“Ралли Монголиа” найм хоног үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

“Ралли Монголиа” найм хоног үргэлжилнэ

“Ралли Монголиа 2014”, автомашин, мотоциклын холын зайн олон улсын уралдаан наймдугаар сарын 10-17-нд болох гэж байна. Уралдааныг энэ жил Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болжээ. Уралдааны үеэр мотоциклийн ангилалд Монголын таван бүсгүй оролцохоор бүртгүүлсэн аж.

Японы SSER байгууллагаас Монголын автомашин, мотоциклийн спортын холбоотой хамтран Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаан найм хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжилдэг юм. Уралдаан энэ жилийн хувьд Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт болно.

“Ралли Монголиа” мотоциклийн олон улсын уралдааныг 1995 оноос хойш жил бүр уламжлал болгон явуулахдаа ихэвчлэн говийн бүсэд голлон зохион байгуулж иржээ. Монголын эрэгтэй тамирчид уг тэмцээнд идэвхитэй оролцож, мото ангилалд 10 удаа, авто ангилалд 8 удаа аваргын цом хүртэж байсан юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ихэвчлэн гадны тамирчид өрсөлддөг байсан бол өнгөрсөн жилээс Монголын бүсгүйчүүд анх удаа өрсөлдөх болж, “Ралли Монголиа-2013” тэмцээний авто ангилалд н.Янжмаа, мото ангилалд Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг нар оролцсон юм.

Тэгвэл энэ жилийн хувьд уг уралдааны мотоциклын ангилалд Монголын таван бүсгүй бүртгүүлээд байгаа ба “Монголын эмэгтэй мотоциклчдын бүлгэм”-ийн тамирчин Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг, Г.Батцэцэг нар болон “Эко мотоспорт” аялалын клубын тамирчин Ундрал нарын зоригт бүсгүйчүүд “Ралли Монголиа" уралдаанд өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа базааж байна.

Сонирхуулахад, “Монголын эмэгтэй мотоциклчдын бүлгэм” (MЭМБ) нь 2013 оны долдугаар сард байгуулагдсан ба Монголын мотоспортын уралдаан, тэмцээнүүдэд албан ёсоор эмэгтэйчүүдийн ангиллыг бий болгоход түлхэц үзүүлэх, эмэгтэй тамирчдыг бэлтгэх, цаашлаад ОУ-ын чанартай мотоциклын уралдаануудад Монголын эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг юм. МЭМБ-ээс Монголын анхдагч эмэгтэй ралли тамирчдыг төрүүлж, “Ралли Монголиа 2013” ОУ-ын холын зайн уралдаанд хоёр тамирчин уралдуулан, “Монгол Ралли Тиссот 2013” УАШТ-ээс тусгай байрын шагнал, “Мастер Ралли 2014” уралдаанд анхны эмэгтэй тамирчнаа оролцуулсан зэрэг ахиц, амжилтыг үзүүлээд байна.

Эр зориг, хурд хүч, тэвчээрийн спортоор хичээллэж буй зоригт бүсгүйчүүдээ дэмжихийг хүсч байна.

Б.БАЯСАХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж