Марафонч Гебреселассиегийн амжилтын нууц

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Марафонч Гебреселассиегийн амжилтын нууц

Өнөө цагийн холын зайн хамгийн хурдан гүйгч гэх албан бус нэртэй Хайле Гебреселассие хүсэл тэмүүлэлтэй, амбицтай, бас хэрхэн амжилтад хүрэхээ мэддэг. Мэддэг ч гэж дээ, мэдэрдэг гэвэл илүү тохирох байх. Бараг 20 жилийг ардаа үдсэн спортынхоо замналд тэрбээр олимпийн наадамд хоёронтоо түрүүлж, дэлхийн аваргаар дөрвөн удаа өргөмжлүүлсэн нэгэн. Түүнчлэн марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшсэн хэвээр. Гебреселассие Бээжингийн олимпийн үеэр хоёр цаг, гурван минут, 59 секундын амжилт гаргаж, өөрийнхөө тогтоосон дээд амжилтыг эвдсэн билээ. Түүний энэ агуу амжилт зөвхөн спортоор хязгаарлагдаагүй. Тэр Этиопын хамгийн амжилттай яваа бизнесменүүдийн нэг төдийгүй улсдаа Hyundai корпорацийн автомашины цорын ганц импортлогч нэгэн. Мөн түүний эзэмшилд нийслэл хотод гэхэд л хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө, фитнесс клуб байдгаас гадна саяхан Хавасса нуурын эрэгт шинэхэн зочид буудлынхаа үүдийг нээгээд буй.

Харин одоо тэрбээр мэдлэгтээ тулгуурлан дэлхийн залуу тамирчдын дунд спортын гайхамшиг, олимпизмийн үзэл суртлыг дэлгэрүүлэх үйлст хүчин зүтгэхээр болжээ. Тэр өөрөө ч Лондонгийн олимпод хурд сорих төлөвлөгөөтэй аж.
Гебреселассиегийн хэлдгээр аливаа амжилт гэдэг зөвхөн авьяас чадвараас хамаарахгүй. Тухайн хүнээс хичээл зүтгэл, сахилга бат шаарддаг гэнэ.
Өдгөө 38 настай энэ залуу Этиопын нийслэл Аддис Абаба хотноо аж төрдөг. Тэрбээр чухам ямар учраас, ямар хүчин зүйл түүнийг удаан хугацаанд “оргилд” зогсоож байсан тухайгаа хүүрнэжээ.

Ямагт өөрт байгаа бүхнээ зориул

Гебреселассие өөрийнхөө амжилтыг гурван үндсэн зарчимтай холбон тайлбарладаг, үүрэг хариуцлага, сахилга бат, хичээл зүтгэл. “Ямар ч салбарт амжилт гаргахыг хүсч байвал энэ гурван зүйлийг ягштал баримтлах хэрэгтэй, гэхдээ зөвхөн миний хувьд шүү дээ” хэмээн тэрбээр ярих дуртай. Өөрөө ч үүнийгээ өдөр тутмын амьдралдаа баримталдаг гэнэ. Өглөөний 5.30 гэхэд тэр хэдийнэ босчихсон, бэлтгэлийнхээ хөтөлбөрийн дагуу цэнгэлдэх тойроод, эсвэл гэрийнхээ ойролцоох ой дундуур гүйж байдаг. 9.00 цаг гэхэд ажлынхаа өрөөнд ирж, ажлаа эхлүүлдэг. 17.00 цаг хүртэл идэвхтэй ажилласны эцэст дахин хоёр цаг бэлтгэлээ хийгээд эхнэр, хүүхдүүд рүүгээ яарсаар гэрийн зүг алхдаг аж. Тэрбээр хийж буй бүхий л зүйлдээ урам зоригтой, хүсэл тэмүүлэлтэй ханддаг гэх. “Би шаргуу хөдөлмөрлөдөг. Өглөө таван цагт зөвхөн гүйхийн тулд л босдог гэж бодож байвал үгүй шүү. Энэ миний амжилтын үндэс шүү дээ” хэмээн Гебреселассие ярьжээ.

Мөнгө бол зорилго биш

Гебреселассиегийн хувьд санхүүгийн асуудал гэдэг цорын ганц учир шалтгаан биш. “Мөнгө бол амьдралын хамгийн чухал зүйл биш. Илүү сайн байж, бусдаас өрсч алхаж, тэмцэхийн тулд бүхнээ дайчлах хэрэгтэй. Мөнгө бол дараагийн асуудал. Зөвхөн мөнгөний төлөө, мөнгө олох гэж л төлөвлөж байгаа бол тун удахгүй чи нурах болно” хэмээн тэр ярьжээ. Мөн тэрбээр “Ганцхан шөнийн дотор чи амжилтад хүрч чадахгүй. Илүү их хичээж, хөдөлмөрлөх тусам илүү их үр дүн авчирна” гэдэг.

Өөртэйгээ тэмц

Уралдааны талбарт хурдалж байх үедээ тэр бусад тамирчид яаж байгаа бол гэж огтхон ч боддоггүй гэнэ. Харин тэр өөртэйгээ тэмцэлдэж байдаг. “Би номер нэг, эсвэл хоёрт, гуравт байх ёстой гэж боддоггүй. Бас би энэ уралдаанд заавал түрүүлэх ёстой ч гэж боддоггүй. Харин хурдан гүйх ёстой гэдгээ л мэддэг” хэмээн Гебреселассие ярьжээ. Мөн тэрбээр “Уралдаан гэдэг бусад тамирчидтай өрсөлдөхийн нэр биш. Харин ч чи цаг хугацаатай, өөртэйгээ тэмцэж буй хэрэг. Энэ магадгүй миний давуу тал байх. Бусдыг биш, өөртөө анхаарлаа хандуулах нь зүйтэй” хэмээжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж