Наадмын дараахан Улаанбаатар нам гүмхэн. Ихэнх нь найр наадам, аялал зугаалга гээд алга болоод өгчихсөн шинжтэй, ачаалалдаа хахаж байдаг төв замууд хүртэл түгжрэлгүй жигтэйхэн сэлүүхэн болчихож.
Эдийн засгийн хямралтай давхцаж энэ жил 118 сум 90 жилийнхээ ойг хийж байна. Бөх барилдуулж, морь уралдуулж, концерт тоглож дэлгэр зуны ойн баярууд чухамхүү ёстой дэнж хотойтол сайхан болж байгаа гэх.
Сум орон нутгийнхаа ойн баярт явсан хүмүүс унаагаа шинэчилж, өвөл, хаваржингаа зарагдахгүй мөнгөний уяа болж байсан машинуудынх нь борлуулалт сайн байгааг нэгэн ченж залуу зурагтаар ярьж байхыг сонсов. Хаваржин харштлаа зогсоод сард арай ядан ганц машин зарж байсан бол одоо зарах ч машингүй болсон юм байх. Наадмын дараа ойн баярт явах гэсэн хүмүүс унаагаа томруулахаар машины борлуулалтыг нэмэгдүүлж үнийг нь суга өсгөсөн гэнэ лээ. Тэгэхээр машины үнэ сүүлийн саруудад огцом өссөн нь ам.доллараас болчихсон юм биш аж. Найр наадам хөөсөн наадамчдаас болж эрэлт ихэссэн нь машины үнэ өсөх шалтгаан болжээ гээд дүгнэхэд болит үнэнээс хол зөрөхгүй болов уу.
Шавар ус, чулуу хайрга гээд зам зуурын бартаа саадыг бодсон уу, эсвэл баян цатгалан яваагаа нутгийн олон ахан дүүстээ харуулахаар шийдсэн уу, ямар байсан ч зах дээр жип машины борлуулалт сайн байгааг машины наймаачид ч баяртай нь аргагүй ярих болж. Аргагүй биз дээ, бизнес нь сайн байвал аштай юу. Даанч энэ их мөнгө гадагшаа гараад явчихаж байгаа гэхээр харуусмаар. Дотооддоо шингээдэгсэн бол эдийн засагтаа ч, иргэддээ ч хэрэгтэй юм шүү дээ, уг нь.
Өнгөрсөн зунаас эхлэн долларын ханш өсч, улс орны болоод ард иргэдийн амьдрал хэцүүдэж эхэлсэн. Үнэндээ ч авдаг цалингийн хувьд харвал хальс, үзвэл үнс төдийхөн болох нь холгүй байгаа нь худлаа биш л дээ. Олонхийн хувьд амьдрал хүнд байгаа. Харин цөөн хэдэн хүмүүсийн хувьд хямрал харин ч бизнесийг нь хөлжүүлэх, тогтворжүүлэх ашигтай хувилбар болчихсон ч байж болох талтай. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн наймаачид, валютын ченжүүдийн хувьд шүү дээ. Долларын өсөлтөд цалингийнхаа тал хувийг хямралд залгиулж, ихэнх хүмүүс бүсээ чангалсан гэх боловч ойн баяр, найр наадамд урьдын адил баярхсан хэвээрээ л байгааг харахад монголчуудын нэрэлхүү, бардам зан хямарсан ч хаягдаггүй л бололтой юм.
Ганц ойн баярт явахын тулд доод тал нь 30, 40 саяын машин авч байгаа хүмүүсийг хямралд өртсөн гэж тодорхойлоход хэцүү.
Доллар өслөө хэмээн хашгираад байсан монголчууд тансаглахдаа гар татдаггүй гэдэг нь илэрхий байна. Ямар сайндаа л гадныхан монголчууд биднийг хэрээ мэдэхгүй хэрнээ тансаглах дуртай гэж гоочлох билээ. Иргэд нь ч, улс орон нь ч тансаглах, баярлах дуртай. Эдийн засгийн хямрал гэсэн мөртлөө л аль үнэтэй цайтайг нь өмсч, унаж, бусдаас илүү гарах гэсэн нэрэлхүү бардам зангаасаа болоод монголчууд тансаг мөртлөө ядуу амьдардаг гэдгээ харуулсаар л. Ямар ч байсан олон ойн баярууд давхацсан хямралын энэ үед очиж байгаа хүмүүсийг гаднаас нь харахаар монголчууд хямралд өртөөгүй юм биш үү гэх сэтгэгдэл төрж буйг нуух юун.
Ж.ЭРХЭС