Секс скандалд нэр холбогдсон Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Каны хэргийг шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гартал шүүхэд татахыг түр хойшлуулсан хэмээн өмгөөлөгч нь мэдэгджээ. Түүнийг зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчиндэхийг завдсан хэргээр бямба гаригийн үдэд АНУ-ын гааль дээрээс баривчлан саатуулсан юм. Хохирогч бүсгүй шүүх эмнэлгийн шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн учир Стросс-Каныг шүүхэд татахыг түр хойшлуулсан ажээ. Ням гаригт өгсөн шүүх эмнэлгийн шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа юм байна. Цагдаа нарын мэдэгдэж буйгаар Олон улсын валютын сангийн тэргүүн өөрийн буудалласан Манхеттан дүүргийн “Sofitel” зочид буудлын үйлчлэгч 32 настай эмэгтэйг өрөөндөө хорьж, хүчиндэхийг завдсан бөгөөд удалгүй зочид буудлыг яаравчлан орхиж, Парис руу нисэхээр онгоцны буудал руу явжээ.
Өдгөө 62 настай нэртэй улстөрч Доминик Стросс-Кан Францын ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвших рейтинг өндөртэйд тооцогдож байсан. Тэрбээр Францын сэтгүүлч бүсгүйтэй гэр бүл бөгөөд Олон улсын валютын сангийн төв байрладаг Вашингтон хотод амьдардаг ажээ.
Н.Энх