ДОХ-ыг ялахад нэг алхам ойртлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

ДОХ-ыг ялахад нэг алхам ойртлоо

АНУ-ын Орегоны  шинжлэх ухаан, анагаахын их сургуулийн Вакцин ба генийн эмчилгээний институтийн (Oregon Health & Science University’s Vaccine and Gene Therapy Institute) болон шинжлэх ухааны бусад байгууллагын хэсэг эрдэмтэд доктор Луис Пикерийн (Louis Picker) удирдлага дор хүний төрөлд хамаарахгүй анхдагчдад зориулсан урьдчилан сэргийлэх тарилгын хувилбарыг бүтээлээ.

Энэ нь хүний дархлал хомсдлын хам шинж өвчний вирусын эсрэг вакцин бүтээхэд чухал алхам болно хэмэээн Орегоны их сургууль мэдээлжээ. Эрдэмтдийн судалгааны бүтээл нь “Nature” сэтгүүлд хэвлэгдэх юм.

Эрдэмтдийн бүтээсэн вакцин нь сармагчингуудын дархлалын системийг ердийнхөөс хурдтайгаар ХДХВ/ДОХ-д үйлчлэх болгосон байна. Эрдэмтэд шинэ вакцинаа Орегоны анхдагч нарыг судлах үндэсний төвийн (Oregon National Primate Research Center) макака сармагчин дээр туршжээ. “Бичний дархлал хомсдолын хам шинжийн вирус” (Simian Immunodeficiency Virus) гэх хэлбэрийг ашиглан тэд туршилтаа хийсэн байна. Судалгаагаар вакцин хийлгэсэн сармагчингийн тал хувиас нь хамгийн нарийн тестээр ч ДОХ-ын вирусийг илрүүлж чадахгүй хэмжээнд дархлалын систем нь идэвхжсэн байв.  Жилийн дотор сармагчингийн олонхийн халдварын бүхий л шинж арилсан байжээ.
Ийм маягийн эмчилгээг хүнд хийвэл ХДХВ/ДОХ-ын халд­варыг арилгах боломж байна. Шинэ вакциныг хүн дээр турших клиникийн туршилт нь дараагийн алхам болох гэнэ.

Сануулахад, ХДХВ/ДОХ саяхан гучаад жилийн өмнөө гарч ирсэн билээ. Энэ хугацаанд уг өвчин хар тамхичид, биеэ үнэлэгчдийн ер бусын өвчин болон хувираад дэлхийн үхлийн гол шалтгаануудын нэг болжээ.

Уг өвчин илэрсэн 1981 оноос хойш дэлхийн хэмжээнд 63 сая хүн халдвар аваад байгаа бөгөөд эмчлэх болон урьдчилан сэргийлэх эм, тариаа бүтээж чадаагүй хэвээр байгаа юм. Одоо ХДХВ/ДОХ нь сахарын шижин мэт ужиг өвчний нэг болжээ. Хэрэв эрдэмтдийн сармагчинд зориулан хийсэн вакцин шиг эм, тариа бүтээгдвэл олон сая хүнд аврал болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж