АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри. Төрийн нарийн бичгийн дарга гэсэн тушаал нь олон орнуудын Гадаад хэргийн сайдын албан тушаалтай адил байдаг. Фото: AP Photo/Jacquelyn Martin, Pool
Одоогоос 225 жилийн өмнө АНУ-ын Төрийн департамент (The United States Department of State) гэдэг Засгийн газарт нь Гадаад явдлын яамны үүргийг гүйцэтгэдэг алба байгуулагджээ. Түүнийг байгуулах тухай хуулийг 1789 оны долдугаар сарын 27-нд ерөнхийлөгч Жорж Вашингтон баталгаажуулан гарын үсгээ зурсан байна. Эхлээд уг албыг Гадаад хэргийн департамент (Department of Foreign Affairs, 1789 оны есдүгээр сарын 15 хүртэл) нэрлэж байсан байна. Энэ нь АНУ-д байгуулагдсан анхны төрийн байгууллага нь болсон билээ.
Төрийн департамент нь Ерөнхийлөгч ба Конгрессийн боловсруулсан гадаад бодлогын чиглэлийг хэрэгжүүлдэг үүрэгтэй. Төрийн департамент нь гадаад орнууд дахь дипломат төлөөлөгчдийн газрыг удирдах бөгөөд улс орны ашиг сонирхлыг хөндсөн мэдээллийг цуглуулан дүгнэн цэгнэдэг. АНУ гишүүн нь байгаа НҮБ зэргийн тавь гаруй олон улсын байгууллагад Төрийн департамент нь улсынхаа нэрийн өмнөөс оролцдог. Мөн тус алба нь АНУ-ыг жил бүрийн 800 гаруй олон улсын хурал цуглаанд төлөөлдөг.
Төрийн департаментын бүрэлдэхүүнд дипломат албадын үйл ажиллагааг зохицуулах Консулын хэргийн товчоо, Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн асуудлын товчоо, дипломатуудыг бэлтгэх Гадаад албаны институт зэрэг ордог.
Жил бүр департамент нь “Даяарчлалын терроризмын чиг хандлага”, “Хүний наймааны тухай”, “Ардчилал ба хүний эрхийг дэмжих”, “Оюуны өмчийг хамгаалах тухай” гэх зэргийн илтгэлүүдийг бэлтгэдэг. Мөн Төрийн департаментаас террористуудын болон терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтыг бий болгон гаргадаг ажээ.
Төрийн нарийн бичгийн даргын эрх мэдэл
Олон улс орнуудын Гадаад хэргийн сайдын албан тушаалтай түүний ажил нь адилхан. Ерөнхийлөгчийг орлох дөрөв дэх хүний эрх хэмжээ түүнд өгөгдсөн байгаа. Албан ёсоор тэр ерөнхийлөгчийн гадаад бодлогын асуудлын гол зөвлөх бөгөөд ерөнхийлөгчийн даалгавараар олон улсын гэрээ хэлцлийг явуулна. Тэрээр олон улсын байгууллагуудад АНУ-ыг төлөөх ба дипломат, консулын ажлыг зохион байгуулдаг.
Ерөнхийлөгч бага Жорж Буш Америкийн Засгийн газрын гадаад орнуудад явуулах тогтворжуулалтын ажиллагааны удирдлагын эрх мэдлийг шинээр 2005 оноос Төрийн нарийн бичгийн даргад хариуцуулсан байна Түүний тоонд Зэвсэгт хүчнийг ашиглах эрх өгөгджээ. Төрийн нарийн бичгийн даргад Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, түүнийг нь Сенат баталдаг.
Томас Жефферсон. ПАНУ-ын анхны Төрийн нарийн бичгийн дарга. AP Photo
Элиу Рут ерөнхийлөгч Уильям Мак-Кинлитай Цагаан ордонд уулзаж байгаа нь, 1898 он. Тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга байхдаа консулын албаны шинэчлэлийг хийн, Алс Дорнодод нээлттэй бодлого явуулж эхэлсэн байв. AP Photo
Францын Гадаад хэргийн сайд Аристид Бриан, АНУ-аас Францад суугаа Элчин сайд Мирон Т.Херрик ба АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Франк Келлог. Гавр, 1928 он. Дайныг үндэсний бодлогын зэвсэг болгон ашиглахаас татгалзсан гэрээнд тэрбээр гарын үсгээ зурсан хүн бөгөөд үүнийхээ төлөө 1929 онд Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. AP Photo
АНУ-ын армийн штабын дарга генерал Жорж К.Маршалл, Төрийн нарийн бичгийн дарга Корделл Хэлл, флотын командлагч адмирал Эрнест Ж.Кинг, Зөвлөлтийн Гадаад хэргийн ардын комиссар Вячеслав Молотов ба АНУ-д сугаа Зөвлөлтийн Элчин сайд Максим Литвинов нар. Вашингтон, 1942 он. AP Photo
Ерөнхийлөгч Гарри Трумэн, Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршалл, Вашингтон хот, 1948 он. Жорж Маршалл 1947 онд Харваордын их сургууль дээр “Маршаллын төлөвлөгөө” гэгдэх Европын орнуудад туслах тусламжийн тухай санаачлагаа гарган хэлсэн байлаа. AP Photo/stf
Вьетнамд энх тайван тогтоох гэрээнд гарын үсэг зурахын өмнө Генри Киссинжер Хойд Вьетнамын төлөөлөгч нартай ярилцаж байгаа нь. Парис, 1973 оны нэгдүгээр сар. AP Photo
Оросын ерөнхийлөгч Борис Ельцин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайтыг Кремльд хүлээн авч уулзлаа, 1997 оны хоёрдугаар сарын 21. ИТАР-ТАСС/Чумичев
Ерөнхийлөгч Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт ба Жон Росс Трумэн нар АНУ-ын 33 дахь ерөнхийлөгч Гарри Трумэний нэрийг Төрийн департаментын байшинд олгосон ёслол дээр. Вашингтон. 2000 оны есдүгээр сарын 22. AP Photo/Ron Edmonds
Колин Пауэллийн оронд Төрийн нарийн бичгийн даргын тушаалд Кондолиза Райсийн нэрийг 2004 оны арваннэгдүгээр сарын 16-нд дэвшүүлжээ. EPA/WILLIAM PHILPOTT
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ба ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Орос-Америкийн харилцааны “ачааллыг бууруулах” бэлгэдэл болсон улаан товчлуурыг Швейцарийн Женев хотноо дарцгаав. 2009 оны гуравдугаар сарын 6. AP Photo
Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ба Украины шинээр сонгогдсон ерөнхийлөгч Петр Порошенко нар Варшав хотын вангийн ордонд уулзлаа. 2014 оны зургадугаар сарын 3. EPA/PAWEL SUPERNAK
Төрийн департаментын янз бүрийн онуудын тэргүүн нар
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга нарын дунд Нобелийн энх тайвны шагналтанууд: Элиу Рут (1912), Франк Келлог (1929), Корделл Хэлл (1945), Жорж Маршалл (1953), Генри Киссинжер (1973) байдаг. АНУ-ын түүхэнд энэ тушаалыг гурван эмэгтэй авч байжээ. Тэд нар нь Мадлен Олбрайт (1997-2000), Кондолиза Райс (2005-2009), Хиллари Клинтон (2009-2013) юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нээс уг тушаалд Жон Керри сууж байгаа ба тэрээр 68 дахь Төрийн нарийн бичгийн дарга болж байна.
Төрийн департаментын төв байр нь Вашингтон хотын “манант ёроол” (Foggy Bottom) гэсэн шог нэртэй байшинд байрладаг. Хэзээ нэгэн цагт намагтай газар байснаас тэр. Уг барилгад АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Гарри Трумэний нэрийг 2000 онд өгсөн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР