Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх Ц.Батбаяр нарт энэ сарын 23-нд шүүхээс ял оноосон. Тодруулахад, Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх, НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутай болохыг тогтоож, ял оноосон ч Өршөөлийн хуульд хамруулан бүрэн өршөөсөн. Мөн энэ хэрэгт хамт шүүгдсэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг гэм буруугүйд тооцон цагаатгасан юм.
Дараах мэдээлэлд Ц.Батбаяр, Т.Билэгт нар хэдэн төгрөгийн хохирол барагдуулсан, ямар учраас Т.Билэгтийг өршөөсөн, мөн хамсаатан гэгдэж байсан хүмүүсийг яагаад өршөөсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэхийг хүслээ.
Ц.Батбаяр таван сая төгрөгийн хохирол барагдуулна
Ц.Батбаярыг төрийн өмчийг үрэгдүүлсний улмаас улсад онц их хэмжээний хохирол учруулсан болохыг шүүхээс тогтоож, ял оноосон. Гэхдээ хамгийн анхаарууштай нь Ц.Батбаярын улсад учруулсан гэх хохирлын мөнгө гэх таван сая төгрөгийг нөхөн төлүүлэх тухай шийдвэр юм. Нийслэлийн өмчийн харилцааны газраас Ц.Батбаяр нараас 360 сая төгрөг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож, Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ял оноожээ.
Угтаа Авлигатай тэмцэх газраас Ц.Батбаярыг нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт дээрх хүмүүсийг буруутгаж байсан юм. Мөн түүнийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн гэж байсан юм. Дээрх хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна.
Т.Билэгтэд 5.1 жилийн ял оноосон ч өршөөжээ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Т.Билэгтийг Ц.Батбаяртай бүлэглэн улсад их хэмжээний хохирол учруулсан гэдгийг шүүхээс мөн л тогтоожээ. Ингээд 5.1 жилийн ял оноож, ялыг Өршөөлийн тухай хуульд/Өршөөлийн тухай хуульд анх удаа гэмт хэрэг үйлдсэн 60-аас дээш насны ялтанд шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ/ хамруулан бүрэн өршөөсөн байна. Мөн түүний албан тушаалаа ашиглан олж авсан гэх таван сая төгрөгийг хураан авах шийдвэрийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс гаргажээ.
Ийнхүү Ц.Батбаяр, Т.Билэгт нарт ял оноосноор олон жилийн турш яригдаж байсан “Өргөө”, “Улаанбаатар таймс” сонин, “Сэргээн засах клиник” эмнэлэг зэрэг нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын хууль бус хувьчлал ийнхүү замхран одлоо.
Д.ЖАРГАЛ