-Манай хоёр орны харилцаа одоо яг ийм дээрээ байна. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн япон технологи, япон чанар, япон менежментийг, япон арга барилыг шингээн авахыг хүсч байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалын үеэр Токио хотноо зохион байгуулсан Монгол-Японы бизнесийн форум дээр Японы хөрөнгө оруулагчдад хандан хэлсэн-
Эдийн засаг муу байна, мөнгө алга, компаниуд дампуурлаа гэсэн чихэнд чимэггүй мэдээнээс салахаа болиод удаж байна. Хамгийн урамгүй нь эдийн засаг мөддөө сайжрахгүй гэж албан тушаалтнууд ярьсаар байгаа нь дахиад чамгүй урт хугацаанд ийм муу үг сонссоор байх болно гэсэн үг. Өөрсдийн урагшгүй, харалган бодлогоос сөхрөөд байгаа эдийн засагт ойрын үед өөдрөг ирээдүй авчрах мэдээ байна. Энэ бол Япон улстай үзэглэхээр тохиролцсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Япон улсад 2014 оны долдугаар сарын 22-23-нд хийсэн айлчлалын үеэр гаргасан хамтарсан мэдэгдэл бол Монголын бодлого боловсруулагчид, төрийн түшээдийн хувьд магнайдаа хүргэн адис авах баримт бичиг боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсаны дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахаар харилцан тохиролцсонд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Сүүлийн хоёр жилийн турш 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 1000 гаруй хуудас хэлэлцээрийн төслийг ийнхүү бэлэн болгоод байгаа юм. Японы талаас тавьсан тус улсаас Монгол руу экспортлох ашигласан хуучин машины татварын таван хувийг тэглэх, Монголын талаас тавьсан Монголоос Япон руу гаргах махны одоогийн байгаа 98.5 хувийн татварыг үлэмж бууруулах, эсвэл бүр тэглэх асуудал дээр хоёр тал харилцан тохирсон гэсэн үг. Хэлэлцээрийг эцэслэн соёрхон батлах цаад хугацааг ирэх жилийн өдийд гэж төлөвлөж байгаа нь ихээхэн зоригтой төлөвлөлт юм. Зарчмын гол зүйлүүдээ тохирсон ч одоо хэлэлцээрийн төслийг орчуулах, редакц хийх гээд нөр их ажил биднийг хүлээж байна. Бэлтгэл ажил дуусмагц хоёр улсын Ерөнхий сайд нар үзэглэж, улмаар хоёр улсын парламент соёрхон батлах учиртай. Хэрвээ тэгвэл энэ нь Монголын хувьд анхны гэрээ болох юм. Харин Японы хувьд 15 дахь хэлэлцээр болох учиртай. Хэлэцээр баталгаажмагц Монголын хилээр японы хуучин машин цуваад бид зөрүүлээд контейнер контейнерээр бэлчээр дээрх малаа нядлаад Япон руу ачаад байна гэж ойлгох нь тун гэнэн явдал болно. Японы машины импортын татварыг шууд тэглэхгүй 10 жилийн хугацаанд багасгах зарчмаар явах бол Монголын махны хувьд ч мөн төдий хэмжээний хугацаа шаардлагатай. Юун түрүүн тэнд ч боом гарлаа, энд ч шүлхий гарлаа мэдээллээсээ бид бүрмөсөн салах ёстой. Угаас Монголын талаар нэг бэлчих махыг өдий хүртэл бид гадаад зах зээлд гаргаж чадахгүй байгаагийн гол шалтгаан энэ. Малыг эрүүлжүүлж, аюулгүй хүнс гэсэн баталгаатай болгож байж бид махаа экспортолж чадна. Харин энэ ажилд япончууд бидэнд тусална. Махаас гадна ноос ноолуур, чацаргана гээд олон төрлийн барааг Японы зах зээлд гаргах том боломж монголчуудад нээгдэх юм.
Харин хариуд нь бид Японы хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх учиртай. Хэдийгээр Япон улс Монголын хамгийн том хандивлагч орон байсаар ирсэн ч хөрөнгө оруулалт талаас нь үзвэл хангалттай хэмжээнд байхгүй байгаа юм. Японы хөрөнгө оруулалттай компани байгуулах болон япон компаниуд энд салбараа нээхийг Монголын тал хөхиүлэн дэмжинэ. Ингэснээр хамтран дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэн манай хоёр хөрш-ОХУ, БНХАУ-ын үлэмж багтаамжтай зах зээл рүү гаргахыг санал болгож байна. “Дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн том газар нутагтай хоёр хөрштэй бид хиллэж байна. Хамтарч судалъя, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя гэсэн зарчмыг бид санал болгож байна. Төмрийг халуун дээр нь давт гэдэг. Манай хоёр орны харилцаа одоо яг ийм дээрээ байна. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн япон технологи, япон чанар, япон менежментийг, япон арга барилыг шингээн авахыг хүсч байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалын үеэр Токио хотноо зохион байгуулсан Монгол-Японы бизнесийн форум дээр Японы хөрөнгө оруулагчдад хандан хэлсэн. Энэхүү айлчлалын гол зорилго нь бизнесийн харилцааг эрчимжүүлэх явдал гэдгийг ч Ерөнхийлөгч хэлсэн. Өнгөрсөн онд Японы хоёр банк Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээсэн бол сая Ерөнхийлөгчийн айлчлалын үер Монголын хоёр банк-Худалдаа хөгжил болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк Токиод төлөөлөгчийн газраа нээлээ. Мөн Монголын тэргүүлэх компанийн нэг MCS Японы Мицубиши Хитачи Пауэр Систет компанитай нүүрс шингэрүүлэх төслийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ийнхүү зөвхөн нэг нь өгдөг, нөгөөх нь авдаг идэвхгүй харилцаагаа харилцан ашигтай, харилцан нөхсөн эдийн засаг, бизнесийн харилцаанд шилжүүлэх онцгой түүхэн цаг үед Монгол-Япон хоёр улс тулж ирлээ.
Д.НАРАНТУЯА