-Тэшигийнхэн эрийн гурван наадмын хүндэтгэлийн цогцолбортой болно–
Манай аймгийн сумдынхан бүтээн байгуулалтын нэлээд ажил өрнүүлэхийн зэрэгцээ хөшөө дурсгал босгох, цэцэрлэгт хүрээлэн, цогцолбор байгуулах санаачлага гаргаж байгаагийн нэг бол Тэшиг сум юм.
Тус сумын төвийн хойхонтой, наадмын талбайн ойролцоох жижиг толгой дээр хурдан морь, хүчит бөхийн хөшөө босгожээ. Шиндэст хүлгийн бүхий л шинж шингэсэн хөшөөг сумын уугуул З.Шагдарын хурдан хээр моринд зориулан урласан байна. Энэ хүлэг 1973 онд ардын хувьсгалын 52 жилийн ойн баяр наадмаар аман хүзүүнд жолоо өргүүлж эхэлснээс хойш сумандаа нийт 15 удаа түрүүлж гурван удаа аман хүзүүнд хурдалжээ. Тэр хугацаанд найман удаа завсаргүйгээр түрүүлсан байна. Өөр нэг онцлог нь 21 насандаа ч гэсэн түрүүлсэн хэмээн хөшөөн дээр бичсэн нь “яс”-ны шандаст хүлэг байсныг харуулжээ. Энэ бүхнийг үндэслэн хөшөөгөөр мөнхрүүлсэн байна.
Улсын заан Дугарын Очирын хөшөөг зодог шуудагныхаа уяа бүчийг чангалан зорьмог эрэмгийгээр зүлэг ногоон дэвжээнээ дэвэн гарах гэж байгаагаар урлажээ. Дорнод аймагт цэргийн алба хаах жилүүддээ босоо хийморьтойгоор зодоглож энэ цолыг хүртсэн түүнийг “Дорнодын босоо азарга” гэдэг, мөн зүүн хязгаарын цэргийн барилдаан болон аймгийн наадмуудад удаа дараа одтой сайн барилдаж байсан тул олон түмний дунд “аварга” хэмээн алдаршжээ хэмээн зарим бөх судлаач бичсэн байна. Тэшиг нутгийн унаган хурдан хүлэг, хүчит бөхийн энэхүү хөшөө босгосон газрыг Шанаган толгой гэнэ..
Тэдгээр хөшөө дурсгалыг сэтгэл санаа, өөрсдийн хөрөнгө санхүүжилтээр шийдвэрлэсэн алдарт уяач З,Шагдар болон улсын заан Д.Очирын үр хүүхэд төрөл садангийн энэ санаачлагыг өргөжүүлэн мөн сурын харвааг билэгдсэн баримал нэмж эрийн гурван наамдын хүндэтгэлийн цогцолбор болгон тохижуулах зорилт тавьж байгаа хэмээн тус сумын ЗДТГ-ын дарга Д.Эрдэнэдалай өгүүлэв.
Эх сурвалж: www.bulgan.gov.mn