Бүсийн наадмуудад хэн түрүүлэв?

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Бүсийн наадмуудад хэн түрүүлэв?

Сүүлийн таван наадмаас хоёр хурц, хоёр арслан цолтон төрөв

Наадмын дараахь наадам, бүсийн хурдан морьдын уралдаан өчигдөр /VII.27/ өндөрлөлөө.  

Ховд аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн хурдан морьдын уралдаан болсон бол Хөвсгөлд "Хотгойдын хурд -3" хангайн бүсийн хурдан морьдын уралдаан, Дундговьд "Их мандалын хурд-2014" төвийн бүсийн хурдан морьдын уралдаан, Дорнод аймагт "Дорнод талын хурд-2014" зүүн бүсийн хурдан морьдын уралдаан, Баянхонгор аймагт Ламын гэгээний түмэн өлзий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн хурдан морьдын уралдаан, Өмнөговь аймагт Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойн наадам тус тус боллоо.

Ховд аймагт болсон Галдан бошигт хааны 370 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан нэлээд чансаатай болов. Уг наадамд дархан аварга А.Сүхбат, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, арслан П.Бүрэнтөгс, харцага Т.Амартүвшин, Б.Пүрэвсайхан тэргүүтэй 256 бөх барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан О.Хангай түрүүлж, хурц арслан болж, цол нэмсэн бол Ховд аймгийн Чандмань сумын уугуул, улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэжээ.

"Хотгойдын хурд -3" хангайн бүсийн хурдан морьдын уралдаан, Хөвсгөл аймгийн наадам ч нэлээд будилаантай болох нь тэр. Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанаас эхлээд найраа эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж өгүүлэв. Эцэст нь Хөвсгөлийн наадмаас хоёр хурц арслан төрлөө. Хүчит 512 бөх барилдсан уг барилдаанд аймгийн заан Н.Баттүвшин түрүүлж, хурц арслан болсон бол аймгийн арслан Б.Ганхуяг үзүүрлэснээр мөн л хурц чимэгт хүртсэн байна. Хөвсгөлийн наадмаас хоёр заан, хоёр харцага, 10 начин цолтон шинээр төржээ.

Дорнод аймгийн баяр наадам Зүүн бүсийн хурдтай давхацсан байгаа. Тус наадамд 256 бөх зодоглосноос Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат аймгийн начин Д.Анар найм даван түрүүлжээ. Ингэснээр тэрээр аймгийн арслан цолонд хүрэв. Түүний хувьд жүдо болон самбо, бүстэй барилдаанаар хичээллэдэг бөгөөд олон улсын хэмжээний мастер цолтой юм. Харин тус аймгийн Цагаан-Овоо сумын харьяат начин Б.Ариунмөрөн үзүүрлэж, заан цолонд хүрчээ.

Өмнөговь аймгийн баяр наадамд барилдсан 256 бөхөөс Архангайн П.Баярхүү түрүүлж арслан цолны болзол хангав. Түүнтэй түрүү булаалдаж өвдөг шороодсон Л.Отгонбаатар аймгийн заан цолонд хүрчээ. Их шөвөгт улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба нар шалгарсан байна. Өмнөговийн иргэд дээрх хоёр улсын цолтныг наадам үймүүлж, найраа хийлээ хэмээн нэлээд бухимдангуй байгаа аж. Тус аймгаас нэг начин цолтон шинээр төрөв.

Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний түмэн өлзий гийсний 375 жилийн ойн баяр наадамд улсын начин Ду.Батбаяр түрүүлж, улсын начин Ж.Чулуунбат үзүүрлэв. Тус наадамд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат улсын начин С.Багахүү, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нар их шөвөгт шалгарчээ. Харин харцага Д.Батболд, Ж.Амартүвшин, начин Л.Гантулга, аймгийн арслан Н.Золбоо нар дунд шөвөгт үлдсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж