ХАМАС бүлгийн дайчид пуужин болон теле холбооны төхөөрөмжийг Хойд Солонгосоос худалдан авахаар шинээр гэрээ байгуулж байгааг Барууны тагнуулын байгууллагын мэдээнээс ишлэн Telegraph сонин бичив.
Тэдний наймаа нь хэдэн зуун мянган доллар болох бөгөөд Ливаны нэгэн компаниар зуучлуулан хийж байгаа ажээ. ХАМАС-ын удирдлага мөнгөний эхний траншийг хийсэн гэж тагнуулчид үзэж байна.
Израильтай дайтаж байгаа 20 хоногийн дотор тэдний пуужингийн нөөц нь ихээхэн буурсан байна. Израилийн цэргийнхэн одоо устгах гэж хичээж буй хонгилуудынхаа сүлжээг хийхдээ Хойд Солонгосчуудын зөвөлгөөнийг ХАМАС авсан гэж үзэж байгаа аж. Тийм маягийн хонгилын сүлжээг Хойд Солонгос цэрэггүй бүсийн дор ухсан байгаа гэдэг.
Сонинд бичсэнээр, ХАМАС одоо 16 км-ын тусгалтай Ираны “Кассам” пуужин, 48 км-ын тусгалтай “Катюша мөн 160 км-ын хүртэлх тусгалтай Сирийн M0302 пуужинтай гэнэ. Израилийн тагнуулынхан тэдний нөөцийг 10 мянга гэж үздэг.
ХАМАС, Хойд Солонгос хоёрын хамтын ажиллагааны талаар 2009 онд Бангкокт 35 тонн зэвсэг ачсан Ил-76 онгоц саатуулагдсаны дараа тодорхой болсон юм.
Израил ням гаригт Газын зурваст явуулж байгаа ажиллагаагаа дахин сэргээв. Ням гаригийн шөнө Израилийн эрх баригчид 12 цагийн хүмүүнлэгийн гал зогсоолтоо сунгасан ч ХАМАС пуужингийн ба миномётын буудлагаа зогсоосонгүй учир Израилийн арми дахин Газын зурваст цохилт өгч эхэллээ.
Армийн мэдээллээр Газаас ням гаригийн өглөө долоон пуужин харвасан ба түүний тав нь дэлбэрч, нэг израил хүн шархаджээ. Мөн миномётын буудлагын галд нь Израилийн нэг цэрэг амь үрэгдсэн байлаа. Ийнхүү цэргийн ажиллагааг явуулж эхэлсэн долдугаар сарын 8-наас хойш 43 израиль цэрэг, гурван энгийн хүн амиа алджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР