Украин: “Нойрноос сэрээсэн хонхны дуу хангиналаа” гэв

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Украин: “Нойрноос сэрээсэн хонхны дуу хангиналаа” гэв

Бид энэ дугаартаа геополитик судлаач, профессор Д.Баярхүүг дахин урихаас аргагүй болж байна. Украинд болж буй үйл явдал гэрлийн хурдаар хэмжигдэхийн дайтай хувьсан өөрчлөгдөж байна. Бүр дэлхийн хэмжээний ноцтой хэрэг явдал тэнд өрнөж байгааг Малайзын агаарын компанийн “Боинг-777” онгоцыг харваж сөнөөсөн явдал гэрчиллээ. Энэ талаар манай сэтгүүлч А.Тулга хэд хэдэн асуулт тавьж хариулт авлаа.

 

 

-Та энэ явдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Бүхэл бүтэн тусдаа өөр нэг улсын иргэний агаарын тээврийн том хөлгийг сүйрүүллээ шүү дээ?

 

-Миний үзэхээр бол Украин дахь зэвсэгт мөргөлдөөн иймдээ туллаа, зэвсэгт мөргөлдөөн хяналтаас гарлаа, зэвсэгт мөргөлдөөнийг урьдчилан хэлэхийн аргагүй боллоо, энэ бол маш  аймшигтай үзэгдэл хэмээн хэлэх байна. Буруу үлгэр жишээ болбол яана? Израиль-Палестины мөргөлдөөнөөс үүдээд Бен-Гурионы аэрпорт хаалгаа барих дээрээ тулаад байна шүү дээ. Зэвсэгт мөргөлдөөн өрнөж буй, иргэний дайн явагдаж буй өөр аль ч улсын агаарын хилд ийм балмад үйлдэл гарахгүй гэх баталгаа байхгүй болж байх шиг. Жишээ нь Иракийг нутгийн үлэмж хэсгийг эзлээд лалын халифатаа зарласан лалын хэт даврагчид,  Сирид өрнөж буй мөргөлдөөнд оролцогч лалын босогчид, жихадистууд тэндхийн агаарын хил дотор олон улсын маршрутаар нисч өнгөрөх өөр нэг улсын агаарын тээврийн хөлгийг ингэвэл юу болох вэ? Ийм жишиг тогтоовол юу болох вэ? Тэр утгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Нойрноос сэрээсэн хонхны дуу хангиналаа” гэж хэлэх шиг боллоо.

 

-Малайзын агаарын компанийн “Боинг-777” онгоц сөнөснөөс үүдэн Донецкийн Ардын бүгд найрамдах улсыг террорист байгууллагаар зарлая гэсэн санал Украины Ерөнхийлөгчийн амнаас гарлаа?

 

-Энд их хачин үйл явдал өрнөж байна л даа. Суртал нэвтрүүлгийн асар том дайн дагалдаж байна. Харилцан хараалын үгсээр шүлсдэх бол энүүхэнд. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Сергей Глазьев гэдэг нөхөр, сарын өмнөхөндөө, 6 дугаар сарын 27-нд нэг айхтар  мэдэгдэл хийсэн. BBC-д ярилцлага өгөхдөө Петр Порошенког шууд нацист гээд нэрлэчихсэн. Украин ба Европын Холбооны хооронд ассоциацын хэлэлцээр байгууллаа гэснийх нь төлөө Глазьев боож үхэх шахсан. Европ нь Украинд энэ хэлэлцээрийг хүчээр тулгав. Тэд Украинд цэргийн эргэлт хийгээд, тэд нацистуудыг засгийн эрхэнд гаргаж ирээд, одоо энэ нацист засгийн газар нь Украины томхон бүс нутгийг бөмбөгдөж байна. Энэхүү нацист  Франкенштейныг би хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн үзэхгүй гэж ирээд л Глазьев ярьсан байдаг юм. Энэчлэн тэрхүү өөрийгөө зарлаад буй “ДНР,  ЛНР бол террорист байгууллага мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон хэмээн” гэж Петр Порошенко мэдэгдлээ. Донецкийн Ардын бүгд найрамдах улс гэдгээс гадна Луганскийн Ардын бүгд найрамдах улс гэдгийг мөн террорист байгууллага гэж Киевт үзэж байна. Украины парламент  буюу Дээд Рада нь олон улсын болон европын засгийн газар хоорондын байгууллагуудад хандаж 7 дугаар сарын 22-нд илгээлт гаргахдаа Донецкийн ба Луганскийн БНУ-уудыг террорист байгууллагад тооцооч гэсэн уриалга дэвшүүлжээ. Киевийн энэ мэдэгдлийг хамгийн түрүүн АНУ-д гол болгон сенсаац дэгдээж, төрийн бодлого болгох тийшээ эргэж байх шиг. АНУ-ын Сенатын Олон улсын харилцааны хорооны (манайхаар бол байнгын хороо) дарга Роберт Менендес, Сенатын Тагнуулын хорооны дарга Дайенн Файнстайн, Зэвсэгт хүчний хорооны дарга Карл Левин  нараар ахлуулсан америкийн нөлөө бүхий хэсэг сенатч Ерөнхийлөгч Б.Обамад захидал бичиж, юуны өмнө тэр ДНР буюу Донецкийн Ардын бүгд найрамдах улс гэдгийг террорист байгууллагаар хүлээн зөвшөөрье хэмээн уриаллаа. Тэгэхдээ тэрхүү ДНР гэдгийн ард ОХУ зогсож байна, тэр сайн дурын босогчдыг нь дэмжиж байна гэдэг үндэслэлээ гаргаж тавьжээ.

 

-Бүхэл бүтэн улсыг тэгж зарлаж болдог юм уу?

 

-Улс орон оршин байхын тулд юуны өмнө зөвшөөрөгдөх ёстой байдаг юм. Тэгэх тусмаа Украин өөрөө зөвшөөрч баймааж нь бусад нь дагаж, тэр нь олон улсын эрх зүйгээр баталгаажиж, олон улсын эрх зүйн субъект болох учиртай. Гэтэл энэхүү ДНР,  ЛНР нь дэлхийд хэнээр ч зөвшөөрөгдөөгүй, өөрсдийгөө л тусгаар тогтносон улс гээд зарлачихсан байгаа. Чухам тэгж өөрсдийгөө тунхагласан улсыг дэлхийн практикт тэгж террорист байгууллага гэж зарлаж байсан тухайд Орост өөрт нь хур туршлага байгаа юм. Олон улсын терроризмоор дагнаж мэргэжсэн   оросын эрдэмтэн Андрей Яшлавскийн ном надад байна. Тэндээс эшлэе. Лалын жихадистууд Умард Кавказад “Имарат Кавказ” гэдэг улсаа зарласан. Тэр “улс”-ын бүрэлдэхүүнд Дагестан, Чечень, Ингушет, Кабардино-Балкар, Карачаево-Черкес гээд ОХУ-ын холбооны субъектууд багтах ба энэ бүс нутгийг хамран сепаратист-террорист,  радикал-исламист зэвсэгт отрядууд нууц тэмцлээ үргэлжлүүлж байгаа аж. Тэгэхлээр нь 2010 онд ОХУ-ын Дээд Шүүх “Имарат Кавказ” гэдгийг  террорист байгууллага мөн гээд зарлачихсан, 2011 онд АНУ-ын Төрийн департамент мөн тэгж зарлаж Оросыг дэмжсэн. Өрнийнхөн бүгд тэр чигтээ “Имарат Кавказ”-ыг террорист хэмээн үзэж байна. ОХУ-ын Дээд Шүүхээс ганц “Имарат Кавказ”-ыг бус цаана нь 19 бүлэг, эвслийг террорист байгууллагын хар жагсаалтад авсан байна.

 

Донецк, Луганскийн “БНУ”-уудын тухайд одоо мэтгэлцээн л явагдаад байхаас Украиныг дэмжиж байгаа нь АНУ л байна. Тэгэхдээ малайзын онгоцны сүйрлээр энэ мэтгэлцээн ажил хэрэг болох замдаа шулуудлаа гэж хэлж болохоор юм. Террорист байгууллагаар зарлагдах магадлал өндөр боллоо. Энэчлэн өмнө нь 2003 онд Афганистанаас хөөгдөж гарсан талибаны дэглэмийг террорист байгууллагаар хүлээн зөвшөөрч байсан. Хар жагсаалтад тэднийг бүртгэсэн. Ер нь ийм террорист байгууллагын хар жагсаалт 1996 онд анх бүртгэгдэж эхлээд эдүгээ үлэмж арвижаад буй. Хэрэв Украины энэ хоёр муж дахь оросын тал баримтлагч бүтэц олон улсын террорист байгууллагаар зарлагдаж тэр нь дэлхий дахинд дэмжигдвэл Аль-Каеда, Ансар аль-Шариа, Жабхат ан-Нусра, Иракийн лалын улс ба Левант, Ирак ба Шамын лалын улс, Боко Харам гэхчлэн лалын голдуу 50 гаруй бүлэглэлийн хар жагсаалтад нэмэгдэж орлоо гэсэн үг.

 

-Малайзын агаарын компанийн “Боинг-777” онгоцны сүйрэлд Оросыг буруутгаад байх шиг?

 

-ОХУ энэ хэргийг үйлдчихлээ гэж одоогоор хэн ч хэлээгүй, хаанаас ч мэдэгдэл хийгээгүй байгаа шүү дээ. ОХУ энэ хэрэгт шууд оролцсон гэх нь эргэлзээтэй. Тийм дээрээ ч тулаагүй байх. Гэвч Дорнод Украин дахь сепаратистуудыг Орос дэмжин тэтгэж байна гэсэн зэмлэл бол Вашингтоны зүгээс бүр төрийн дээд түвшинд хэлэгдэж байгаа шүү дээ. Жишээ нь Жон Керри “Энэ хэрэгт Орос холбоотой. Орос бол сепаратистуудыг дэмжиж байна. Орос бол сепаратистуудыг зэвсгээр хангаж байна. Орос бол сепаратистуудыг хөхиүлэн өөгшүүлж байна. Орос бол сепаратистуудыг сурган бэлтгэж байна” хэмээн 7 дугаар сарын 20-нд мэдэгдсэн бол залгуулаад маргааш нь, 21-нд Барак Обама “Орос бол сепаратистуудад "онцгой нөлөө» бүхий улс. Орос тэднийг өөгшүүллээ, Орос тэднийг сургаж бэлтэглээ, бас зэвсэглэлээ, тэдэнд агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл өглөө, сепаратистуудын удирдагчид нь оросын иргэд байна. Орос, ялангуяа Ерөнхийлөгч Путин шууд хариуцлага хүлээнэ” гэж шууд мэдэгдлээ. Энд ямар нэгэн хөдлөшгүй нотолгоо тэд гаргаж ирээгүй боловч их гүрний улс төрийн их зангарагаараа, бараг зөнгөөрөө ийм мэдэгдэл хийж байгаа болов уу. Суртал нэвтрүүлгийн асар том дайн дагалдаж байна гэж үүнийг л хэлээд байгаа юм. ОХУ ч, Ерөнхийлөгч В.Путин ч олон чухал мэдэгдэл хийсэн. Та бүхэн зурагтаар ОХУ-ын ҮАБЗ-ийн хурлыг харсан байх, тэнд В.Путины ярьсныг энд нурших хэрэггүй. Тэгэхлээр бидний хувьд мэдээллийн энэ олон урсгал дунд тэнцвэртэй байдлыг барих, голыг нь олж дүгнэх нь л чухал юм.

 

-Оросын эсрэг хоригууд ч тоймоо алдлаа. Хэд дэх нь ч болов оо?

 

-АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар Украинтай холбогдсон мэдэгдэл болгондоо “Оросын эсрэг хоригоо улам чангатгана. Шинэ хориг тавина!” гэж ярьсаар тэр нь олон улсыг залхаах, эсвэл улиг болох тийшээ хандаж байх шиг. ОХУ шиг ийм их газар нутагтай, далайд ийм их гарцтай, байгалийн асар их баялагтай улсыг хориг санкцаар буулгаад авна гэдэг юу л бол? Одоо бол ОХУ-ын эсрэг санкцын гурав дахь том давалгаа явагдаж байна. Крымыг Орост нэгтгэснээс хойш шүү дээ. Америкийн сенатч Дэн Коутс  “Оросын эдийн засгийг өвдөг сөхрүүлэхийн тулд бид бүхнийг хийх ёстой. Оросын хөрөнгийн зах зээлийн нурж унахыг бид харж гэрчлэх ёстой. Оросын аль ч бараа таваар, экспорт эрс багасахыг бид өөгшүүлэх ёстой” гэсэн мэдэгдэл дөнгөж саяхан хийлээ. Сөхрүүлнэ гэдэг бол маш ноцтой томъёолол л доо. Чухам тэгж чадах нь эргэлзээтэй. Европыг Оросын эсрэг “хориг тавих атак”-таа АНУ их дайчилж шахаж байх шиг. Британиас өөр АНУ-ыг шууд дэмжсэн нь ч цөөхөн байх шиг. Ерөөсөө Украин-Крымээс болоод Европ дахь хүчний харьцааны гэнэтийн өөрчлөлт дэлхийн бодлогыг савлуулж байна гэх дүгнэлт барууны судлаачид хийж байна. Европт “Стратегийн пауз” бий болчихлоо. АНУ, НАТО, Европын Холбоо, Европ, Өрнө атгасан гар шиг байх нь бүү хэл “Европын антиамериканизм” энэ явдлаар амилах, эсвэл Австри зэрэг жижиг улсууд зөвхөн үндэсний эрх ашгаа (байгалийн хий Оросоос авдаг) гол болговол тэр “сөхрүүлэх тактик” бүтэхгүй л дээ.  Оросын эсрэг “хориг тавих атак”-ийг БРИКС-ийн гишүүн түншүүдээрээ ОХУ эсэргүүцүүлж чадлаа шүү дээ. Дэлхийн Банк, ОУВС-тай зэрэгцэхээр санхүүгийн бүтцийг БРИКС бий болгоно гэж саяхан Бразилд ярилцлаа шүү дээ. Оросын сансрын тандалтын “Глонасс” станцыг Бразилын Пернамбуко, Рио-Гранди-ду-Сул болон Куба, Никарагуад байгуулах Путины санал хэрэгжих нь гарцаагүй боллоо. Кубын Лурдес дэх радиоэлектрон тагнуулын төвөө Орос эргүүлж нээх болж байна гээд геополитикийн дуэль явагдаж байна.

 

-Гэхдээ л Украины хямрал Европыг талцуулсан нь үнэн биш гэж үү?

 

-Тэр “Стратегийн пауз” гэдгийг Европын хуваагдал гэж ойлгож болохгүй. Уламжлалт Баруун Европ нь  Украинаас болоод ундууцаад боож үхээд байгаа юм алга. Харин хуучин социалист хамтын нөхөрлөлд багтаж байсан, СССР-ийн бүрэлдэхүүнд байсан, эдүгээ Европын Холбоо, НАТО руу очоод нэгдчихсэн тэдгээр орнууд л болгоомжлон мэгдэж буй. НАТО Литва, Эстони, Польшид байлдааны нисэх онгоцуудаа байрлуулж эхэллээ гэж аль хавар зарлаж байснаас энэ явдал эхтэй. Польш-Литва-Украины “УкрПолЛитБриг” цэргийн бригад байгуулах санал гарч дэмжигдлээ. Харин үүнд нь баруун европын баахан нацистууд орж ирээд нэг баг болчихно хэмээн оросын зарим ТВ-ээр сэрэмжлүүлсэн нь юу л бол? Донбассын нутаг дэвсгэрт оросын талын ополченц болж зэвсэг бариад үндсэн ажлаа орхисон ажилчдын сул орон тоо, ажлын байруудыг Польшид санал болгож байх шиг. Польш түүнийг нь хүлээн авч таарах байх. Зүүн өмнөд Украины дүрвэгсдийг Польшид хүлээн авах болж байна. Бүр цаашлаад экс-коммунист орнуудыг даваад нэгэн ноцтой алхам хэрэгжиж эхлэх нь байна. Төвийг сахисан Финланд, Швед нь НАТО-той техникийн бэлэн байдлын тухай хэлэлцээр байгуулах гэж байна. Хямралын үед Европ, Европын Холбоо, Умард  Европ, НАТО-гоос туслалцаа хүлээн авахад бэлтгэнэ гэсэн үг. Ямар тусламж вэ? Цэргийн байж таарна. Энэ бол их ноцтой юм.

 

-Крым яах вэ? Энэ чигээрээ Оростоо үлдэх үү?

 

-"Эзлэгдсэн Крым»-ын тухай Украины хууль гэдгийг манайхан үзсэн сонссон байх. Тэнд Крым ба Севастополь хотыг Орост эзлэгдсэн нутаг дэвсгэр хэмээн заасан. Эзлэгдсэн нутгаа чөлөөлж авна гэдэг дээр Киевт үзэл бодол нэгдмэл байх бололтой. Украины “Правый сектор” гэх намын лидер Дмитрий Ярош Дээд Радад хандан “Крымд партизаны дайн дэгдээе. Тэнд крымын татаарууд гэж том хүчин зүйл бий. Энэ дайндаа тэднийг ашиглая” гэсэн санал дэвшүүлж байгаа нь хэрэгжих магадлал бараг байхгүй болов уу. Украины Батлан хамгаалахын сайдаар батлагдахдаа Дээд Радад хандан генерал Валерий Гелетей “Украины Севастопольд ялалтын парад хийе” гэсэн нь ч хэрэгжих магадлалгүй. Дайтаж цус урсгаж Крымыг чөлөөлж авна гэдэг бүтэшгүй. Тэгэх тусмаа Луганск, Донецк, Горловк, Крым дэх Бахчисарайн төлөө НАТО, АНУ-аас хэн нь ч үхэхийг хүсэхгүй байгаа гэдгийг эрхбиш Киевт ойлгож байгаа. Крым дээр өөр ямар хувилбар байна вэ? Энд оросын сайтаас эшлэе. Крымын татааруудын удирдагч Мустафа Жемилевийн саналыг оросын эрдэмтэн тайлбарласан байна. Геническ нийслэлтэй Крым–Херсонск мужийн шинэ нэгж байгуулж, Украины Херсонск мужийг Крымд нэгтгэх маягаар Крымээ эргүүлж авах ажээ. Крымын нийслэлийг ийнхүү шилжүүлснээр Украинд эргүүлж авах нөхцөл бүрдэх гэнэ. Чингэхдээ  Межлис (крымын-татааруудын албан бус парламент) цаашид оршсоор байх хэрэгтэй. Үүнд Гүржийн туршлагыг Крымд хэрэгжүүлэх ёстой хэмээн Мустафа Жемилев үзсэн байна. Абхазын автономит БНУ-ын Засгийн газар, Өмнөт Осетийн Түр засаг захиргаа  (нэг үгээр хөөгдмөл Засгийн газар) одоо болтол оршсоор байдаг ба Гүржийн туршлагаар бол Өмнөд Осет нь одоо хүртэл Гүржийн Шида Картли гэдэг бүс нутгийн бүрэлдэхүүнд буй аж. Мустафа Жемилев бүр ноцтой прогноз энд дэвшүүлж, Орост сануулга өгчээ. 1979 онд Зөвлөлт Холбоот Улс Афганистанд цөмрөн орсны дараа олон улсын санкц СССР-ийн эсрэг тавигдаж, 10 гаран жил үргэлжилсний дараа СССР задран нурсан. Тэгвэл эдүгээ үйл явдал бүр ч эрчтэй өрнөж байна. Хэдхэн сар өнгөрч байна шүү дээ хэмээн Мустафа ярьжээ.

А.ТУЛГА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж