Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Амрах сандалтай хот

Улаанбаатар хот сүүлийн хоёр гурван жилд илт өнгө засч эхэллээ.  Агаарын бохирдол, машины түгжрэлээ эс тооцвол одоо л нэг овоо болж байх шиг байна. Гадны улсуудын том том хотууд шиг биш юм гэхэд бидэндээ л нийцэхээр аятайхан өнгө зүс ороод байгаа. Гэр хорооллууд барилгажиж байна. Зарим нь өнгө төрхөө засч, гудамжиндаа чулуун зам тавьж, хашаагаа нэг ижил болгож байгаа.

 

Тэр ч битгий хэл зарим газарт төвийн шугам хүртэл орж эхэллээ. Зам, талбайг сүүлийн хоёр жилд идэвхтэй заслаа. Олон ч уулзвар шинэчлэгдэж, түгжрэл тодорхой хэмжээнд буурч байна.  Гэх мэтээр тоочоод байвал гар баригдаж, нүдэнд харагдахаар ажил хийжээ, хотын удирдлагууд.  Гэхдээ энэ бүхнээс илүүтэй сайшаамаар зүйл байгаа нь хотын төвд алхам тутамд хогийн сав, амрах сандал байрлуулж байгаа явдал.

Хогийн савыг бол өнгөрсөн жил тун ч идэвхтэй байрлуулсан. Хүн хог хаяхааргүй болтол шүү дээ.  Харин энэ жилээс Улаанбаатар хотын төвөөр амрах сандал байрлуулж эхлээд байна.  Энэ зун гэхэд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд иргэдэд амран суух орчныг бүрдүүлэх зорилгоор нийт 350 гаруй сандлыг байршуулаад байгаа юм. Тодруулбал, Канад улсын туршлагаар Энхтайваны өргөн чөлөөнд арлан байгууламж бүхий амралтын сандлыг дөрвөн газар шинээр байршуулсан байна. Эдгээр сандлыг үндэсний үйлдвэрлэгч “Badarch and Son” компани гүйцэтгэсэн аж.

Түүнчлэн Монголын хог хаягдлыг боловсруулах холбоотой хамтран харанхуйд гэрэлтдэг сандлыг хаягдал шилээр үндэсний үйлдвэрлэгч “Экологи Кристал стоун” компанийнхан хийж,  Чингисийн талбай орчмоор 20 ширхгийг байршуулаад байгаа юм. Бас л шинэлэг шийдэл, содон ажил. 

Өмнө нь Улаанбаатарт худал хэлсэн хүнд ганц ч сандал байгаагүй. Тэр ч битгий хэл зарим автобусны буудал ч сандалгүй байсан. Хөгшин настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобус хүлээж байхдаа зогсохоос өөр сонголтгүй гэсэн үг. За хотын төвөөр алхаж яваад жаахан ядраад, амраад суучихъя гэхээр сандал байдаггүй байлаа.  Иргэдээ боддоггүй хот байсан гэх үү дээ. 

Уг нь иргэдэд амраад суучих сандал алхам тутамд л хэрэг болно. Хөгшин настай хүмүүст алхаж яваад суучих сандал хэрэгтэй. Такси барих гээд зогсч байхад хүртэл суух сандал хэрэг болох жишээтэй. Ер нь сандалтай байхад хэрэг болохгүй байна гэж үгүй. Өмнө нь хотын удирдлагууд яагаад иргэддээ хэдэн сандал хийгээд өгчихдөггүй, хогийн сав байрлуулчихдаггүй байсан юм, бүү мэд. Тэгсэн мөртлөө иргэд хайсан дээр суудаг, хогоо хаа хамаагүй хаядаг.

Хотын соёл мэдэхгүй энэ тэр гээд л гоочилдог байлаа.  Харин одоо овоо хэдэн хогийн сав, сандалтай болчихлоо. Хүмүүс яаж ашиглаж байна. Хэрэгтэй байсан гэдэг нь мэдэгдэж л байгаа шүү дээ.  Цаашид ч амрах сандлын тоог нэмэх хэрэгтэй. Зөвхөн хотын төв гэлтгүй зах руу ч сандал хэрэгтэй л байна. Хотын төвөөр явж байгаа хүмүүс хөлөө амраах эрхтэй, бусад нь эрхгүй байна гэсэн журам байхгүй биз дээ.

Тиймээс зөвхөн төвөө л чимээд байлгүй жаахан халих хэрэгтэй байна.  Ямар ч байсан хотын удирдлагууд иргэдэд хэрэгтэй ажлыг их, бага гэлтгүй хийж байгаад талархалтай байгаагаа энд хэлэх хэрэгтэй болов уу.  Амрах сандалтай хотод амьдрах бас аятайхан л юм.
 

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж