Улаанбаатарын өвөл дэлхийд зартай. Хүйтэн, бас утаатай. Агаарын бохирдлоороо дэлхийд аман хүзүүддэг Монголын нийслэлд үгүйлэгдэж байгаа нэг том асуудал бол өнөөдрийн хувьд ногоон байгууламж болчихоод байна.
Нийслэлийнх нь хүн амын гуравны нэг нь гэр хороололд амьдардаг, тэднийгээ орчин үеийн орон сууцаар хангах боломж ойрын нэгэнтээ тодорхой учраас агаарын бохирдлыг бууруулахын тулд ядаж л ногоон байгууламжаа нэмэгдүүлж, хүчил төрөгч үйлдвэрлэгчдээ олшруулах хэрэгтэй байгаа. Идэр есийн хүйтэнд Улаанбаатарт манан буучихсан аятай утаанд дарагдаж, эмч мэргэжилтнүүдийн зүгээс өвөл битгий “жирэмслээрэй” гэх үгийг ч дайх болсон.
Өвөлжингөө утаанд утуулсан нийслэлчүүд хаврын хавар баахан мод тарьдаг уламжлалтай болсон. Харамсалтай нь тарьсан модноос нь хэд нь ургаж, хэд нь хатаж үхсэнийг тооцоолох боломжгүй. Бараг л ихэнх нь арчилгаа байхгүйгээс хатаж хорчийгоод хог болоод дуусдаг. Ургасан нэгийг нь инженерийн болон замын ажил гээд хөрөөдөөд унагачихдаг. Тийм болохоор манай нийслэлд ногоон байгууламж бараг байхгүй шахуу.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг 1987 онд тоолоход зургаан сая модтой байсан гэнэ. Харин 2004 онд 3.1 сая болтлоо цөөрчээ. Тэгвэл 2011 онд бүр 724 мянга хүртлээ хүчил төрөгч үйлдвэрлэгчийн тоо буурчээ. Энэ нь нэг сая гаруй хүн амтай нийслэлийн хувьд чамлалттай байгааг ч мэргэжлийн хүмүүс шүүмжилж байгаа юм. Учир нь нийслэл гэр хороолол ихтэйн дээр авто машинаас гардаг утаагаа нэмчихвэл долоон зуун модноос гарах хүчил төрөгч утаандаа хахсан улаанбаатарын агаарыг цэвэршүүлэхад хаана ч хүрэхгүй нь илт. Нэг га талбайд ургаж буй мод, сөөг 18 сая шоо метр агаар цэвэрлэж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээ намсгадаг гэхээр Улаанбаатарын энэ их хөл, стресс бухимдал, ачааллыг намжаах нэг эмчилгээ бол ногоон байгууламж. Гэтэл нийслэлчүүд биднийг ядрааж, өвтгөж байгаа дуу чимээ, хөл хөдөлгөөн тоос шороо, утаа униарын бохирдлоос салгах тэр ногоон байгууламж байна байна.
Хэдийгээр жил бүрийн хавраар хэдэн зуун мод тарьдаг ч нийслэлийн ногоон байгууламжийн тоо нэмэгдэх бус улам цөөрсөөр л байгаа. Өнөөдөр ч бүтээн байгуулалт нэрийн дор ургасан модоо устгасан хэвээр байна.
Улаанбаатарыг цэцэрлэгжүүлж, ногооруулах ажилд нийслэлийн Засаг даргын Тамгын газар багагүй анхаарал тавьдаг ч харамсалтай нь хэдхэн сарын настай цэцгээр гоёхоос өөрөөр хүчил төрөгчийнхөө тоог олшруулах, тарьснаа ургуулах, ургаснаа хайрлах талаар олигтойхон үр дүнтэй ажил хийж чадаагүй хэвээр.
Хэдхэн сарын настай цэцэг жил бүрийн зун болгон тарьж, хэдэн тэрбумыг салхинд хийсгэж байснаас тарьсан модоо ургуулах, ургасан модоо арчлах, хамгаалах талаар ахиухан хөрөнгө гаргавал агаарын бохирдолыг бууруулахад бага ч гэсэн нөлөөлөх нь дамжиггүй.
Аливаа хотод ерөнхий төлөвлөгөө гэж байдаг. Гэтэл Улаанбаатарт тийм юм алга. Өнгөрсөн жил нь барьсан замаа өнөө жил нь инженерийн шугам сүлжээ барина гэж эвдэлж сүйтгэж л байдаг. Урд жил нь бөөн хөрөнгө мөнгө зарж тарьсан модоо унагаж, мултлаад хаячихдаг манайх шиг замбараагүй бас хариуцлагагүй улс алга. Унагах нь байсан юм бол тарих шаардлага юун.
Зуун айлын замыг дөрвөн зам болгохын тулд 11 дүгээр хорооллын замын хажууд ургасан модыг бүгдийг нь устгасан. Сайхан замтай болох нэг хэрэг ч сайхан хоттой болохын тулд мод тарьж, ногоон байгууламжийнхаа тоог нэмэгдүүлэх зөв биш гэж үү.
Ургасан модоо устгачихаад дараа нь Улаанбаатарын утаатай тэмцэнэ гээд байгааг юу гэж ойлгох ёстой вэ?
Н.ХҮСЛЭН