад тавигдсан дээрх судалгаанаас харахад Монгол жуулчдын дийлэнх нь БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг, Сингапур, Тайланд, Катар гээд Азийн орнуудаар аялдаг юм байна.
Улс орны эдийн засгийн чадавх сайжирч, иргэдийн амьжиргааны төвшин нэмэгдэхийн хэрээр гадаад, дотоодоор аялах сонирхол, хэрэгцээ ихэсч, газар нутгийг танин мэдэх зорилготойгоор аялал жуучлал нэмэгдэж байгаа ч мэргэжлийн байгууллагуудаас сайшааж буй.
Дотоодын аялагчдын нас хүйс болон хаашаа хаагуур аялах сонирхолтой байдаг вэ гэсэн нэгдсэн судалгаа байхгүй ч мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээгээр монголчууд Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Дорнод аймагт аялах сонирхолтой байдаг гэнэ. Нийслэлээс ойр, мөн зам нь цагаан гэдэг шалтгаанаар дээрх аймгуудыг аялагчид зорьдог бололтой.
Харин гадаад орнуудаар жуучлагчдын хувьд 44 хувь нь жинхэнэ утгаараа аялж зугаалах гэж явдаг бол 32 нь ажил хэргийн болон бизнесийн зорилгоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох, эмчилгээ хийлгүүлэх үүднээс хилийн чинадыг зорьдог аж.
Гадаадаар аялагчдын хүйсийн харьцаа ижилхэн байгаагаас харахад ихэнх нь гэр бүлээрээ аялдаг гэдэг нь тодорхой байна. Насны хувьд гадаадаар аялагчдын дийлэнх нь 30-39 насныхан гэнэ.
Мөн аялагчдын 13 хувь нь жуулчлалын компаниар дамжуулан, 87 хувь нь өөрөө аяллаа зохион байгуулсан бөгөөд дундаж дүнгээр гадаадад зорчих хугацаандаа хийсэн төлбөр тооцооны 81 хувийг бэлэн мөнгөөр, 19 хувийг карт ашиглан гүйцэтгэдэг аж.
Дотоодоор аялахад нэг хүн дунджаар 400 мянган төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг бол гадаадад аялж буй монгол жуулчид дунджаар 1622 ам.долларын зардаг гаргадаг ажээ. Зардал мөнгөний хувьд АНУ болон Канадын аялал өртөг ихтэй, харин ОХУ хамгийн бага зардал шаарддаг аж. Тодруулбал, ОХУ-ыг зорьсон аялагчдын дийлэнх нь Буриад руу Байгаль далайг үзэх, Итгэл хамбад бараалхах зорилготой явдаг аж. Тиймээс л тус улсад зарцуулах дундаж зардал бусад улстай харьцуулахад харьцангүй бага гардаг юм байна.
Аялал жуучлалын чиглэлээр гадаадыг зорьсон иргэдийн дийлэнх нь буюу 30 орчим хувь нь дэлгүүрээс худалдаа хийхэд багагүй мөнгө зарцуулсан бол харин БНСУ улсыг зоригсод зардлынхаа 56 хувийг эрүүл мэндийг үзлэгт, АНУ, Канад улсад аялагчид зардлынхаа 40 хувийг зочид буудалд зарцуулсан гэжээ.
Тэгвэл дотооддоо аялагчдын хувьд зардлынхаа дийлэнхийг шатахуун, идэж уух болон байрлах байрандаа зарцуулдаг гэсэн судалгаа байна.
Б.ХОНГОР