Хүний амиар “наадсан” барилгынхан

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Хүний амиар “наадсан” барилгынхан

-Хөдөлмөр хамгааллын талаар наад захын шаардлага хангадаггүй, хүний амиар наадсан барилгынхандаа хариуцлага тооцооч Ц.Баярсайхан сайд аа-

Өнгөрөгч хагас сайн өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар, “Нийслэл өргөө” компанийн барьж байсан барилга дээрээс гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Хэрэг гарсан шалтгааныг мэргэжлийн хяналтынхан барилгын ажлын аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн явдал хэмээн урьдчилан тодорхойлоод байгаа.  Уг нь захиалагч, гүйцэтгэгч нь ажилтныхаа аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөр хамгааллыг дээд зэргээр хангасан бол гурвын гурван залуу зуурдаар амиа алдахгүй байх бүрэн боломжтой байсан.

“Нийслэл өргөө” компанийн хувьд барьж байсан барилга дээрээс нь  хүн унаж амиа алдсан анхны тохиолдол биш гэдгийг хуулийнхан ярьж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар барьж байгаа архивын барилгын ажлыг эхлүүлснээс хойш  хөдөлмөр хамгаалал зөрчиж байна гэдэг асуудлаар мэргэжлийн хяналтынхан олон удаа албан бичиг явуулжээ. Харамсалтай нь, Монгол Улсын хууль тогтоомжоос дээгүүр  танил талтай, мөнгө гэж боддог нөхдүүд тэрхүү шаардлагыг  нохой хуцахын чинээ ч тоогоогүй бололтой юм.  Өмнө нь хүний амийг үхэлд хүргэж байсан гашуун сургамж амссаныхаа хувьд “Нийслэл өргөө” компани аюулгүй ажиллагааны дүрмийг хангах талаар жаахан ч гэсэн анхаарал тавьсан бол ийм эмгэнэлт явдал дахин гарахгүй байсан биз.

Хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Гэвч  урьд өмнөх хэргүүдээс харж байхад хуулийг зөрчдөг томчууд нь мөнөөх л ял шийтгэлгүй үлдэж, хөдөлмөр хамгааллын инженер эсвэл хэн нэгэн хурган даргаа золиосонд явуулах замаар асуудлыг шийдвэрлэх байлгүй. Статистик судалгаанаас харахад 2007 оноос хойш барилгын салбарын осол нэмэгдсэн бөгөөд 2009 он Шастиний нэрэмжит гуравдугаар эмнэлгийн баруун талд барьж байсан барилга дээрээс кран унаж ,12-тай охины амийг бүрэлгэсэн бол Тэнгис кино театрын өмнө баригдаж байгаа барилга дээрээс төмөр унаж 25-тай залуу газар дээрээ нас барсан. Түүний дараа өнгөрсөн өвөл замын хөдөлгөөн оролцож явсан машины дээрээс “Макс” группын  барьж байгаа барилгаас төмөр унаж, жолоочийн амь насанд хүрсэн аюултай явдал гарсныг хүмүүс мартаагүй байгаа.  Эдгээр хэргүүд  цөм хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс болж гарсан. Хэдийгээр хүний амийг санаатай бүрэлгээгүй ч хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж, удаа дараа  бусдын амь насаар “наадаж” байгаа барилгынхны  барилга барих эрхийг нь түр зогсоох төдийхнөөр асуудал шийдэгдэхгүй юм.  Энэ арга хэмжээ тэдний хувьд хүүхдийн тоглоом л гэсэн үг. Тиймээс барилгынханд хариуцлагагы мэдрүүлье гэвэл арай өөр хатуу бодлогоор хамтарч ажиллах ёстой болж байна.  Хэн нэгэн хурган даргыг шоронд явууллаа гээд Монгол Улсын хууль тогтоомжийг худалдаад сурчихсан барилгын эздэд том сургамж болж чадахгүй.  Нөгөөтэйгүүр захиалагч гэдэг шалтгаанаар асуудлаас хуурай гарах нь цөөнгүй. Хэрэв захиалгаар барилгаа барилж байгаа нөхцөлд гүйцэтгэх компанийн аюулгүй ажиллагаанд ч хяналт тавих нь захиалагчийн үүрэг. Тэр утгаар аливаа нэг эрсдэл захиалагчид ч хариуцлага тооцдог бол  гүйцэтгэгч, захиалагчийн хооронд дахь ажлын хяналт, шалгалт сайжирна. Нэг мөнгөө өгсөн, нөгөөх нь тендер авсан гэж хоорондоо  түрийвч нэгдсэн гүйцэтгэгч, захиалагчийг  хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж,  үгэнд орохгүй байгаа том толгойлсон нөхдүүдийн тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг байсан бол барилгын салбарт бугшсан идээ бээр ингэтлээ сагахгүй байсныг хэн мэдлээ. Монголын барилгын салбар мөнгөний төлөө хэт улайрсан,  чанар, стандарт, шаардлага, хууль дүрэм гэгчийг уландаа гишгэсний харгай энэ шүү дээ.  Нэг ч биш удаа дараа хүний амийг эрсдэлд оруулсан “Нийслэл өргөө”-гийн тусгай зөвшөөрлийг цуцлах нь шударга ёсонд нийцэх бус уу.

Нэг жижигхэн цайны газар ялаа нисэх төдийд л  үүдийг лацадчихдаг мэргэжлийн хяналтынхан хүний амь насаар удаа дараа “тоглож” байгаа “Нийслэг өргөө”-гийнхний өмнө хүчин мөхөсдөж буй нь юуны учир вэ.  Мөнгөөр хуулийг, хүнийг, бүхнийг худалдан авч болох ч харамсалтайгаар хагацал амссан аав ээж, алаг үр, амраг ханийх нь сэтгэлд үлдсэн насан туршийн шархыг эдгээж чадахгүй юм.  Тиймээс хуулийг удаа дараа зөрчиж ирсэн барилгынхан салбарынханд хууль дүрэм юу болохыг ойлгуулах ёстой.  Хөдөлмөр хамгааллын талаар наад захын шаардлага хангадаггүй, хүний амиар наадсан барилгынхандаа хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах цаг болжээ,  Ц.Баярсайхан сайд аа.

Монголын нийгэмд, аль салбарт амь бөхтэй оршсоор байгаа танилтай мөнгөтэй хүнд хууль дүрэм үйлчилдэггүй гэсэн ойлголтыг өөрчлөхгүйгээр шинэчлэлт хийгдэхгүй.  Шуудайд хийсэн ялзарсан төмсийг олж хаяхгүйгээр нийгэм цэвэршихгүй. Тиймээс барилгынханд хариуцлага тооцох алхамыг нэг бус хүний амиар наадсан “Нийслэл өргөө”-гөөс эхлүүлье. Тусгай зөвшөөрлийг нь цуцлая, олгосон тендерүүдээ буцаая. Хуулийг зөрчих гэж биш дагаж мөрдөхийн тулд баталдаг биш үү?

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж