Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Тэрээр өчигдөр үдээс хойш Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн юм. Айлчлалын хүрээнд яг одоо Гадаад харилцааны сайд Л.Болд, Канадын Гадаад харилцааны сайд Ж.Бэйрд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улс, Канад улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар ярилцаж байна.
Дээрх арга хэмжээ өндөрлөсний дараа Канадын Гадаад хэргийн сайд УИХ-ын дэд дарга М.Энхболдод бараалхана. Мөн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Айлчлал энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
Канад улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрдын тухай товч танилцуулахад, 1992 онд Хатан хааны Их сургуулийг улстөр судлалын чиглэлээр дүүргэсэн, 2006 онд анх Нийтийн Танхимд сонгогдсон, 2008, 2011 онуудад дахин сонгогдсон юм байна. Дээрх хугацаанд буюу 2008-2010 онд Тээвэр, дэд бүтэц, харилцаа холбооны сайд, 2010-2011 онд Байгаль орчны сайд, 2011 оны тавдугаар сарын 18-ны өдрөөс Гадаад хэргийн сайдаар томилогдон ажиллаж буй ажээ.
Г.НАРАН