Их аварга Хакүхо мэргэжлийн сүмогийн 30 дахь түрүүгээ авлаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын Нагоя башё өндөрлөлөө. Энэ сарын башё өмнөхөөсөө ч илүү сонирхолтой болсон гэдгийг сүмо бөхийн холбооноос онцлов. Ингээд башёгийн мэдээллийг хүргэе.
Ичиножо боломжоо алдаж, Точиношин туршлага заав
Жюүрёо зиндаанд барилдсан манай бөхчүүдээс хамгийн түрүүнд Асасэкирюү дэвжээнд гарсан. Тэрээр сүүлийн өдөр давбал тавин хувийн амжилтаа /качигоши/ үзүүлэх ёстой байлаа. Гэвч сүүлийн өдөр Фүжиазүмад унаснаар чансаа буурах нь. Үүнээс гадна Сэйро таван даваатай башёг дуусгаснаар чансаа доошлох нь тодорхой болов. Жюүрёогийн дөрөвт эрэмбэтэй Шотэнрү сүүлийн өдөр тавин хувийн амжилтаа үзүүлснээр есдүгээр сард зиндаагаа тэргүүлэх боломжтой болж байна. Такаиновагийн хувьд 12 даваатай башёг дуусгаж, ирэх есдүгээр сард макүүчид дэвшин барилдах болзол хангалаа. Нагоя сүмо сонирхогчдын анхаарлыг татсан бөх бол Ичиножо. Сүүлийн өдрийг хүртэл ганцаараа тэргүүлж явсан тэрээр хашир туршлагатай Точиношинтой шийдвэрлэх барилдаан хийсэн. Уг барилдаанд цагтаа комүсүби цол хүртэж явсан гүрж залуу туршлагаар манай бөхийг өвдөг шороодуулжээ. Ингэснээр хоёр бөхийн хооронд нэмэлт барилдаан болсон. Хэн ялсан нь жюүрёод тэргүүлэх байлаа. Ичиножо дахиад л түүнд ёрикири мэхээр ялагдав. Тэрээр гүрж сүмочид нэг өдрийн дотор хоёр удаа ёрикири мэхээр дийлдсэнээр жюүрёод тэргүүлэх боломжоо хийсгэсэн. Гэхдээ сүмогийн мэргэжилтнүүд Ичиножогийн барилдааны арга барилыг онцолсон юм. Ичиножо башёгийн дараа ярихдаа “Сүүлийн барилдаанд би сэтгэлзүйгээрээ ялагдлаа. Точиношин аргагүй туршлагатай бөх юм. Түүнээс суралцах зүйл их байна. Дараа нь хоорондоо таарвал би ялагдахгүй. Ямар ч байсан макүүчид дэвших болсондоо баяртай байна. Амжилтаа улам ахиулна” гэжээ. Харин Точиношин “Би макүүчид эргэн очихыг хүсч байна. Тиймээс бүх чадлаа дайчлах болно. Ичиножо маш бяртай юм билээ. Түрүүлсэндээ баяртай байна” хэмээн NHK-д ярилцлага өгчээ.
Гоэйдо озэки цолны болзол хангалаа
Тэгвэл макүүчид хэд хэдэн содон үйл явдал боллоо. Манай сүмочдоос Кёкүтэнхо, Токитэнкү, Азүмарюү, Тамаваши, Кагамио, Кёкүшюхо нар тавин хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Гэхдээ тэдэнд макүүчид үлдэх боломж бий. Ялангуяа Токитэнз, Азүмарюү, Кагамио нарт энэ нь бүр ч их хамаатай. Ирэх сард гарах банзүкэгаас бүх зүйл шалтгаалах болж байна. Араваши нагоя башёг 10 даваатай дуусгасан. Ингэснээр тэрээр мэргэжлийн сүмогийн макүүчи зиндаанд анх удаа тавин хувийн амжилтаа үзүүллээ. Тэгвэл сүмо сонирхогчдын анхаарлыг татаж байгаа Монголын хоёр дахь сүмоч Тэрүнофүжи есөн даваатай башёг дуусгав. Ингэснээр тэрээр хоёр дараалан тавин хувийн амжилтаа үзүүлж, ирэх есдүгээр сард маэгаширагийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэх боломжтой болж байна гэсэн үг. Сүмогийн 71 дэх аварга Какирюү нагоя башёг 11 даваатай өндөрлүүллээ. Үүнийг сүмогийн холбооны аваргын зөвлөлөөс “боломжийн” хэмээн дүгнэжээ. Гэхдээ цаашид түрүүлэх хэмжээнд барилдах хэрэгтэй гэсэн анхааруулга өгсөн байна. Харин 10 даваа, таван унаатай долдугаар сарын барилдааныг дуусгасан 70 дахь аварга Харүмафүжи зэмлэл сонсох ойлгомжтой гэж мэргэжилтнүүд дүгнэв. Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо 30 дахь түрүүгээ хүртэж, түүхэн амжилт тогтооход нэг алхам урагшлав. Тэрээр дахин гурван түрүү авахад л сүмогийн бүх цагийн үеийн түүхэнд дээд амжилт тогтоох юм. Түүний хувьд домогт аварга Тайхо, Чиёнофүжи нарын араас шил дарлаа. Хакүхо аварга түрүүлсэнийхээ дараа “Сайхан байна. Өмнөхөөсөө илүү амттай түрүү байлаа. Сүүлийн гурван өдрийн барилдаан үнэхээр хүнд байсан. Гэвч би ялалт байгуулж чадлаа. Сүмо одоо л өрсөлдөөнтэй болж байна” гэжээ.
Японы ард түмний удаан хүлээсэн түрүүг авахад хамгийн ойрхон очсон сүмоч бол озэки Котошогикү. Гэвч тэр сүүлийн өдөр сэтгэлзүй бэлтгэлгүй байсны улмаас түрүүлэх боломжоо салхинд хийсгэв. Хакүхогийн барилдааныг тогтож ядан хүлээж суусан тэрээр бүх зүйл дуусмагц “Маш харамсалтай зүйл боллоо. Гэхдээ би дахин даагаа нэхнэ” хэмээн хэлжээ.
Нагоя башёгийн онцлох сүмочдын нэг бол яах аргагүй Гоэйдо байлаа. Тэрээр сүүлийн гурван башёгийн нийлбэр дүнгээр 32 даваатай болж озэки цолны болзол хангав. Гэхдээ түүнд цолыг нь хараахан өгөөгүй байгаа. Сүмогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн даргын хэлснээр бол Гоэйдод озэки цол олгоход буруудахгүй гэнэ. Тиймээс энэ долоо хоногт болох сүмогийн холбооны хурлаар түүнд шинэ цол олгож магадгүй бололтой. Гоэйдо NHK-гийн сурвалжлагчийн асуултад ийн хариулжээ. “Маш их баяртай байна. Хүссэн цолондоо хүрэхэд ойртлоо. Одоо хүлээх л үлдэх шив. Башёгийн эхний хагаст миний барилдаан нэг л биш байсан. Харин сүүлийн хэдэн өдөр өөрийнхөө үндсэн барилдааныг гаргаж зорилгодоо хүрлээ. Багш маань намайг багтсан. Багшаасаа магтаал сонсоогүй удсан болохоор их сайхан санагдсан. Сэтгэл өндөр байна. Цаашид улам хичээж барилдах болно” гэжээ.
Б.ЗУЛ
"СПОРТЫН ШУУДАН" сонин