Найр наадам, ойн баяр гээд монголчууд намрыг мартах шахуу баярлаж, ажил албаа мартан амарч зугаалах хойгуур ам.долларын ханш өдөр ирэх тусам нэмэгдсээр. Өчигдрийн байдлаар арилжааны банкуудаар зарж байсан ам.долларын ханш 1867 төгрөгт хүрэв. Гуравхан хоногт таван төгрөгөөр нэмэгдэж байгаа долларын өсөлт цаашдаа эдийн засагчдын таамаглаж байснаас өндөр гарч магадгүй байна. Орж, гарах мөнгөний хэмжээ, эрдэс баялгийн үнийн уналт, экспортын хэмжээ гээд эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг харахад долларын ханш 2000 давж болзошгүй болжээ. Гадаадын шинжээчдийн зүгээс энэ оны эцэс гэхэд ам.долларын ханш хоёр мянга давна гэдгийг ч батлах болсон.
Сүүлийн дөрвөн жилд үзэгдээгүй өндөр үзүүлэлтэй гарч байгаа долларын өсөлт эдийн засагт доргилт өгөөд удаж байна. Гаднаас хөрөнгө босгож, тусламж дэмжлэг аваад ч дотоодын зах зээлд “галзуурч” байгаа долларын ханшийг барьж чадахгүйд хүрлээ. Нэг үгээр хэлбэл, Монголд долларын ханш хяналтаас гарчихжээ гэж тодорхойлж болохоор болжээ.
Ханшийн өөрчлөлтөөс болж том багагүй алдагдал амсч байгаа хувийн хэвшлийнхэн өдгөө дуу муутайхан, тэвчинэ, тэвчинэ гэхэд яаж тэсэх вэ дээ гэгчээр Худалдаа аж үйлдвэрийн танхим валютын хөөрөгдлийг зогсооход Монголын төр, Монголбанк ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаад дургүйцлээ илэрхийлж, мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “Ханш уян хатан тогтож, өөрийн тохируулга хийгдэж байна, өөр арга байхгүй” гэх мэт утгатай үг, мэдэгдлүүдээр сүүлийн хэдэн сар төр, засаг, Монголбанк тоглож байна. Үр дүнд нь ханш зах зээлийн жамаар гэхээсээ илүү спекулятив буюу ханшин дээр тоглож ашиг олох дамын хүчин зүйлүүдээр тодорхойлогдох болж тэртээ тэргүй сульдаанд орсон хувийн хэвшлийн бүх ААН-ийг сөхрүүлж байна. Ханшаар дамжсан үнийн өсөлтөөс болж худалдан авах чадвар нь улам бүр муудсаар байгаа ард иргэд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын иргэд маш их бухимдаж байна. Ийм байдлыг харсаар, мэдсээр байж онцгой, яаралтай бодлогын арга хэмжээ авахгүй, найр наадам хийсээр байж таарах уу?!” хэмээн бачим хоолойгоор анхааруулж байгаа хувийн хэвшлийнхний үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж боломгүй юм.
Үнэн хэрэгтээ өнгөрсөн дөрөв, тав, зургадугаар сарын бүхэлдээ улстөржиж өнгөрөөсөн монголчууд долдугаар сарыг найр наадам, амралт зугаалга, аялал жуучлалын улирал болгов. Олон ч ой тохиож, багагүй мөнгөөр баярлаж наадав. Харамсалтай нь, ид сааль сүүний цагаар саалиа орхиод үхдэг айлын авгай байдаг юм уу гэгчээр хариуцах эзэд нь амралт, зугаалга морь бөх хөөгөөд одсон хойгуур ханш галзуурч, эдийн засагч шатах нь холгүй халуурч байна.
Долларын ханш өссөнтэй холбоотойгоор олон тулгамдсан асуудал үүсэх болсон. Хувийн хэвшлийнхэн гэлтгүй иргэд ч багагүй алдагдал амсч, ам.долларын өсөлтөд таван зүсэм талхныхаа хоёрыг нь идүүлж байна.
Гаднаас зээлж авчирсан бондын хүүгийн хэмжээ ч өдөр ирэх тусам өсч, ханшийн зөрүүнд хэрхэн “тоглуулж” байгаад санаа тавих хүн байна уу. Олон улсын хөрөнгийн зах зээлээс олж ирсэн Чингис бондын хүү хоногийн 196 мянган доллар гэвэл түүнийг 1867 төгрөгөөр үржүүлээд бодоход чамгүй их тоо гарах нь гарцаагүй. Долларын ханш дээшээ “хөөрөх” тусам монголчуудын төлөх мөнгөний хэмжээ дагаад өсөх нь тодорхой бөгөөд энэ нь эргээд эдийн засагт багагүй дарамт учруулж буйг ч үгүйсгэх аргагүй.
Хэдийгээр төв банк долоо хоног бүр интервенц хийж байгаа ч энэ үр дүнтэй ажил болж чадахгүй байгаад төсөв бүрдүүлэгчид шүүмжлэлтэй хандах болсныг буруутгаж боломгүй юм. Өөрөөр хэлбэл, хэдэн арилжааны банкны спекулятив дуршлыг хангах, нэмэгдүүлэх суваг болж валютын нөөцөө гөвж дуусгах замдаа шуудрахыг үр дүнтэй бодлого, хариу урвал гэж үзэх нь өрөөсгөл гэдэг нь танхимын гаргасан мэдэгдлээс харагдаж байгаа юм.
Төсвийн гуравны нэгийг бүрдүүлж ирсэн нүүрсний экспортын хэмжээ нэг үеэ бодвол буцаад сэргэсэн ч орлого нь өмнөх жилүүдэтэй харьцуулахад улам муудсаар байгаа шалтгаан нь нөгөө л тээвэр ложистикийн асуудал. Хятадын эдийн засгийн өсөлт бодож байснаас өндөр гарч, эрдэс баялгийнх нь импорт нэмэгдсэн ч харамсалтай нь манай улс өрсөлдөөнөөс шахагдсан гэдэг нь гаргаж байгаа нүүрснээсээ, олж байгаа мөнгөнийхоо тооноос харчихаж болохоор. Нөгөө талаар өнгөрсөн жилүүдэд ад шоо үзэн хөөгөөд явуулчихсан хөрөнгө оруулагчид Монголд ойрын хугацаандаа буцаад ирэх шинж алга. Орж ирсэн нэгэн нь Монголын улс төрийн тогтворгүй байдал, улстөрчдийн олон аашаас шалтгаалан одоо ч хүлээлтийн байдалтай хэвээр байна. Тэгэхээр дотогшлох мөнгөний хэмжээ нэмэгдэх боломж төдийлөн харагдахгүй байгаа нөхцөлд дотоодын боломжоо ашиглан долларын ханшийг барих бодлого хэрэгжүүлэхгүй бол болохоо байлаа гэдгийг багагүй хугацаанд төр засгийн бодолго шийдвэрийг харж суусан баялаг бүтээгчид чанга дуугаар сануулж эхэллээ. Хэрэглээнийхээ 80 хувийг гаднаас импортлодог манай улсын хувьд валютын хомсдолд орох нь зүйн хэрэг. Гэхдээ хэзээ хөрөнгө оруулагчид Монголд ирж, хэзээ нүүрс үнэд орно хүлээж суух билээ. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэсэн зүйр үг байдаг даа.
Ж.НЯМСҮРЭН